Оюу толгойн ТУЗ-ийн ши­нэ гишүүдийн  нэрс  тодорхой болчихлоо. Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүний хоёр нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Удахгүй Н.Багабанди өргөд­лөө өгнө гэж хэвлэлээр мэ­дээлж байгаа. Ямартай ч ТУЗ-д шинээр томилогдох гурван гишүүний нэрс баттай болжээ. 

"Эрдэнэс Оюу толгой" ком­панийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яам­­­ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, "Эрдэнэс МГЛ" компанийн дэд захирал Г.Тэмүү­­лэн нарын хэн нь хэн бэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд ороод ир­лээ. Ингээд хэн нь хэн бэ гэдэг асуултад хариу боло­хоор мэдээллээс хүргэе.

Уул уурхайн яамны Стра­теги, бодлого төлөв­лөл­тийн газрын дарга Ч.От­гочулуу: Улаанбаатарын уугуул. "Монгол Бизнес" дээд сургуулийн менежментийн ангийг 1999 онд төгссөн. "Удирд­лагын сэтгэл зүй" гэ­сэн сэдвээр бакалавр хам­гаалж байж. 2003 онд Дрез­ден хотын Техникийн их сур­гуульд  Улс ардын аж ахуй  мэргэжлээр фордиплом  ав­чээ. Бакалавр авсан гэсэн үг. Дараа нь Франкфуртийн их сургуульд эдийн засгийн мэр­гэжлээр суралцаж 2006 онд "Мөнгөний бодлого" гэсэн сэдвээр мастерын цол хам­гаалсан байна.  Оюутан үедээ Залуу эдийн засагчдын клуб байгуулан ажиллаж бай­жээ. Эдийн засгийн чиглэлээр хурал, чуулган зохион бай­гуулахаас эхлээд зүгээр суу­даг­гүй, ер нь л их идэвхтэй оюутан байж. Даймлер Крайс­­лер корпорацийн Дрез­ден дэх салбар, "Мерседес Бенз"-д дадлага хийж байсан гэдэг. 2007 оноос "Хас" бан­кинд эдийн засагч, судлаа­чаар ажилласан. 2008 онд блог нээж эдийн засгийн чиг­лэ­лийн нийтлэл энэ тэрээ  идэвх­тэй тавьдаг байж. Бло­гоос нь түүх сонирхдог нь харагддаг. Уул уурхайн яа­манд очихоосоо өмнө Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн зөв­лөх хийж байгаад Өрсөлдөх чадварын судалгааны тө­вийн захирлаар багагүй хугацаанд ажилласан. Түү­нийг энэ тө­вийг удирдаж бай­хад Монгол Улс анх удаа өрсөлдөх чад­варын тайлан­тай болж байв. Өнгөрсөн жилийн эдийн зас­гийн фору­маар Ерөнхийлөгч  энэ ажлыг нь үнэлж, чуулганд ирсэн хөрөнгө оруулагчдад танил­цуулж байсан юм. Ер нь бол тэр эдийн засаг судлаач хүн. Гэхдээ Оюу толгойтой хийж буй хэлэлцээрийн гол ажлыг нугалсан хүний нэг гэгддэг. Сүүлийн жил хагас Оюу тол­гойтой ноцолдсон хүн гээд ойлгочихож болно. Цагаан сарын өмнөхөн Зас­гийн га­зар дөрвөн сайдаас бүрдсэн том ажлын хэсэг гар­гаж "Рио"-той учраа ололц  гэж хэлэлцээрийн ширээний ард суулгаж байсан даа. Яг энэ үед ЭЗХЯ, Сангийн яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг гэж гарч байв. Дэд ажлын хэсэг хэлэлцээ хийх ажлын голыг нугалсан байдаг. Сайд  нарын хувьд тэдний ажлын үр дүн, танилцуулсан  мэдээлэл дээр тулгуурлаж улс төрийн шийдвэрээ гаргаж байв. Хэ­лэлцээрийн гол ажлыг нугал­сан дэд ажлын хэсгийн ах­лагч нь Ч.Отгочулуу. Тэгэхээр уул уурхайн туршлагагүй ч ажлаа мэддэг болсон нэгэн гэсэн үг. Гэхдээ түүнд хандсан нэг шүүмжлэл байдаг. Уул уурхайн салбарынхан Ч.Отго­­чулууг  "Монгол Улсын өрсөлдөх чадварыг ярьж, тайлантай болгосон ч уул уурхайг өрсөлдөх чадваргүй болгосон хүн" гэж шүүмжлэх нь бий. 

