Рио Тинто нь их мөнгө зарж өөрсдийгөө сайхан харагдуулах гэдэг ч тэд дэлхийд хар данстай, “бохир” компани гэдэг нь олон  улсад ажилласан тэдний түүхээс илхэн харагдаж байна. Ингээд Рио Тинтогийн хуудуутай ажиллагаа, түүнээс болж хичнээн хүн хэрхэн хохирсон талаарх олон улсад ил болсон баримтуудыг хүргэе.

• Индонез улсын Баруун Папуад  Рио Тинто нь Индонезийн цэргийн армийг санхүүжүүлж улмаар өөрийн уурхай дахь хамгаалалтын албаныхны оролцоотойгоор орон нутгийн иргэдийг хөөж, амь насанд нь халдан, хоморголон устгасан хэрэгт холбогдсон байдаг.  Хүний эрхийг бүдүүлгээр зөрчихийн зэрэгцээ гол, усыг бохирдуулж нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулын оройг сүйтгэсэн нь мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байсан.

• 2000 онд Бразил дахь Рио Тинтогийн уурхайд нутгийн иргэн алт хайж яваад буудуулсан тухай Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан. Тодруулбал Рио Тинтогийн хамгаалалтын албаны дарга нутгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилгоор буудахыг тушаажээ. Гэвч анхааруулга нь хүний амь насанд хүрсэн  юм.  Үүнээс гадна  ажилчдаа хорт нөхцөлд ажилуулж байсныг хоргүй гэж тус салбарт ажиллаж байсан компанийн эмчээр хэлүүлж байсан юм.  

• Бруней, Индонез, Малайзын нутагт дэвсгэрт орших Борнио аралд Рио Тинтотой холбоотой гашуун сургамж байдаг. Тодруулбал, гар аргаар алт олборлож байсан нутгийн иргэдийг цэрэг цагдаагийн хүчээр 1989 онд хөөж зайлуулаад нэг  жилийн дараа буюу 1990 онд Рио Тинто газар авч алт олборлож эхэлсэн байна. Ингэснээр нөхөн олговор өгөхгүй байх боломжийг энэ компани ашигласан юм.  Хамгийн аймшигтай нь энэ газарт хүчингийн хэрэг их гардаг бөгөөд үүнийг ОксФам байгууллага Уурхайн тайландаа тусгасан байдаг.

• Индонезийн Келиан алтны уурхайд Рио Тинто байгаль орчныг дээд зэргээр бохирдуулж нутгийн иргэдийг хохироож улмаар цэрэг цагдаагаар асуудлаа шийдүүлж ирсэн байна. Цэрэг цагдаатай нягт холбоотой байж тэднийг болон хүчний байгууллагыг санхүүжүүлэх, юм хандивлах зэрэг нь Рио Тинтогийн нэг арга юм.

• Өмнөд Африкийн Намибияа улс дахь ураны уурхайд хүний эрх, хөдөлмөрчдийн эрх, ажилчдын эрүүл мэнд дээд зэргээр хохирдог тухай олон эх сурвалжаас олж уншиж болно. Тэнд хар арьстан гэдгээр нь ялгаварлан гадуурхаж, боолын нөхцөлд ажилуулдаг. Мөн гадаад, дотоод ажилчдын цалин 12 дахин зөрүүтэй байсан бөгөөд үүнийг эсэргүүцэн ажилчид шууд бослого гаргаж байсан түүхтэй.

 Намибияа дахь Рио Тинтогийн уурхай ҮЭ-ийг олон жил хүлээн зөвшөөрөхгүй явсны эцэст ҮЭ-тэй болсон. Гэвч нийт “хар ажил” хийгчдийн  90 гаран хувь нь цалингийн доод хэмжээнээс доогуур цалинг авч байсан нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ачаар ил болсон.

• 1989 онд Шинэ Гвинейн Папуад 12,000 – 15,000 хүний амийг авч одсон иргэний дайнд буруутгагдан АНУ-ын Нью-Йоркийн арбитрийн шүүхээр шийдүүлсэн. Рио Тинто тус газарт ажиллаж эхэлснээс 16 жилийн дараа ард иргэд нь боолын ажил хийлгүүлж, боолын цалин өгч байгааг эсэргүүцэж тэмцэл өрнүүлсэн байдаг юм.

