Далд засаглал
2016/04/26
Өнөөдөр улс орон эмх замбараагаа алдаж, эрх баригчид дураараа дургиж, хуйвалдаж, өрсөлдөгчдөө даран сөнөөж, дайтаж байна. Адгийн заваан үйл явдлууд шил шилээ даран үргэлжилж буй учир жирийн хүн түүнийг “гүйцэж” ухаарч амжихгүй байна. Монголчууд “хөшигний цаана” болж буй үй түмэн хуйвалдааны мөн чанар, агуулгыг огт ухаарахгүй байна.
Шууд хэлэхэд Монгол Улс дарангуй дэглэм рүү шилжиж байна. Эрх баригчид эрээ цээрээ алдаж, “гудамжны зодоонд” шилжиж байна. Монголчууд бид энэхүү “заваан зодоонд” оролцохын оронд түүний учир шалтгаан, сэдлийг ухаарах ёстой гэж бодож байна.
Бичих агуулга хэтэрхий их бөгөөд өргөн тул эхний удаад энэхүү адгийн дэглэмийн тайзан дээр хэн хэнтэйгээ, хэрхэн хуйвалдаж, нэгнээ араас нь хутгалж байгаа болон “урт хутганы шөнө”, “варфоломейн шөнийн аллага” хэрхэн өрнөж байгаа талаар бичсэн эхний өгүүллээ толилуулж байна. Удаах өгүүллийг өнөөдөр, амжихгүй бол маргааш өглөө гэхэд нийтлэхээр бэлтгэж байна…
Их тэнгэр-2
АН-ын дотоод зөрчлийн эх сурвалж Их тэнгэрт эхлээд Их тэнгэрт дэвэрч байна. Анхны зөрчил нь мөн л Их тэнгэрт виски хувааж уухаар эхэлсэн бөгөөд вискигээр байлдаад төгссөн. Саяын уулзалт ч энэ сценариар өрнөжээ. Энэ зөрчлийн цаана “Таван толгой” байсан юм.
Сонины залруулгыг яг нийтэлсэн зайнд нь гэдэг шиг эхний зөрчлийг зохицуулах удаахь уулзалтыг яг Их тэнгэрт эхлүүлсэн ч бас л бүтэлгүйтлээр төгсчээ. Эцэстээ бүтэлгүйтлээ энэ уулзалтыг санаачилсан намын дарга руугаа чихэх гэж үзэж байна. Яагаад намын дарга хүмүүсээ цуглуулж ярилцаж болдоггүй юм ?! Та нар их зүйл хийсэн, гэхдээ ганцхан хүн л наадахийг чинь баллаад байна гэж гишүүд нь захижээ. Тэр хүн бол Ц.Элбэгдорж байсан юм. Тиймээс тэр АН-ын хуралдаанд очоогүй ба харин ч ахиж цуглахгүй болтол нь хорсолдуулаад үдсэн юм.
Өнөөдөр АН дахь хүчний хуваагдлыг тооцвол албан тушаалын дарааллаар З.Энхболдын “Шонхор”, Х.Баттулгын “МоАХ” фракц нэг бүлэг, Н.Алтанхуягийн толгойлсон нэг бүлэг, Ц.Элбэгдоржийн толгойлсон Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү нарын оролцоотой нэг бүлэг болчихоод байна.
Г.Батхүүгийн “Шунхлай” групп “Энержи ресурс”-т хувьцаагаа хадгалж үлдсэн дөрвөн компанийн нэг. “Энержи ресурс”-ээс Г.Батхүүгээр дамжсан нэг шугам, С.Баярцогтоор дамжсан нэг шугам, ҮАБЗ-ийн дарга Ц.Энхтүвшингээр дамжсан нэг шугам Ерөнхийлөгч рүү татагдсан байна. Г.Батхүү Лу.Болдыг дагуулж МоАН (Чандмань) гэгчээр тоглож байгаа нь Ц.Элбэгдоржийн МоАХ дахь нөлөөг чангатгаж, Х.Баттулгыг тамирдуулах тоглоом юм.