"Эрдэнэс МГЛ" компа­нийн дэд захирал Г.Тэмүү­лэн: Хотын унаган иргэн. Америкт мастер хамгаалсан. Олон нийтийн дунд "Эрдэ­нэт"-ийг удирдаж байсан Ган­зоригийн хүү, моринд хор­хойтой гэдгээрээ илүү сайн танигдсан энэ залууг Засгийн газарт байгаа эрхмүүд дун­даа Оюу толгойн "амьд номын сан" гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээ бай­гуу­ла­хад гардаж оролцсон Д.Зоригт, С.Баярцогт нарыг оруулахгүйгээр яривал Оюу толгойг хам­гийн сайн мэдэх хүн гэж онцолдог юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс л асуудлын гүн рүү ор­сон, Оюу толгой дээр хамгийн урт хугацаанд ажилласан хүн. "Оюутолгой" төсөлд Мон­голын талын байр суурийг хамгаалж байгаа гол хүн гэх нь ч бий. Да.Ганболд, Ч.Отгочулуу хоёртой харь­цуулахад залуу хүн, ажлын гараагаа эхлээд удаагүй бай­гаа гэдэг утгаараа түүний талаар үүнээс өөр мэдээл­лийг одоо­хондоо хэлэх боломжгүй байгаа. 

"Эрдэнэс Оюу толгой" компанийн гүйцэтгэх захи­рал Да.Ганболд: АН-ын ли­де­рүүдийн нэг. Сайн эдийн засагч.  Москвагийн Улсын их сургуулийг улс төр, эдийн засгийн ухааны мэргэжлээр төгсч тэндээ эдийн засгийн ухааны докторын зэрэг хам­гаалсан. 1979-1990 онд  МУИС, Улс төрийн дээд сур­гуульд эдийн засгийн багш, 1990 оны долдугаар сард Ардын их хурлын депутат, 1990 он есдүгээр сард Улсын бага хурлын гишүүн, 1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-1996, 1996-2000 онуудад  УИХ-ын гишүүн, 2004-2008  онд Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Нийс­лэлийн Засаг даргын үйлд­вэр­лэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор ажил­лаж байсан. 1996-1999 онд УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооны дарга байсныг нь онцлох учиртай. "Эрдэнэс Оюу толгой"-н гүй­цэтгэх за­хир­лаар томилог­до­хоосоо өмнө Монголын зана­рын ассоциацийн тэргүүний алба хашиж, занарын чиглэ­лээр ажиллаж байсан. Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг тө­лөө­лөхөд мэргэшил, чадва­раа­раа гологдохгүй хүмүү­сийн нэг. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан он жил, туршлагыг нь харсан ч өөлөх зүйлгүй эрхэм. Энэ албанд томилогдоод ихийг амжуулах байх гэсэн хүлээлт олон хүнд бий.  

Уул уурхай хувьд шилжи­хээс өмнө, ерээд оноос ли­бериал эдийн засаг ярьдаг байсан улстөрчдийн нэг. Эдийн засагт төрийн орол­цоо бага, хувийн оролцоо жин дарж байж  эрүүл хөгжи­нө гэдгийг ардчилсан хувьс­гал эхлэх үеэс ярьж, энэ тог­толцоог бүрдүүлэхийн төлөө туйлбартай зүтгэсэн хүн. Хувьч­лалыг эхлүүл­сэн хүмүү­сийн нэг. Уул уур­хайг эдийн засгийн талаас нь хөгжүү­лэ­хэд, энэ салбарын эдийн засагт нөлөө үзүүлэхээр том төслийг урагшлуулахад  Да.Ганболдын гэх жинтэй  алхам хийгдэх байх. 