 

 

 

 

• Австралийн Ерөнхий Сайд асан Боб Хаувкэ хэлэхдээ "Рио Тинто нь ҮЭ-ийг үйл ажиллагаанаасаа арчиж хаях гэсэн ойлголт нь нийтлэг эрх ашгийг хохироосон заналхийлэл болоод байна" гэх хэлжээ.
• 2008 онд Норвег улс ЗГ-ын тэтгэвэрийн фондоосоо Рио Тинтог хассан. Учир нь Индонез дахь Рио Тинтогийн уурхай хүний эрхийг хэтэрхий зөрчиж, байгаль орчныг хордуулж улмаар гэмт хэргийн шинжтэй зүйлүүдэд холбогдож эхэлсэн тул бохир компаниас татгалзсан хэрэг.
• Глобал Юнион ҮЭ-ийн байгууллага нь хөдөлмөрчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа Рио Тинто компанийн эсрэг дэлхийн хөдөлгөөн өрнүүлж байгаа

• 2010 оны 3 сард Колумбын Үндсэн хуулийн шүүх Рио Тинтогийн түнш төслийг орон нутгийн иргэдтэй хангалттай зөвшилцөөгүй гэсэн нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Үүний бид Монголд хийх хэрэгтэй гэж бодож байна

• АНУ-ын Кеннекот болон Фламбия уурхайд мөн л Рио Тинтог байгаль орчныг хамгаалах эрх зүйн шаардлага хангаагүй гэдэг асуудлаар шүүхэд өгсөн байгаа. Хэдийгээр нэг уурхайг нь хаасан ч нөхөн сэргээлт дутуу хийгдсэнээс газрын болон гүний усыг бохирдуулж байгаа талаар гомдол үүсээд байгаа.

• АНУ-ын Калифорни дахь Рио Тинтогийн Боракс уурхай нь шударга гэрээ, шударга ажлын нөхцөл шаардсаных нь төлөө 570 ажилтанаа шууд гадуурхсан. Тэдний хэлээр бол гадна түгжсэн гэсэн үг. Ингэж хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчиж,  айлган сүрдүүлж өөрсдийн хүссэнээр ажилуулдаг байна. Тэднийг уурхай руу орулахгүй байснаар түр зуурын ажилтан авч ажилуулах гэх мэт арга хэрэглэж байсан аж.

Иргэд, уурхайн ажилчдын ар гэрийнхэн, Калифорничууд болон  дэлхийн холбогдох байгууллага нэгдэж чадсан учир Бораксын уурхайн ажилчид шударга гэрээ хэлэлцээр хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

• АНУ-ын Аризона муж Рио Тинтогийн хүний эрхийг зөрчдөг талаар аймшигтай мэдээлэл, түүх байгаа тул ажилуулахгүй гэсэн хориг саад тавьсан.
• Аляскад мөн адил хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч уурхайн ажиллагаа эхэлж чадахгүй байгаа.

Рио Тинтогийн дэлхийн хэмжээнд тарьсан хүний эрхийн, хөдөлмөрчдийн эрхийг зөрчсөн балагаас харахад Рио Тинто тухайн улсад орж ажилласанаас 20-30 жилийн дараагаас ард иргэд бодит хор хохиролыг амсдаг байна.

Тэгвэл ийм байдалд хүрэх эсэх нь өнөөдөр та биднээс шууд шалтгаалах болоод байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр  Монгол ажилчид гадаад ажилчдаас даруй хэд дахин зөрүүтэй цалин авч байгаа.  уг нь  Монгол Улсын үндсэн хуулинд Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийг соёрхон баталсанаас хойш тэдгээр нь дотоодын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Рио Тинто компани нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Даян дэлхийн Гэрээ зэрэг хүний эрх, хөдөлмөрчдийн эрхийг дээдлэн хүндэлж ажиллах ёстой. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тэгш шан хөлс олгох 100-р конвенц, алагчилахгүй байх 111-р конвенц зэргийг ягштал биелүүлэх ёстой байтал үүнийгээ дээд зэргээр бүдүүлгээр зөрчиж байна.

Уг нь үүнийг зөрчихгүй гэдгээ Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 дээр тодорхой зааж өгсөн байгаа. Үүнд "ижил тэнцүү ажил дээр ижил тэнцүү цалин олгоно" гэж заасан байдаг ч өнөөдөр энэ нь хэрэгжихгүй байгаа юм.  

Бид Рио Тинтотой холбоотой  энэ мэт хууль бус үйлдлийг цувралаар хүргэх болно.

А.Баярмаа