Лу.Болд “Бодь” группын дотоод зөрчлөөс болж ганцаардаад фракц хайж явсны эцэст Г.Батхүүтэй эвссэн болохоос “Таван толгой”-д шууд сонирхол байхгүй юм. Гэхдээ түүнд “Голомт”-оос хариу авах занаа бол бий. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Н.Алтанхуяг, З.Энхболдын өсөрхлөөс айж Ц.Элбэгдоржийг түшсэн, энэ фракцыг дагаж яваа болохоос өөрсдөө фракц чирэх толгойнууд биш юм. Ийм айдаст үндэслэсэн учраас энэ бүлэг лав л Элбэгээг Ерөнхийлөгч байхад задрахгүй.
Ийм нөхцөлд Ц.Элбэгдорж АН-д шууд нөлөөгүй ч дам нөлөөллөөрөө тэргүүлэх болчихоод байгаа билээ. Гэтэл АН-ын бодит эрх мэдэл Н.Алтанхуягийн гарт бий. Тэр намын дарга болдоггүй юм гэхэд хэнийг намын толгойд байхыг шийдэх боломжтой. Аль аль нь үлгэрлэвээс Ришелье, Мазарини хавьцаа юм уу даа. Тиймээс Элбэгээ одоо Н.Алтанхуягийн хүчийг бутниргэх ёстой. Их тэнгэрт Н.Алтанхуяг очсон ч “Элбэгээтэй уулзахгүй” гээд хаяад авсан ба Элбэгээ нь “Н.Алтанхуягтай л яривал ярина бусад нь бол цаашаа шүү” гэсэн. Элбэгээ Алтанхуягийг талдаа татвал З.Энхболд, Х.Баттулга хоёрыг нухчихна гэж тооцсон хэрэг л дээ.
Одоогоор талууд “тагнуулын байлдаан” хийж байна. Н.Алтанхуяг хэдий хүчтэй авч “Алтан гадас” гэдэг нэр улс төрийн сүүлийн 10 жилийн түүхэнд хамгийн хөгийн бүлэглэлийн бэлгэ тэмдэг болчихоод байгаа юм. Хэдийгээр “Алтан гадас” зөвхөн АН-ын фракц болон үлдэж, муу нэрийг МАНАН гэгчид оноосон ч гадас, гудасын хоч дуусах болоогүй.
Н.Алтанхуягийн сүүлийн үеийн алхмуудыг ажиглавал З.Энхболд, Х.Баттулгатай ойртож түншлээд байгаа юмгүй ч Ц.Элбэгдоржийн эсрэг бол харин шийдэмгий байх шиг байна. Энэ гурвыг холбож буй шалтгаан нь Ерөнхийлөгч л юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн “урвалт” юм. Энэ урвалт нь засаглал ба төрийн хямралыг өдөөж, ойлгомжгүй байдалд орчуулав. Эхлээд төрөө яръя, дараа нь тэр нам мам нь болох биз…
Таван толгой ба төмөр зам
Сүүлийн жилүүдэд “Таван толгой”-г ашиглах ба зүүн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх талд идэвхтэй ажиллаж байсан Ерөнхийлөгчийн идэвх гэв гэнэт мэдэгдэм суларч, харин ч “Энержи ресурс”-ын талд орсны шалтгаан нь Г.Батхүү нарын дээр дурдсан холбоо хэлхээнээс шууд хамааралтай.
Умард Солонгост нөлөөлөх идэвхтэй алхамууд ба Абэтэй ойртсон түншлэлийн харилцаагаа гэнэт хөсөр хаях, өөрөөр хэлбэл гадаад бодлогын чиглэлд сүүлийн гурван жил хийсэн бүхнээ орхих ямар ноцтой шалтгаан байгааг судлаач шинжээчид нарийн шүүн хэлэлцэх хэрэгтэй. Гадаад орчин Монголын төрийн бодлогыг ингэтэл өөрчлөх хүчтэй дарамт шахалт мэдрэгдээгүй, харин дотоодоос үзүүлж буй нөлөөлөл нь гадаад орчинд гай тарих хэмжээнд хүрч байна.
Ерөнхийлөгч гэв гэнэт нүүрсийг зөвхөн ганц чиглэлээр тэр дундаа мухар зам руу ачих гэж зүтгээд байгааг бүгд ойлгохоо больчихжээ. Түүнийг гэнэтхэн урвахаар ард нь Х.Баттулга, Д.Дагвадоржоос эхлээд Э.Бат-Үүл, М.Зоригт нар хүртэл шоконд орж байна. Энэ хүмүүс ямар нэг хэмжээгээр Умард Солонгост айлчилж, Ерөнхийлөгчийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлсэн ба Японтой харилцах харилцаанд идэвхтэй оролцоотой хүмүүс юм. Ил харагдах нь эд болохоос түүний энэ хачин жигтэй урвалтаас болж төрийн гадаад бодлогын энэ чиглэлд ажиллаж байсан үй олон институциуд шокын байдалд орж, гацчихаад байна.
Нөгөө Абэ, АПЕК нь бүр гайхаж хоцорсон биз, Ун бүр уулзаагүйдээ баярлаж байгаа байх. Ийм тавтиргүй эргэлт нь манай гадаад нэр хүндийг бүр баастай хутгаж орхилоо. АПЕК-аа мартаад АСЕМ гэж гүйж байгаа Ерөнхийлөгчийн энэ уйдамхай араншин бидэнд юу авчрах бол оо ?!
Ямар ч хариуцлагагүй, тогтворгүй араншинтай, Засгийн газарт нөлөөллөө лав гэгч шургуулсан Ерөнхийлөгч төрийн хямралыг өдөөж байна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Батлан хамгаалах яаманд хуулиар олгосон нөлөөлөл бий. Дээр нь Гадаад хэргийн яамыг Ерөнхий сайд биш, Ерөнхийлөгч шууд удирдаж байгаа билээ. Мөн түүний гарт улс төрчдийг хааш нь хөдөлгөлгүй барих барьцтай АТГ ба ТЕГ бий. АТГ-ын дарга өргөдлөө өгснөөр Б.Хурцын арыг дааж үлдсэн дэд даргад бүх эрх мэдэл хоцорчээ. “Томилогдоогүй” дэд аюултай байдаг. Улсын дээд шүүх, шүүх засаглал түүний мэдэлд бий. Өнөөдөр тэр жинхэнэ дарангуйлагч болчихоод байна.
Ч.Сайханбилэг бол юугаа ч мэдэхгүй самгардсан, мунгинуу чавганцаас дор амьтан. Түүнийг залж чиглүүлэгч нь С.Баярцогт агаад түүнд энэ улс орныг бүхэлд хараад аваад явчих ухаан сэтгэл хоёр даан ч байхгүй.
МАН-ын далд явуулга, “Шударга ёс” эвслийн унхиагүй байдал, АН-ын дотоод зөрчлөөс шалтгаалж дээсэн дөрөөнд дэнжигнэж байгаа Засгийн газар ёстой нэр төдий институц болон хувирсан ба үүнийг унагах нь АН-ын “нэр хүндэд” муу учраас л тогтож байгаа болохоос Засгийн газар намынхаа дэмжлэгийг ч авч чадахаа байчихаад байна. Сүүлийн үед ёстой “гөлөөг” ч гэх хүнгүй болж, далимд нь Ч.Сайханбилэг анхаарлаас холдож “санаа амарч” байх шив…
Гэтэл энэ зуур бий болсон улстөрийн хямралт зөрчил нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ УИХ ч, Засгийн газар ч Ерөнхийлөгчид тавиад туучихсан нь ил болов.Бодит байдалд манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон ба Ч.Сайханбилэг Манж-Го улсын Пу И-гээс ч арчаагүй тоглоомын хүн болсон бөлгөө.