Одоогийн ТУЗ-д байгаа эрхмүүдийг эдийн засгийн биш гэж шүүмжилдэг. Харин ТУЗ-ийн шинэ гишүүд гур­вуулаа эдийн засгийн чи­гийнх. Тэгэхээр ийм шүүмж өрнөхгүй гэсэн үг. Хоёр нь Оюу толгойн  талаар нэлээд мэдээлэлтэй  залуухан эдийн засагчид, Да.Ганболдын хувьд шийдвэр гаргах түв­шинд олон жил ажилласан, эдийн засгийг макро түвшинд нь харж чаддаг туршлагатай, мэргэшсэн эдийн засагч. Бие биеэ нөхөөд ажиллачихаж болохоор бүтэц гэж харагдаж байна.

"Оюу толгой" тойрсон то­мил­­гоо үүгээр дуусахгүй. Тус компанийн  Ерөнхийлөгч бө­гөөд гүйцэтгэх ерөнхий захи­рал Камерон МакРейн орыг залгах хүний нэр тодор­хой болжээ. Шинэ захирлыг энэ сарын 10-нд хуралдах ТУЗ-ийн хурлаар батлах болол­той. Одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байна. 

Гадаадын хэвлэлүүдээр Монголын Засгийн газар "Рио"-той Оюу  толгой дээр зөвшилцөлд хүрэхийн тулд Тони Блэйрийг зөвлөхөөр авсан талаар мэдээлэл ца­цагдаж байгаа. Түүнийг Мон­голд нууцаар айлчилж Оюу толгойн гол асуудлуудыг яаж шийдэхийг зөвлөнө гэх мэ­дээлэл бий. Юутай ч Блэй­рийн компани Монголд ороод ирсэн гэнэ. Ажилтнууд нь энд тэнд уулзалт зохион байгуу­лаад яваа аж. Засгийн газар Блэйрийн сантай хамтран ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ноён Блэйр манай улсад зөвлөгөө өгөх нь тодорхой болжээ.

Мөн гадны хэвлэлээр ца­цаг­­даж байгаа өөр нэг мэдээ­лэл бол Засгийн газар Оюу толгой төсөл болон гадаадын хөрөн­гө оруулалтын асууд­лаар хэлэлцэх ажлын хэсэг бай­гуулах асуудал. Энэ ажлын хэс­гийг ЗГХЭГ-ын дэд дар­гаар ажиллаж байсан Г.Дэнзэн ахална гэх мэдээ­лэл гадаад ертөнцөд цацаг­даад байгаа. Засгийн газрын зү­гээс энэ талын албан мэ­дээ­лэл өгөөгүй. Тийм шийд­вэр гараагүй гэсэн мэдээл­лийг өгөөд буй. Хэрвээ энэ мэдээ­лэл үнэн бол Г.Дэнзэн энэ албанд аль ч талаараа тэн­цэхээр хүн биш гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.     

Тони Блэйрийн хувьд Оюу толгойгоос гадна эдийн зас­гийн бусад асуудлаар ч ма­найд зөвлөгөө өгнө гэсэн мэдээлэл бий. Засгийн зүгээс ч хэд хэдэн салбартаа зөв­лөгөө авна гэсэн мэдээллийг өгөөд байна. Гэхдээ Оюу тол­гойн асуудлаар зөвлөгөө авахгүй гэсэн албаны байр суурийг Засгийн газраас өгөөд буй. Ер нь сүүлийн үед өрнөж буй үйл явдал, ца­цагдаж байгаа мэдээллээс харахад "Рио"-той учраа олол­цоход түүний зөвлөгөөг авах магадлал өндөр байна. Албани, Ка­захс­тан, Кувейт, Колумб, Бра­зил, Катар зэрэг олон орны Зас­гийн газарт зөвлөхөөр ажил­ласан Тони Блэйрийн зөвлөх багийнханд Оюу тол­гойгоос бусад асуу­дал дээр бүрэн итгэл үзүүлж болох юм. Оюу толгойн ту­хайд Тони Блэйр Английн Ерөнхий сайд байсан, Рио Английнх гэдэг холбоог Зас­гийн газар ан­хаар­лынхаа гадна үлдээхгүй байх.

Ц.БААСАНСҮРЭН