Бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулж, мөрдөн байцаалтын явцаас оргон зайлсан хэргээр орон даяар эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баянбилэг Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ыг үүсгэн байгуулагч ажээ.

ТТЭНН-ын даргаар Г.Уянга гишүүн томилогдоход энэ намын түүх болон үүсгэн байгуулагч буюу өмнөх даргатай холбоотой албаны мэдээлэлд нийтэд ил болж, Ц.Баянбилэг хэмээх үл таних нэр сонсогдож эхэлсэн юм. Тэгвэл ТТЭНН-ын дарга Ц.Баянбилэг нь 2.2 тэрбум төгрөгийн өрөнд орж, байцаалтаас зугтаж, орон даяар эрэн сурвалжлагдаж хүнд байдалд орсон нэгэн байжээ. Үүний улмаас тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан намаа үнэ хүргэж зарахаар болж, УИХ-ын хэд хэдэн гишүүдтэй уулзаж ярилцжээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай наймаа тохироогүй тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянгатай уулзжээ. Улмаар Г.Уянга түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзуулжээ. Ингээд Г.Уянга, Х.Баттулга нарын гишүүд Ц.Баянбилэгээс Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг нь 500 сая төгрөгөөр худалдан авья, цаашлаад түүнийг хамгаална, шоронд оруулахгүй гэж амалсан ч хэлсэндээ хүрэлгүй, улмаар түүнийг барьж өгсөн хэмээх ТТЭНН-ын дарга асан Ц.Баянбилэг Цагдан хорих 461 дүгээр ангиас бичсэн захидалдаа бичжээ. Тэрбээр захиадалдаа түүнийг өдөр шөнөгүй дарамталсаар байгаад намыг нь авсан, намаа өгчихөөд харих замд нь цагдаа нар ирж баривчилсан нь Г.Уянга, Х.Баттулга нарын явуулга хэмээн үзэж буйгаа дурджээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга нар үгсэн хуйвалдаж, Ц.Баянбилэгийн сул талыг ашиглан түүний намыг улайм цайм дээрэмдэв үү. Үнэхээр анх тохиролцсон үнээсээ доогуур үнэ төлж, ингэхдээ хууль шүүх, танил тал, эрх мэдлээрээ далайлган айлган сүрдүүлж, дарамталж байгаад намыг нь авсан бол үүнийг дээрэм гэхээс өөр аргагүй.

/Ц.Баянбилэгийн УИХ-ын гишүүн Г.Уянгад хорих ангиас бичсэн ил захидал/

 

Ил захидал

Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-6 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг миний бие УИХ-ын гишүүн Г.Уянга болон Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүдэд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.

Миний бие 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, дунд сургуулиа төгсөөд "Их засаг” дээд сургуулийг эрхзүйч хуульч мэргэжлээр дүүргэсэн билээ. Хууль зүйн өмгөөлөл хийж явахдаа ажил төрөл хөөцөлдсөн, тендер авах гэсэн компанийн захирлуудтай танилцсан. Эхний иргэдэд тодорхой хэмжээний тендер, ажил өгөөд зуучлалын хувь авдаг байсан. Сүүлдээ зарим ажил нь бүтэхгүй, тендер цуцлагдах зэргээс үүдээд зальдагч, луйварчин нэр зүүж эхэлсэн.

Сүүлд авсан мөнгөө өмнөх ажлын төлбөртөө өгсөөр нэг мэдэхэд 2,2 тэрбум төгрөгийн хохиролтой, 57 холбогчтой том хэрэг үйлдчихсэн байлаа. Би өөрийгөө буруу замаар яваад мэдсэн ч Г.Уянга нарт итгэж явсан. Миний бие Г.Уянгааг "Их Монгол” гэдэг дээд сургуульд сурч байхад нь танилцсан. Харин Х.Баттулгатай "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам” байгуулсан үед танилцсан юм.

2015 онд "Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй үгүй. МАХН явцгүй болчихлоо” гэсэн. Миний хувьд "Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо” гэж үнэнээ хэлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих” гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья” гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, "РСТ” ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ.

Гэтэл Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ. Намайг цагдаад баригдана гэдгийг мэдэж байсан бололтой.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга нар намайг шоронд хийн намыг минь булаан авсан гэж хардахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд 2,2 тэрбумын хохирлын дийлэнх "Тусгаар тогнол, эв нэгдэл нам”-ын ажилд зориулсан зарлага байсан юм шүү. Би тогтсон ажил, өөрийн гэр орон байхгүй. Гурван хүүхэдтэй, эхнэр минь "Алтай” хотхонд байр түрээслэн амьдарч байсан. Энэрэнгүй сэтгэлт УИХ-ын гишүүн Г.Уянга эхнэр хүүхдийг минь бодоод байрны түрээсийг өгч байсан удаагүй. Эхнэр маань Г.Уянга нартай холбогдох гээд чадахгүй байна.

Миний бие хийсэн хэрэгтээ 5-10 жилийн хорих ял авч магадгүй. Нийтдээ 20 гаруй компани, хувь хүнд хохирол учруулсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. Иймд миний хохирлыг "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-аас гаргаж аваарай. УИХ-ын гишүүн Г.Уянга яагаад энэ намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг, А.Баттөр нарыг дурсахгүй байгаа юм бэ. Тиймдээ тулсан бол Шударга үнэний дүр эсгэгч Г.Уянга та миний байгуулсан "Тусгаар тогтнол Эв нэгдлийг нам”-ыг буцаан өгнө үү.

Мөлхөж буй хүүгээ харж чадахгүй мөглөнд тарчилж яваа намайг Г.Уянга та эвгүй тонгорлоо. Намыг минь салгах гэж наалдаж явсан гэдгийг сая мэдлээ. "Тусгаар тогтнол, Эв нам”-ын гишүүд ээ эзэн нь эзгүй үед гэрт нь орж суучихаад улс төр ярих эвгүй биш гэж үү. "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын эхний арван гишүүн нь миний найзууд бий. Тэд нарыг минь хүртэл ад үзээд хөөж туужээ. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй учраас энэхүү захидлыг бичлээ.

Г.Уянга гишүүн та ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө үхэхэд бэлэн гэдэг. Тэр ард түмний чинь эд эс эхнэр хүүхэд минь байгааг бодооч. Та хэлсэн ярьсан шигээ шударга байгаач. Үнэнч шударгын баг зүүчихээд улс төрийн шоу хийхээ болиоч ээ. Н.Энхбаярыг хичнээн өмөөрч байв. Түүн шигээ намайг хамгаалаач. Туслаач ээ. Явцуу улс төр хийхийн тулд эх орончийн дүрд тоглоогүй гэдэгт найдна. Ойрын үед ирж уулзахгүй бол олон зүйл ил болгох болно гэдгээ намын нөхөд болон Г.Уянга нарт дамжуулан хэлье.

/Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-8 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг/

Төгс