Харин Ерөнхийлөгч “засаглаад” байгаа хийгээд түүнийг ингэтэл эргүүлсэн “далд” энергийн эх үүсвэр нь “Энержи ресурс” юм. Энэ улс оронд легитим албан ёсны Засгийн газар устаж мөхөөд удсан ба нэг компани л захирч байна шүү дээ…
Одоо манай Засгийн газрын эрх мэдэлтэй хэсгийг тоочъё. Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар голлох шийдвэрийг кабинетаас үл хамааран гаргаж байна. Ерөнхийлөгч өөрөө шийдвэр гаргаж байна гэж зүүдэлж байгаа байх, гэвч тэр ч “энергийн ховсонд” яваа амьтан…
С.Сайханбилэг 27 жилийн түүхэнд байгаагүй сул Ерөнхий сайд болсон ба ядаж л дэвших тойроггүй явж байна гэдэг үнэхээрийн гутамшиг бөлгөө. Түүний үгийг ядаж л МАХН-ын хоёр сайд нь сонсдог байлгүй дээ. М.Энхсайхан, Л.Пүрэвсүрэн, Д.Дорлигжав нар шийдвэрт оролцохгүй ч ёстой л далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явна. Гэхдээ М.Энхсайхан нь нөгөө хоёрыгоо дагуулахгүй нөлөөтэй л дөө. Учир нь түүний гардан боловсруулсан “Мега төсөл” хуйвалдааны суурь баримт бичиг болчихоод байна. Бусад сайдуудынх нь тухайд нэрийг нь ч мартаж байх шиг байна даа. Ухаандаа “Баянсэлэнгэ сайд” гэхэд ядахдаа ам эвлэж өгөгхгүй байна ш дээ…
Ийм нөхцөлд Ерөнхийлөгч ба МCS-ийг сөрөх цорын ганц бодитой хүч нь АН болсон ба увайгүй үйлдлийнхээ золионд АН-ыг гаргахын тулд Ерөнхийлөгч намтайгаа үхэх сэхэхээ үзэх тулаанд орж байна. Чингэхдээ бүр МАН-тай үйл ажиллагаагаа “зохицуулан” хамтран ажиллаж байна.
Түүхийн давтамж-1
Ийм нөхцөл байдал үүнээс өмнө байгаагүй биш байсан юм шүү !!! С.Баярын өвлүүлсэн суудалд суусан Сү.Батболд бас л яг ийм байдалтай явсаар 2012 оны сонгуульд унасан. Сонгуульд МАН ялагдсан өөр нэг шалтгаан нь түүний Засгийн газрын гишүүд бүгдээрээ шахам унасанд байсан, тийм л муу нэр хүндтэй байсан хэрэг. Тэр ч байтугай тухайн үеийн гол яамдын нэг “Оюу толгойг” үзэглэгч Байгаль орчны яамны сайд нь АН-д жагсаалтын дундуур шидэгдэж байх вэ дээ.
Өнөөдөр С.Сайханбилэгийн унхиагүй удирдлагаас болж бүх сайдууд нь сонгуульд ялах найдваргүй дэвшигч болж хувирчээ. Өмнөх ба өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл сонгууль дөхсөн, засаглал суларсан үед эрх мэдлийг булаах замаар далд засаглал тогтоож, бүхнийг өөрийн зоргоор шийдүүлэх арга барилд “Энержи ресурс” гаршаад байна.
Өнөөдөр төрийн удирдлага саарал орноос гараад Шангриа-Лагийн “Central tower”-т шилжжээ. МCS бол намуудын ялалт ялагдлын шалтгаан байсаар ирсэн. Гэхдээ нөлөөлөл нь “хамтрагч” Засгийн газартаа дандаа сөргөөр тусдаг ба тэдэнтэй яг ийм байдлаар нийлсэн Засгийн газрууд нэр хүндээ алдаж дуусдаг. Энэ удаад ч Засгийн газрынхаа золиосонд АН л сүйрч дуусч байна.
Золио ба хожоо
Золио нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ ийм золиосны ард заавал нэг хожоо байдаг даа ?! Тэр хожигч хэн бэ ?
Тэрхүү “хожигч” хүн нь “том том төмсөг, тор дүүрэн төмсөг”-тэй Ерөнхийлөгч юм. Өмнө дурдсанчлан мань хүн бүхий л хүчний байгууллагуудыг сулхан Засгийн газраас сугалж чадсан учраас хэнээс ч илүү “мэдээлэлтэй” байгаа юм. Өчигдөрхөн л гэхэд Ц.Нямдорж гарч ирээд Элбэгээг цээжээрээ хамгаалж байгаа биз дээ ?! Яагаав нөгөө алдарт 45 хуудас “оригоороо” Элбэгээд байгаа байхгүй юу даа. Ц.Нямдорж бол зүгээр л нэг засаа…
Гэвч АН эрхбиш амьд организм учраас Ерөнхийлөгчийн үйлдэлд хариу үзүүлж байна. Гэхдээ энэ хариу урвал сулхан байвал АН түүхийн шар хуудсанд орно. Энэ бол системийн сүйрэл юм.
