Хэнтий аймгийн нэгдүгээрт багт оршин суудаг 14 настай охин өнгөрөгч сарын 17-ны өдөр усан оргилуурын тогонд цохиулан амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Тухайн үед талийгаач охины ээж “Охин минь өдөр бүр намайг ажлаас тосохоор ирдэг байсан юм. Тэр гайт өдөр  би охинтойгоо хөтлөлцөн усан оргилуурын дэргэд амсхийхээр ирсэн юм л даа.

 

 

Би ч дүүтэйгээ таарч таван үг солих зуур охин минь найзуутайгаа усан оргилуур дотор тоглон “Ээжээ ус бүлээн байна. Та хөлөө дүрээд суухгүй юм уу” гэж хэлээд л тойрч гүйгээд байсан. Гэтэл нэг л мэдэхэд цементэн шалан дээр уначихсан. Хүмүүс хашгиралдсан” хэмээн болсон явдлын тухай мэдээллийг өгч байв.

 

Уг хэрэг явдал гарсны дараахан манай Ийглийн групп болсон явдлыг газар дээрээс нь сурвалжилж олон нийтэд хүргэж байсан билээ. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Ч.Батгэрэл хэлэхдээ “Усан оргилуур дээр хүүхэд нас барсан хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас манай Мэргэжлийн хяналтын газарт хандан хөндлөнгийн шинжээчээр миний биеийг томилсон. Уг хэргийн мөрөөр холбогдох албан тушаалтнуудыг байлгаж гэмтэл юунаас үүдэлтэйг шалгаж үзсэн. Ажиллах явцад усан оргилуурын усан дотор хүчдэл байсан нь хэмжилтээр батлагдсан. Ингээд хүчдэл хаанаас нэвчиж усанд орсныг тогтоох зорилгоор үргэлжлүүлэн шалгахад усан оргилуурын гурван насосны голынх нь ус нэвчиж битүүмжлэл нь алдагдсан юм билээ. Тэгэхээр тухайн насосны битүүмж алдагдсанаас үүдэн хүчдэл усанд нэвчсэн гэсэн дүгнэлт гарсан” гэж тайлбарлаж байв. Цагдаагийн байгууллагаас ч уг хэргийг шалгаж эхэлсэн юм. Гэвч  сар хүрэхгүй хугацаанд хохирогч охины амиа алдсан хэргийн сураг алдарч  мөрдөн байцаагч нь зугтааж эхэлсэн тул хохирогч охины ээж Ц манай сайт руу дахин холбогдлоо.

 

-Хүүхдийнх нь амиа алдсан хэрэг юу болов?

-Эгч нь саяхан охинынхоо 21 хоногийг хураалаа. Мөрдөн байцаагч нь нэг удаа дуудахдаа “Хүүхдийнхээ хувцсыг ирж ав” гэж хэлсэн. Харин одоо гар утсаа ч авахгүй  зугтаах боллоо. Би  уг нь охины минь амь насаа алдсан хэрэгт хэн буруутай юм бэ гэдгийг асуух гэхээр зугтаах юм. Нэг удаа утсаар холбогдоод “Таньтай нэг хүн ирж уулзана” гэж хэлсэн. Гэтэл  н.Хүрэлбаатар гэж хүн ирээд 500 мянган төгрөг өгчихөөд явсан. Бодвол хэрэг нь дуусч байгаа юм байлгүй дээ. Сэтгэл өвдөөд байх юм.

 

 

-Мөрдөн байцаагч нь  таниас хохирогчийн хувиар мэдүүлэг аваагүй юу?

-Эгч нь олон хүүхэдтэй ядарсан л хүн. Намайг ядарч зүдэрсэн болохоор үл ойшоож байгаа юм байлгүй. Үхтэл үр харам гэж үг бий шүү дээ. Хэдийгээр охин минь бурхан болсон ч гэсэн буруутай хүмүүсийг нь олох хэрэгтэй биз дээ. Сүүүлийн үед охиноо бодохоор бие минь өвдөөд хэвтэрт орчих  гээд л байна. Миний охин ямар их хүсэл мөрөөдөлтэй сэргэлэн цовоо хүүхэд байсан билээ дээ.  Ийм сайхан охиныг минь цаг бусаар явуулчихсан хүмүүс заавал хариуцлага хүлээх ёстой  шүү дээ. Хууль ном  үйлчилдэг л юм бол би тэрийг нь үзмээр байна.

 

-Тэр н.Хүрэлбаатар нь  ямар учиртай хүн бэ?

-Хот тохижилт, аюулгүй ажиллагааг нь хангаж ажиллах учиртай хүн байсан юм билээ. Тэр ч өөрийгөө буруугүй л гэж боддог л байх.

 Хохирогч охины ээжтэй холбогдсоны дараа  Хот тохижилтыг хариуцсан н.Хүрэлбаатартай нь утсаар холбогдлоо.

 

-Сайн байна уу та. Ийгл.эм эн цахим сайтаас холбогдож байна. Танай аймгийн усан оргилуур дээр  хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Хот тохижилтод усан оргилуур хамаардаг юм билээ. Та цагдаад дуудагдсан уу?

-Нэг дэх өдрөөс ирээрэй гэсэн шүү дээ.

 

 

-Хэрэг явдал гарчихаад бүтэн гурван долоо хоног өнгөрчихсөн байхад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй юм уу?

-Би амарчихсан байсан.

 

-Хохирогчтойгоо уулзсан уу?

-Гэрт нь очиж уулзсан шүү дээ. Усан оргилуур дээр хүн нас барсан хэргийн дүгнэлтээс харвал насос нь эвдэрч тог цохисон юм биш үү?

 

-Арчилгааг нь танайх хариуцах ёстой биз дээ.

-Зүгээр л ажиллаж байсан шүү дээ.

 

Аюулгүй ажиллагаа, арчилгааг нь хариуцах ёстой мэргэжилтэн нь ийм тайлбар өгөөд утсаа салгалаа. Бид хэргийг шалгаж байгаа аймгийн мөрдөн байцаагчтай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.

 

 

Сануулахад, талийгаач дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гурав дахь охин. Сэргэлэн цовоо охин өдөр бүр ээжийгээ ажлаас нь тосохоор очдог уламжлалтай. Талийгаач тэр өдөр ээждээ очоод буцах замдаа ийн осолдсон юм. Гэрийн эзэгтэй Ц-ийнх  Сүхбаатар аймгаас айлын мал маллахаар Хэнтий нутгийг зорин ирсэн боловч малаа маллуулсан айл нь хэдэн сарын ажлын хөлсийг нь өгөөгүй тул аймгийн төвийг зорин ирж, хүүхдүүдийнхээ сургуулийн бэлтгэл базаахаар түр ажилд ороод байсан нь энэ юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу