Оффшор бүсэд мөнгөө хадгалсан монголчуудын нэрс олон нийтэд ил болов. Татвар төлдөггүй бүсэд таатай нөхцлөөр мөнгөө хадгалж байсан хүмүүсийн дунд хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл гэх мэт олны танил хүмүүс байна. Э.Чулуудайгаас бусдыг нь бизнесийн салбарт хал үзэж, халуун чулуу долоотлоо туршлага хуримтлуулсан бас ч үгүй их, бага хэмжээгээр хөдөлмөрлөж өнөөдрийн амжилтад хүрсэн хүмүүс гээд дуугүй өнгөрөөж болох юм.

 

Э.Чулуудай оффшор бүсэд бүртгэлтэй компани байгуулах хөрөнгийг хэрхэн босгов

Харин хотын даргын хүү Э.Чулуудайн нэр оффшорт бүртгэлтэй байгаа нь иргэдэд олон талын хардлагыг төрүүлж эхэллээ. Тодруулбал, олон нийт түүнийг оффшор бүсэд компани байгуулах хэмжээний туршлагатай хүн мөн үү, ингэж ажиллахад эцгийнх нь зөвлөгөө, тусламж нөлөөлсөн юм биш биз. Цаашилбал оффшорт компани байгуулах хэмжээний хөрөнгийнх нь эх үүсвэр юу байв гэх мэтчилэнгээр хардаж байна. Түүний хувьд "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэжээ. Бүртгүүлсэн компани нь Хонконгийн хамгийн үнэтэй байрлалд оршдог “OCEAN CENTRE” оффисын наймдугаар давхарт байрладаг юм байна. Уг барилгад өрөө худалдаж авах, түрээслэхийн аль, аль нь хэт үнэтэйд тооцогдох бөгөөд дэлхийн хэмжээний баячууд л эндхийг зорьдог аж. Харин насаараа төрийн албанд ажилласан аавтай дөнгөж 30 гаруй настай залуу ийм үнэтэй оффис түрээсэлж, мөн оффшорд компани байгуулах их хэмжээний хөрөнгийг хаанаасаа гаргаад ирэв гэдэг нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм.

 

Оффшорт бүртгэлтэй "Strategic Mines Inc" компани үйл ажиллагаа явуулаагүй юу?

 

Шуугиан тариад буй уг мэдээлэлд Э.Чулуудай албан ёсны тайлбар өгөхдөө “Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй” гэжээ.


Түүний хэлснээр бол Э.Бат-Үүлийг хотын дарга болохоос өмнө буюу 2011 онд тус компанийг байгуулжээ. Гэхдээ энэ нь Э.Бат-Үүл хотын дарга болохоос өмнө ямар нэгэн өндөр албан тушаал хашиж байгаагүй, мөнгөгүй байсан гэсэн үг биш юм. Цаашилбал, улс төрд ажиллаж олсон мөнгөөрөө хүүдээ туслаагүй ч гэх баталгаагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр огт данс, нээгээгүй, гүйлгээ хийгдээгүй, үйл ажиллагаа явуулаагүй компанийн нэр, хаяг одоог хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байна гэдэг нь эргэлзээтэй юм.

Барилгын компанийн босс Э.Чулуудай оффшор бүсэд компани байгуулах хөрөнгөө хэрхэн босгов


Оффшорт бүртгэлтэй нь нотлогдож хар дээр цагаанаар бичигдсэн мэдээллийг Үүл даргын хүү үгүйсгээд байгаа. Түүнийг мэлзэж, бултахдаа гарамгай гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг. Э.Чулуудай нь “Сонор” рекордс, “Грандлайн” гэх компанийг байгуулсанаас өөрөөр дорвитой ажиллаж, гавъяа байгуулж байгаагүй нэгэн аж. Сүүлд тэрбээр брокер диллерийн компани ажиллуулж байснаа барилгын салбар руу хальтирч “Эрдэнийн төгөл” хотхоныг барьсан ч энэ салбар түүнд хүндэдсэн үү хэл амнаас огт салаагүй төдийгүй Үүл даргын нэр хүндийг ч шороотой хутгаж орхисон билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө түүний “Грандлайн” компани гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Тухайн үед Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК шалгарч байсан нь тэднийг олон нийтийн шүүмжлэлд аваачсан юм.

 

Гэтэл удалгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Олон хүн “Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихсан бол хэл амгүй байх байв. Гэвч тэд ганц ч барилга барилгүй 2015 оныг хүргэсэн юм. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсан их мөнгөн дээр эзэн суусан Б.Чулуудайн толгойлж буй “Грандлайн” компанитай холбоотой саар мэдээлэл үүгээр дууссангүй. Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрт шалгарсан даруйдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргажээ. Түүнчлэн “Түмэн амгалан" цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулсан Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс саяхан тогтоосон байдаг.


Туркийн хэвлэлүүд энэ талаар “Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн төрсөн хүү Б.Чулуудай Турк түншээ мэхлэв” хэмээн бичиж байсан. Түүнчлэн Э.Бат-Үүлийг Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, парламентад хэд хэдэн удаа сонгогдсон депутат бөгөөд 2012 онд Нийслэл хотын дарга болсон нэгэн гэдгийг онцолж байсан юм.

