Р.Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдууланцагдан хорьж, шалгаж байгаа билээ. Тодруулбал эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тиймээс тэрбээр буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа юм.

Р.Онон 800 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг бөгөөд үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.

Тэгвэл тэрбээр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрчээ. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг барьж эхэлсэн байдаг.

Тухайн үед хяналтын туслан гүйцэтгэгч нэрээр тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 2 удаа 200 сая төгрөг шилжүүлээд авчихсан талаар мэдээлэл байна. Мөн үүнээс гадна Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг тавьж эхлэх эхэн үеэс л мөнгө төгрөг идсэн уусан тухай мэдээлэл гарч байв.

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, Засгийн газрын тогтоол гаргуулсан ажээ. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн ч Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн талаар дуулиан нэлээд дэгдэж байсан удаатай.

Ямартай ч Р.Ононг ХОМ-ээ цалингаа өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн нь хууль хяналтынхны анхаарлыг татаж, шалгахад хүрчээ. Яагаад гэхээр маш өндөрт үнэтэй олон үл хөдлөх хөрөнгийг цалингаараа худалдаж авах ямарч боломжгүй юм.

Н.Чимэг