МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит  киноны Түвшингийн дүрээр  үзэгчдэд танигдсан жүжигчин  П.Баттөрийг бид хэдийнэ таних болсон.

Тэрбээр их  сургуулиа төгссөн жилдээ  УДЭТ-т шалгалт өгч тэнцээд,  2008 онд тус театрт орж ажиллах болжээ. Тэнд дөрвөн жил  ажиллаад өнгөрсөн онд чөлөөт уран бүтээлч болж театраасаа гарчээ.

Жүжигчин П.Баттөр  реклам, клипэнд тэр бүр тоглоод байдаггүй.  Харин дуучин  С.Нарангийн “Чамдаа”  дууны клипэнд топ модель  Э.Одгэрэлтэй хамтран тоглосон байдаг. Тус клип нь өнгөрсөн жил оны шилдгээр шалгарсан юм.  Саяхан тэрбээр мөн л дуучин С.Нарангийн “Running to you” хэмээх  дууны клипэнд жүжигчин  Ц.Алдармаатай  хамтран  тогложээ.

Тэрбээр эрүүл бие,  зөв үзэл бодол залуу насны гангараа хэмэн үздэг.  “Өдөр бүрийг  үр дүнтэй  өнгөрүүлэхгүй  бол залуу нас  богинохон. Залуу  насандаа үнэ тэй  байр, машин гээд  эд хөрөнгийн  хойноос  хөөцөлдөхөөс  илүү өөрийнхөө  дуртай ажлыг  хийж, хүсэл  мөрөөдлийнхөө  төлөө л амьдрах  хэрэгтэй” гэсэн зарчимыг баримталж явдаг аж.  Хөгширсөн  хойноо эргээд  харахад  бүтээсэн  зүйлтэй байвал  сайхан санагддагаа ч онцолжээ.

Мөн түүнийг спортлог, булчинлаг бие нь чимдэг хэмээн олон хүн хэлдэг. Тиймдээ ч жүжигчин маань спорт бол хүнд  бие болоод сэтгэлийн хат  суулгадаг учраас би өдөр бүр  спортоор хичээллэдэг хэмээн ярижээ.  Эрүүл  биед саруул ухаан оршихоос  гадна бас саруул ухаанд эрүүл  бие оршино гэж боддог гэнэ.  

Б.Хорлоо