Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, “Сонгдо”-ийн захирал Б.Болдсайхан эмч нарын зургаан хүн Төрийн ордны баруун, зүүн хоёр талд гарч ордны зүг салаавч илгээсэн хэрэг одоо хэр нь намжаагүй л байна.

Тэд "Доллар 1700 төгрөг гарлаа. Ажлаа хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд май" хэмээн хашгирав. Үүнийгээ УИХ-ын дарга З.Энхболдод ч илгээсэн. Энэ шйлдлийнхээ дараа Б.Болдсайхан эмч “Төрдөө $=1715 болгосонд, цалинг 25% үнэгүйдүүлсэнд баярлалаа гээд САЛААВЧ талбичихлаа, одоо ажлаа хийнэ дээ” хэмээн жиргэжээ. Үнэхээр ч ам.долларын ханш урьд байгаагүйгээр өсөж, үүнийг дагаж юмны үнэ өсөх нь тодорхой тул Монгол Улсын иргэн төрдөө хандаж үг хэлэх эрх нь бий. Манай улс шиг бүх зүйлээ гаднаас импортлодог улсад ноён доллар ноёлох биш хаан суудалд залрах гээд байсан тул иргэн нь дуугарахаас өөр арга үлдээгүй. Салаавч гаргах гэдэг эр хүний тэвчээрийн хязгаар алдагдаж байгааг илэрхийлдэг гэдэг. Сав л хийвэл нударга зөрүүлдэг эрчүүдийн гар ам зөрсөн хүндээ гарынхаа амтыг мэдрүүлэхээс өмнө салаавч илгээдэг гэж байгаа. Тэгэхээр Б.Болдсайхан, Ч.Ганхуяг нарын тэвчээрийн хязгаар алдагдаад байсан юм байлгүй дээ. Гэхдээ арга нь жаахан буруу байсан бололтой. 

Тэд олны шүүмжлэлтэй тулгарахын зэрэгцээ цагдаад дуудсан цаас гардаж авсан гэх. Б.Болдсайхан эмчийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирэхийг шаарджээ. Хачирхалтай нь тэдэнд хандаж хэн нэгэн хүн гомдол гаргаагүй бөгөөд харин Цагдаагийн Ерөнхий газраас салаавч гаргагчдад хэрэг бүрдүүлж, прокурорт өгөх гэнэ. Гэхдээ одоогоор тэднийг ямар хууль зөрчиж, гэмт хэрэг хийсэн нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд цагдаагийнхан олж тогтоохоор ажиллаж байгаа талаар Б.Болдсайхан эмч жиргэжээ. 

Айхгүй ч гэсэн аягүй гэдэг дээ. Дөрөв, таван жилийн өмнө “Ц.Элбэгдорж ялалт байгуулбал хүн болгон айдасгүй, эрх чөлөөтэй амьдрах” тухай бичиж байсан Б.Болдсайхан эмч өнөөдөр Төрийн ордон руугаа салаавч гаргасан хэргээр цагдаад дуудагдаж байна. Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Иргэний зориг гаргаж, салаавч гаргалаа” хэмээн хэлсэн. Энд нэг зүйл яваад байгаа биз. Тэд цаанаа л нэг айдастай байх шиг ээ. Гэхдээ хэнээс айгаад байгаа юм бол. Айх байсан л юм бол анхнаасаа хийх хэрэггүй байсан юм. Харин салаавчтай жагсаалын дараахь амралтын өдрөөр ам.долларын ханш багахан хэмжээгээр буурав. Тиймээс энэ жагсаал амжилттай болсон ч юм шиг. УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж, ам.долларын ханшийг хөөрөгдөж буй эзнийг олж, хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Гэхдээ л өнөөдрийн байдлаар Монгол банкны ам.долларын ханш 1712.38 төгрөг байна. Харин Б.Болдсайхан эмч өчигдөр “өө УИХ, ЗГ хоёр Э/З-аа сэргээх арга хэмжээ авахгүй, ууландаа аялаад, хямраагүй гээд гүрийгээд байвал дахиад ч САЛААВЧ өгнө дөө” хэмээн жиргэжээ. Ам.долларын өсөлттэй холбоотой хэрэг нэг иймэрхүү. 

Харин Чингисийн талбайд цуглаж, Төрийн ордон руу салаавч гаргасан хүн цагдаад дуудагддаг гэдгийг монголчууд мэдэж авлаа. Ер нь бол Чингисийн талбайд салаавчтай жагсаал хийх нь байтугай багахан хэмжээний баяр наадам хийхэд ч зөвшөөрөл авдаг гэдгийг Б.Болдсайхан эмч, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нар мэдэхгүй байна гэж баймгүй. Хэрэв дахиад тийм жагсаал хийхийг санаархаж байгаа бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зөвшөөрөл авахыг зөвлөе. Гэхдээ Чингисийн талбайд салаавч гаргаад явж бай гэдэг зөвшөөрөл олгохгүй л болов уу. 

Нөгөө талаар дайны хажуугаар дажин гэгчээр сиймхийгээр нь олны танил болох гээд ядчихсан юмнууд бас байна аа. Хэн ч мэдэхгүй нөхөд Чингисийн талбай дээр “Тодрох технологи” хэрэгжүүлээд байгаа юм уу хаашаа юм. 
Эцэст нь хэлэхэд Чингисийн талбай гэдэг чинь тэгж хэн дуртай хүний очоод салаавчаа гаргаад, суулт хийгээд байдаг ч газар биш. Хэн ч танихгүй нэгний “Од” болдог ч газар биш. Даруулгатайхан байсан нь л онох байх шүү. 

 

Н.НОМИН