“Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа удирдлагууддаа хандаж “Монгол Улсын болон Олон улсын нэгдэн орсон конвенцийг биелүүлэлгүй Монгол, гадаад ажилчдын цалинг эрс ялгаатай тогтоосон. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд Монгол ажилчидтай ёс зүйгүй, хүндлэлгүй харьцаж, айлган сүрдүүлдэг” гэж мэдэгдснээсээ  болж ажлаасаа хууль бусаар халагдсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан иргэн С.Гантуяа анхан шүүхэд өнгөрсөн 2-р сард өргөдөл өгсөн бөгөөд анхан болон дунд шатны шүүхээр асуудал түүний талд гарсан юм.  

Өнөөдөр энэ хэргийн  шүүх хурал Улсын дээд шүүх дээр болж дөнгөж сая дууслаа. Тодруулбал шүүгч н.Цолмон даргалан явуулсан  шүүх хуралдаанаас  иргэн С.Гантуяаг ажлаас халсан нь хууль бус хэмээн үзсэн  байна.  Улмаар ажилд нь эргүүлэн авах, мөн ажилласан хугацааны  цалинг бодож өгөх шийдвэр гаргажээ.  Шүүх хуралдаанд Рио Тинтог өмгөөлж Хөдөлмөрийн харилцааны хэргээр мэргэшсэн  өмгөөлөгч Г.Уранцэцэг ажилласан бол иргэн С.Гантуяагийн өмгөөлөгчөөр н.Наранбаатар ажилласан байна.

Тэгэхээр С.Гантуяагын хувьд ажилдаа буцаж орж Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгохын зэрэгцээ, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа бодуулж, төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлах үлдээд байна.  

Тэрбээр  шүүх хуралдаанд орохоосоо өмнө “Гадаад, монгол ажилчдын цалин эрс ялгаатай байна. Дээр нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ үүнийг тусгасан байгаа. Ижил хөдөлмөрийн нөхцөл дээр ижил, тэнцүү цалин авна гэж заасан бий. Эр, эм, арьс, өнгө, шашнаар ялгаварлахгүйгээр цалинг нь тогтоож өгөх ёстой олон улсын гэрээнд манай улс нэгдчихсэн. Энэ бүх шаардлагыг тавьснаар би аравдугаар сарын 29-нд ажлаасаа халагдах мэдэгдэл авсан. Хөдөлмөрийн хуулийн олон заалт зөрчиж, ажлаа давуулан сайн хийж байсан ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээрээ зөрчөөд энэ том компани хэдэн сайд, дарга таньдаг гэж эрдсэн байх, хөөрхий. Энд ганцхан С.Гантуяа ялаагүй. Би ганц өөрийн эрх ашгаа бодоогүй. Бүх ажилчдын эрхийг хөндсөн” хэмээн тайлбарлаж байсан юм.

А.Баярмаа