Улсын хөрөнгөөр баригдах усан спортын барилгын газар яагаад хувийн компанийн эзэмшилд очив
2016/04/18
Увс аймгийн Улаангом суманд спорт цогцолбор барих шийдвэр 2012 онд гарч, тухайн оны улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг суулгажээ. Гэтэл уг барилгын ажлыг царцаасан бөгөөд одоо тэнд нь хувийн компани орон сууцны барилга барихаар зэхэж байгаа юм байна. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг барилгын зураг төсөл нь бэлэн болчихсон ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь хойшилсоор байгаа аж.
Хамгийн гол нь Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн уг хувийн компанид эл газрыг олгочихсон байгаа юм байна. Усан спорт цогцолбор барихаар зураг төсөл баталчихсан байхад Засаг даргын захирамжаар түрий барин хэсэг компаниуд барилга барих гэж байгаа байдлыг Увс аймгийн спортод элэгтэй залуус эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, гэр барин тэмцэж байгаа ажээ.
Аймгийн удирдлагууд болоод барилгын компаниуд залуусын шаардлагыг хүлээн авч газрыг зориулалтаар ашиглах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээр болсон байна.
Монгол улсын баруун хязгаар болох увс аймаг нь 2012 оны хүн амын тооллогоор 74000 мянган хүн амтай байсан бөгөөд аймгийн төв Улаангом хотод 25000 гаруй хүн ам амьдардаг гэсэн судалгаа гарсан байна.
Тиймээс 2012 онд тухайн үеийн аймгийн удирдлагууд хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад спортын өндөр амжилт гаргахад зориулан Усан спорт сургалтын төвийг бариулахаар, аймгийн төвд газрын асуудлыг шийдвэрлэн, барилгынхаа зураг төсөл болоод шаардлагатай бүх зүйлсийг бэлэн болгоод зогсохгүй төсөв мөнгийг нь улсын төсөвт суулгуулсан байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл баригдахгүй байсаар эцэс сүүлдээ ийнхүү газраа алдахад хүрчээ. Магадгүй АН-аас сонгогдсон Засаг дарга суудлаа өгөхөөсөө өмнө энэ мэт газрыг өөрийн дураар өөр бусдад шилжүүлж, ашиг сонирхолын хонжоо хайсан байж болох юм.
Н.Ганаа
Зочин · 2016/04/18
nice
m · 2016/04/18
увсынхан яагаад дуугүй бгаад бгаан бэ даварсан засагаа шүүхэд өгөөч