Хамгийн анх УИХ-ын гишүүн С.Баярцогтын мартсан оффшор данс илэрч, нэлээд шуугиан тарьсан ч түүнд ямарч хариуцлага хүлээлгээгүй, түүнийг Оюутолгойн гэрээ хийж, гэрээний авлигад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө аваад, оффшорт хүртэл нуусан гэх мэдээлэл гарч байсан ч тэгэс хийгээд намдсан түүхтэй. Харин өнгөрсөн долоо хоногт Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс оффшор данстнуудын мэдээллийг бүрэн эхээр нь зарласан байгаа. Тэдний ихэнх нь улстөрчид байгаа юм байна.

Нууц данстай улс төрчдийн мэдээлэлд нийт 12 орны одоогийн болон өмнө нь улс төрд байсан 140 гаруй хүний нэр багтаж, тэдний дунд, Исланд, Пакистан, Украины Ерөнхийлөгч Ерөнхий сайд, Саудын Арабын хаан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний дотны найз, Монгол улсын нэр бүхий улс төрчдийн нэр ч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, зэрэг улсуудын засгийн газраас оффшор данстай улс төрчдийг шалгаж хариуцлага тооцохоор мөрдөх комисс байгуулан ажиллаж эхэлсэн аж. Энэ талаар Канадын сангийн сайд Даяна Либотилиур “Асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгана. Шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно” гэжээ. Япон болон БНХАУ-ын засгийн газраас оффшор данстай зарим албан тушаалтныг цагдан хориод байгаа юм байна.

 

Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассоны оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд иргэд дургүйцэж жагсаал хийж, ерөнхий сайдаа огцруулсан байгаа юм. Тэд сайдыг огцруулсан ч парламентаа бүхэлд нь огцруулах санал гаргаад байгаа ажээ. Мөн оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориаг ажлаас нь чөлөөлсөн аж. Харин Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиараа хоригложээ. Түүнчлэн Австри, Австрали, Энэтхэг, Бельги, Украин зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтнуудыг шалгаж байгаа аж. Харин манай улсын хувьд оффшортнуудад хариуцлага тооцох битгий хэл, тэр тухай дурсаж байгаа хүн ч цөөхөн байна. Ямар нэг аргаар мөнгө цохиод цохиод хэдэнтэй баригдаад сурчихсан улстөрчдөд оффшор байх ёстой юм шиг санагдаж буй байх. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр иргэд төрийн тэргүүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ гэж асуухад

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн" гэжээ. Одоо тэгвэл Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болдог үгүйг л харах үлдлээ.

С.Баярцогт Хятад нэрээр мөн Хятадын монгол гэх хаягаар оффшорт данстай гэх мэдээлэл байгаа бөгөөд Монголоос оффшорыг эхлүүлж, хэрхэн хариуцлага хүлээхгүй байж болдогийг харуулсан учир улстөрчид ар араасаа оффшорт мөнгөө нуудаг болжээ. Хамгийн гол нь ямар замаар хэрхэн яаж, олсон нь тодорхой бус байгаад гол учир байгаа юм. Сүүлийн үед бизнесээс ашиг олж чадахгүй болсон нөхөд улстөрд дурлан тэндээс мөнгө олохыг эрмэлздэг болсон цаг шүү дээ. Оффшорын загалмайлсан эцэг болох С.Баярцогтын асуудлыг шалгаж, нэг мөр болгоогүй цагт монголын эдийн засаг дампуурч улсын мөнгө оффшорт ороод үгүйрэх юм байна.

Н.Ганаа