 

Мөн тус хэвлэлд “Б.Чулуудайн хувийн компани “Грандлайн" нь Туркийн “216 Япи” компанитай хамтран ажиллах гэрээг 2013 онд байгуулсан. Тэд Улаанбаатарт 16 давхар бүхий 11 блокоос бүрдэх 9 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт бүхий “Түмэн Амгалан” хорооллын бүтээн байгуулалтыг хийхээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, нэгж хувьцааг нь 100 мянган төгрөгөөр үнэлэн 700 сая 800 мянган төгрөгийн (438,000$) хувь нийлүүлэхээр болсон байна. Энэхүү “Түмэн амгалан” хорооллын шав тавих ёслол 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болсон ба энэ арга хэмжээнд Туркийн УИХ-ын дарга оролцох ёстой байсан боловч урд өдөр нь учир битүүлэг шалтгаанаар цуцлагдсан байдаг. Үүнээс хойш “216 Япи Үрэти худалдаа" компани хувьцааны үнэ 496 сая 806 мянга 500 төгрөгийг (219,000$) анхны хөрөнгө оруулалт болгон хийсэн. Үүнээс гадна “Түмэн Амгалан” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх 2014 оны зургаадугаар cap хүртэл 682,614,11 ам.долларыг бэлнээр мөн 652,716 долларын тоног төхөөрөмжөөр нийт 1,319,200 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Харамсалтай нь Б.Чулуудай гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүулж хөрөнгөө оруулсангүй. Б.Чулуудайн “Грандлайн” компани энэ хугацаанд 607 сая 208 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй. Мөн Туркийн 12 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч гурван хүний байр хоол, унаа, цалингийн асуудлыг шийдвэрлээгүй байна. Гэтэл тун сонирхолтой зүйл болж хамтарсан компанид хувьцааны хөрөнгөө байршуулаагүй “Грандлайн” компани хамтарсан хөрөнгө бүхий компанийн 50 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэн авахаар Арбитрийн шүүхэд Турк хамтрагчаа хариуцагчаар өгсөн. Энэ маргаанд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн компани ялж "Түмэн Амгалан" хорооллын төсөлд оруулсан мөнгө, хувь эзэмшсэн хөрөнгө зэргээрээ “216 Япи Үрэти худалдаа” компани xoxиpoл хүлээгээд байна” хэмээн бичиж байв.

 

Туркууд гадаад оронд хөрөнгө оруулалт хийж, үүгээрээ эдийн засагтаа ихээхэн хүч дэм өгдөг. Манай улстай ч найрсаг, сайхан харилцаатай байж ирсэн. Тэд Улаанбаатарт Туркийн нэрэмжит тохилог гудамжийг хүртэл байгуулж өгсөн гавъяатай хүмүүс. Яг үнэндээ Турк компани Монголын компанид итгэж, манай улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан явдал юу юунаас илүү чухал байхад Б.Чулуудай улсынхаа нэр хүндийг шавартай хутгаж бусад компаниудад хийгдэх ёстой байсан хөрөнгө оруулалтыг гацаахад хүргэсэн гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй байх.

 

Э.Бат-Үүл хүүгээ хэл амнаас зугатаалгаж гадаад руу явуулсан уу

Саяханыг хүртэл машингүй, хувьдаа бизнесгүй эхнэрийнхээ бичсэн “Үүл бид хоёр” номны орлого, цалин хоёроороо л амьдардаг гэж ярьж явсан хотын дарга Э.Бат-Үүлийн хүү харин баян нэгэн аж. Тэгвэл Э.Бат-Үүл дарга саяхан хүү Чулуудайгаа гадаад руу явуулсан байна. Удахгүй сонгууль болох гэж байгаа. Улс төр тойрсон цагаан, хар хэл амнаас хол байсан нь дээр. Сонгууль дууссаны дараа ирээрэй хэмээн хүүгээ гадаад руу явуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн оффшор дансны мэдээлэл цацагдах сургаар ч хүүгээ гадаад руу явуулсан байх магадлалтай юм. Ямартай ч оффшор данстай гэгдэж буй Э.Чулуудайн асуудал зөвхөн түүний бус Хотын даргад ч хамаатай учир Үүл дарга учрыг нь олж тайлбар хийх биз.

 

Харин энэ тохиолдолд гадны улс оронд хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцордог байна. АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцох, шалгах тухайгаа аль хэдийнээ мэдэгдээд байна.

 

Харин манай улсын хуулийн байгууллагууд уг асуудлаар таг, чиг. УИХ-ын гишүүн асан, Хотын захирагч Э.Бат-Үүлийн өөрийнх нь нэр гарч ирээгүй ч үр хүүхэд нь ийнхүү оффшор бүст данстай байх нь хэр ёс зүйтэй вэ. Мөнгөний эх сурвалжийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байлаа гэж бодоход энэ хэр ёс зүйтэй алхам бэ?. Тэр уг асуудалд улс төрчийн ёс зүйгээр хандаж уучлал гуйн албан тушаалаасаа чөлөөлөгдөх болов уу. Уг нь гадны улс орнуудад оффшор бүс дэхь данс нь илэрсэн улс төрчид ард түмнээсээ уучлал гуйгаад албан тушаалаасаа чөлөөлөгддөг. Харин манай улсад яах бол...

24tsag.mn