Яг одоохондоо, сонгууль хүртэл З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга гурвыг нийлүүлэхгүйн тулд Ерөнхийлөгч бүхнийг хийхэд бэлэн байна. Яагаад гэвэл түүний гол дайсан АН болсон ба МАН-ын тухайд нэгд “МSС” дэг журмыг тогтоож байгаа, хоёрт МАН ялахын тулд Ц.Элбэгдоржийн үйлдэл бүрийг өөгшүүлэн уухайлж байгаа юм.
Ц.Элбэгдоржийн тоглоом маш энгийн. 2012 оны сонгуульд АН-ыг ялагдуулах, тэгэх тусмаа бүр үсгүй арчуулах, дараа нь “Аврагч тэнгэр”-ийн дүрээр тодорч АН-ыг аварч “Заяагч тэнгэр” нь болоод буцан ирж УИХ-д залрах. Түүнийг явж болохгүй гэсэн, тэр хөөсөн ч явахгүй…
Хамгийн эхний тоглолт нь “Үндсэн хуулийн цэц”-ийн дүгнэлтээр жагсаалтыг үгүй болгож, жижигсгэсэн мажоритараар сонгууль явуулахад чиглэж байна. 2000 онд яалаа ?! АН яг өнөөдрийнх шиг бужигнаж байгаад МСДН-ын “мэргэн ухаанаар” сонгуулийн хуулиа хийгээд орсон. Ганцхан суудалтай үлдсэн. Энэ удаад бас л түүх давтагдах шинж рүүгээ ороод явчихлаа л даа. Тэгмэгц АН болсон болоогүй Ерөнхийлөгчийн институцийг тэмцэж амиа хоохойлохоос өөр аргагүй.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бутниргүүлсэн АН амжилт үзүүлэх ямар ч боломжгүй. Харин Ц.Элбэгдорж М.Энхболдыг Ерөнхийлөгч болгохоор тохирсон. Үүний дараа АН-ыг нэгтгэн зангидах эрхийг “өөртөө хүлээж” М.Энхболдын тойрогт нөхөн сонгуульд дэвшээд УИХ-д орж ирнэ гэж тооцсон хэрэг. “Би Ерөнхийлөгч байсан хүн, ахиж дэвшихгүй” гэж хэлж чадах ч АН-ын шаардлагаар МАН-ын “дэмжлэгээр “парламентад магадгүй цор ганцаараа намаа төлөөлнө гэж тооцсон байна.
Ингээд Ц.Элбэгдорж зөвхөн хар амиа хоохойлохын тулд намаа золиослохоор үл барам хамтран зүтгэсэн бүх хүнээ хөсөр хаяж байна. Энэ бол хамгийн адгийн жигшмээр араншин юм.
Гэхдээ бодох л хэрэгтэй. С.Баяр Н.Энхбаярыг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг ятгаад Чингэлтэйн нөхөнгөөр парламентад оруулна гэж амласан ч Д.Зоригтын дэвшүүлж “алсан” байх аа. Хэрэв санахгүй бол яг тэр үед А.Баатархуягийн бичсэн “Н.Энхбаярын дараагийн улстөр” өгүүллийг олоод уншина биз. Тэр үед А.Баатархуяг Элбэгээг явуулах гэж түүнийг бичсэн. Н.Энхбаяр урхинд нь орчихсон л юм даа. Одоо бол Элбэгээг МАН баараггүй хулхидна даа гэх байх. Гэвч Ц.Элбэгдоржид одоо буцах зам байхгүй болсон. Үүний шанд АН бүрмөсөн үнс нурам болно…
АН гэж үйлтэй нам. 1996 оны сонгуульд арай гэж ялтал МСДН гэж хар гай гарч ирээд сүйдэлж хаячихаад “ууршчихсан”. Дараа нь “Алтан гадас” гэж нэг фракц гарч ирээд самраад самраад явчихсан. АН-ын энэ алдааг засах гэж сонгогчид нь л үйлээ үзэж байснаас АН өөрөө хөвж л явсан. Харин энэ удаад “ардчилсан” Ерөнхийлөгч нь самарч байна.
