“Толгойдоо гэмтэл авсан нярайн бие сайжирч байгаа” гэв
2013/09/11
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 4-нд согтуу эмчийн буруутай үйлдлээс болж нярай хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Г.Зулаа гэх эмэгтэй төрөх эмнэлэгт дуудлага өгчээ.
Гэтэл тус эмнэлгийн ажилтнууд “Бидэнд бензин байхгүй. Аргалж байгаад өөрсдөө эмнэлэг дээр хүрээд ир” гэсэн байна. Г.Зулааг нөхрийн хамт эмнэлэгт ирэхэд эмч нар үзлэг хийж, эмнэлгийнхээ амрах байранд хэвтүүлжээ.
Эх өвдөж эхлэхэд эмч нарын ээлж солигдож н.Сүрэнжав гэдэг эмч эх барьж авахаар болсон гэнэ. Тухайн үед н.Сүрэнжав эмч хүүхэд доошлохгүй байсан учир хүүхдийн толгойг соруулж эхэлсэн байна.
Хүүхдийг соруулдаг багажаар 2-3 удаа соруулах ёстой байдаг аж. Түүнээс олон удаа соруулбал аюултай гэж үздэг байна. Гэтэл тухайн үед н.Сүрэнжав гэх эмч тус багажаар хүүхдийн толгойг 5-6 удаа соруулснаас үүдэн нярай тархиндаа хүнд гэмтэл авчээ. Энэ талаар нярайн ээж Г.Зулаа “Эмч наад зах нь дүлэх аргачлалыг заагаагүй. Тэр ч байтугай хүүхдэд маань огт анхаарал тавиагүй. Тухайн үед өвдөлт их өгч, сүүлдээ бүр сульдсан байсан учраас ээж, нөхрийнхөө аль нэгнийг дуудаж өгөхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Соруулдаг багажаар соруулах үед хүүхдийн маань толгойноос хэд хэдэн удаа сугарч унасан. Дөнгөж төрсөн хүүхэд бараг ясгүй байдаг шүү дээ” гэв. Эмчийн буруутай үйлдэлд ямар хариуцлага тооцох талаар Эрүүл мэндийн яамны ажилтнаас тодруулахад “Алдаа гаргасан эмчийг ажлаас нь халах тушаал гарсан байгаа.
Нярайн биеийн байдал сайжирч байгаа гэх боловч тус эмнэлгээс одоогийн байдлаар тодорхой дүгнэлтийг хийхэд эрт байна гэдгийг хэлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм. Нөгөөтэйгүүр нярайг тус эмнэлгийн инкубаторт эмчилж байгаа гэсэн. Ингээд тухайн хэрэгтэй холбогдуулан нярайн аав У.Есболатаас зарим зүйлийг утсаар тодруулсан юм.
У.Есболат: ГОМДОЛЛОХООС ИЛҮҮТЭЙГЭЭР ХҮҮХДИЙНХЭЭ БИЕИЙН БАЙДАЛД САНАА ЗОВЖ БАЙНА
-Эхнэрийг тань төрөх үед эх баригч эмч согтуу байсан нь тогтоогдсон гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм. Эмчийн алдаанаас болж хүүхэд маань гэмтсэн гэдэг нь нотлогдсон. Эхнэр маань энэ сарын 3-нд өвдөж эмнэлэгт ирээд, 4-ний орой төрсөн. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч н.Сүрэнжав эмч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг олон хүн баталж байгаа.
-Хүүхдийн тань биеийн байдал хэр байна вэ?
-Хүүхдийн маань бие сайжирч байгаа. Гэхдээ одоогоор яг ийм тийм байна гэж хэлэхэд эрт байна. Одоогийн байдлаар тайван л байна. Цаашид ямар хүндрэл гарахыг бид сайн мэдэхгүй юм. Түүнчлэн гомдолтой гэхээс илүүтэйгээр хүүхдийнхээ биеийн байдалд үнэхээр санаа зовниж байна.
-Алдаа гаргасан эмч тайлбар өгсөн үү?
-Уучлаарай гэдгээс өөр зүйл яриагүй. Эхнэрт минь оёдол тавьж байхдаа үгээр доромжилсон гэсэн. Яагаад ингэсэн талаар нь асуухад уучлаарай л гэсэн. Эмч хүн ийм хайхарамжгүй байж болохгүй биз дээ. Түүнчлэн өөрийнх нь алдаанаас болж ийм зүйл болсон гэдгийг эмч өөрөө ч мэдэж байгаа.
-Нярай инкубаторт эмчлүүлж байгаа гэсэн. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юу?
-Инкубатороос гарсан байгаа. Одоо энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тэрбээр ийн ярьсан юм. Харин энэ талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтан “Зарим хэвлэлээр нярайн тархинд хагалгаа хийж байгаад гэмтээсэн гэсэн байсан. Энэ хэрэг нь эх дүлж чадахгүй байсны улмаас гарсан. Тэгээд аргагүй улмаас хүүхдийг соруулж гаргасан. Түүнээс биш хагалгаа хийсэн юм байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
Ямартай ч уг хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн удирдлагууд шуурхай хуралдаж, тухайн үед алдаа гаргасан эмчийг ажлаас нь халах арга хэмжээ авсан гэсэн. Гэвч хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой эмч хүн, тэр дундаа нярайн хүүхдийг архины хор уршгаар гэмтээнэ гэдэг нь том зөрчил. Гэтэл энэхүү хэргийн төлөөсөнд ажлаас халах зэргийн хариуцлага тооцоод орхих нь хүний амийг үнэгүйдсэн гэдгийг хэлээд байх шиг. Нөгөөтэйгүүр тухайн алдаа гаргасан эмчид хариуцлага тооцох нь чухал биш, гэмтсэн нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах нь чухал болоод байгаа аж.
Т.Болорцэцэг
Зочин · 2013/09/17
eo yostoi aimar ym bna,namaig mgl emegtei geed turuh geed hevtej baihad yas undseer gaduurhaad bgaa emch bsan uu? ugui,ene muuhai mgliin emch nar bayn yduu yas undseer ne ylgavralsan muuhai amitad,negniigee ymar ih uusgadag ym be mgl chuudaa.
Зочин · 2013/09/12
Tangarag orgoson emch bj arai ch dee Zovhon ajlaas h**** ni bagadna. Hariutslaga tootsoj emchiin erhiig ni hasval taarna