Дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, манай улс эмийн хэрэглээнийхээ 70-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж.

Иймд зарим эмээ хөнгөлөлттэй үнээр авах болдог ч нэн шаардлагатай эмнүүд дээрх хөнгөлөлтөн дунд байдаггүй хэмээн иргэд шүүмжилдэг. Тэгвэл энэ сараас жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд багтсан бөгөөд энэ сарын 15-наас өрхийн эмнэлгүүд хөнгөлөлттэй олгохоор болсон юм. Түүнчлэн элэгний вирусийн эсрэг таван төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авахаар болсон. Гэхдээ эдгээр эмийг "Эмийн сан" бүр олгохгүй. Тодруулбал, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас тодорхой шалгуураар "Эмийн сан"-гуудыг сонгоно.

Хэвлэлтийн зардлаас болж олон мянган даатгуулагчид нэн шаардлагатай эм тариагаа хөнгөлөлттэй үнээр авч чадахгүй хохирч үлдэх гээд байна

Шалгуур хангасан "Эмийн сан"-гууд даатгалын хөнгөлөлттэй үнээр олгож байгаа гэдэг тэмдэг, тэмдэглэгээг иргэдэд ил харагдах газар байршуулна. Ийм "Эмийн сан"-гуудаас дээрх эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Иргэдийн хувьд дээрх эм бэлдмэлүүдийг Эрүүл мэндийн даатгалаа ашиглаж, харьяа дүүргийн өрхийн эмнэлгээр дамжуулан сар бүр цөөн тооны эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авч болдог. Хөнгөлөлттэй эмийн жорын хуудас гээд ногоон өнгөтэй жорын маягт байдаг аж. Тэгвэл сүүлийн үед дээрх жорын хуудас дууссан тул иргэдэд жороор эм олгохгүй байгаа гэх болов. Бид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хоёр өрхийн эмнэлэг руу залган жорын маягтаар эм олгож байгаа талаар асуутал олгож байгаа гэсэн юм.

Гэхдээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх жорын маягтыг хэвлүүлэх зардлыг гаргадаг. Төсөв мөнгө хүндрэлтэй байгаа энэ цагт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрынхан дээрх жорын маягтаа өрхийн эмнэлгүүд өөрсдөө хэвлүүл гэж шаардаж байгаа. Ингэсэн тохиолдолд өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт хүндрэлтэй болох юм. Одоогийн байдлаар жорын маягтыг хэвлүүлэх зардлыг олгооч гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьсан. Хараахан хариу ирээгүй байгаа” гэнэ.

жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд багтсан бөгөөд энэ сарын 15-наас өрхийн эмнэлгүүд хөнгөлөлттэй олгохоор болсон

Хэрэв яамнаас төсөв байхгүй гэсэн хариу ирвэл, өрхийн эмнэлгүүд мөнөөх ногоон цаасыг өөрсдийн санхүүжилтээр хэвлүүлэх болж байгаа юм. Гэхдээ тэд чадах уу?

Чадахгүй бол хэн хариуцах нь тодорхой бус байна. Хэвлэлтийн зардлаас болж олон мянган даатгуулагчид нэн шаардлагатай эм тариагаа хөнгөлөлттэй үнээр авч чадахгүй хохирч үлдэх гээд байна.

Т.Буянаа