Өнөөдөр АН-ын Ерөнхийлөгч л АН-тайгаа үхэн тэмцэж байна. АН-ыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад томоохон сөрөг хүчин байсан МАН ч ингэж самарч чадаагүй, аргаа барж урхинд нь орж эвсчихээд хөөгдөж шившиг болж байсан атал Ц.Элбэгдорж ганцаархнаа ердөө гуравхан сард хойдохыг нь уншиж байна. “Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой аюултай” гэж энэ байхгүй юу !!!
АН парламентад олонх, Засгийн газартай, ҮЗХ-нд Ерөнхийлөгчийн бус фракц хамгийн шийдвэрлэх нөлөөтэй хэр нь ганцхан Ц.Элбэгдорж энэ хүчирхэг намыг элэг барьж дөнгөлөө. Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг унагасныхаа дараа барьцаа ахиулсаар байсныг МАХН-тай зууралдсан АН-ынхан анзаараагүй. Ер нь бол АН аюул энэ зүгээс ирнэ гэж ёстой зүүдлээ ч үгүй. Түгжил ч түүний хажууд “хүүхэд” болчихлоо. Харин “Уруул дордойвч элэг дордойхгүй” гэгчээр Г.Уянга УИХ-ын чуулган дээр, үүнийг бүр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа сануулж байсан юм.
Одоо Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг багалзуурдаж байна. Хашир Н.Ганболдыг үдэж өгмөгцөө “үүрэг гүйцэтгэгчээ” турхирч Н.Алтанхуягийн хоолойг хэрчүүлэх гэж байхгүй юу. Ц.Элбэгдорж намаа мэддэгийн хувьд сүйтгэхийн тулд ямар байлдаан хийхээ маш сайн мэдэж байсан юм. Эхлээд З.Энхболдыг цэцдэж унагаад, Х.Баттулгыг Таван толгойн асуудлаар нь дарамтлаад ганцаараа үлдсэн Н.Алтанхуягийг шоронд хорьчихвол бүх нам түүний өмнө элэг дөрвөөрөө “кэвтээ” өгнө гэж тооцсон. Одоо ч бараг л сөхөрч байна даа…
МАН-ын рейтинг АН-тай янаглаж авсан өвчнөөсөө болоод огт өндийхгүй байснаа сүүлийн хагас сарын хугацаанд даруй 4 хувиар өсчихлөө. АН-ынх харин ч унахгүй тэсч байгаа нь их юм. Гэхдээ Ц.Элбэгдорж ахиад нэг л хутгавал бутран сарнихдаа тулаад байна. Өөрөөр хэлбэл АН-ын нэр хүнд нэгдмэл суурин дээрээ буучихаад байна. Чухам энэ суурийг нь хагалбал, тэр тусмаа тэр суурь нь өөрөө хагарвал АН үндсэндээ ялагдах болчихлоо. Энэ ялагдал нь дараагийн сонгуульд АН “гуравдагч” хүчин болтлоо буурахыг зөгнөөд байна. Гуравдагч хүчнийг байнга ад үздэг байсан АН одоо өөрөө “гуравдагч”, “дөрөвдэгч” болох тавил хийгээд тавиланг “ардчилчсан” Ерөнхийлөгч нь хийж орхив. Энэ ч харин хувь заяаны шоглоом байх…
Эцсийн дүндээ АН-ынхны аврал Г.Уянга болно шүү !!! М.Энхсайхан АН-ыг дандаа “алж” байсан, харин Г.Уянга АН-ыг үргэлж аварч байсныг л би мэдэх юм. Мэдэхгүй бол МоАХ-ынхнаас асуугаарай…
Судлаач Х.Д.Ганхуяг
Зочин · 2016/04/26
урт байгаа уншуургүй байгаа нь ээ.