“Ярилцах танхим” булангийн шинэ дугаартаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг урилаа. 

Төрийн өмчит олон компани хэдэн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, улсын татаасаар амь зогоож ирлээ.

Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл үгүй болж төр бол муу менежер гэдэг үг моданд орчихоод байна. Тэгвэл ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар үүнийг өөрчилж, төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахын төлөө зүтгэж явна. Түүний хийсэн эхний зоримог алхам нь ил тод байдал, компаниудын хоорондын уялдаа холбоог сайжруулсан явдал бөгөөд үүний үрээр сүүлийн хэдхэн сарын хугацаанд алдагдал олон тэрбумаар багассан сайхан мэдээг дуулгасан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Та энэ ажлыг авахдаа төрийн өмчит ком­паниу­дын алдагдлыг багасгана гэж амалж байсан. Өнгөр­сөн хугацаанд төрийн өмчит компаниудын хэдийнх нь алдагдал багассан бэ?

-Шинэчлэлийн Засгийн газ­рын салбар бүрт эхлүүлээд байгаашинэчлэл бол зөвхөн хэлбэрийн төдий биш агуулгын шинэчлэл болж бай­гаа юм.

Төрийн өмчийн хороо ч үүрэг чиглэлийнхээ дагуу салбартаа шинэчлэлийг өрнүүлж байна. Төрийн албаны тухай хуульд үндсэн хэдэн зарчим байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь иргэдэд нээлттэй, ил тод байх явдал юм. Бид иргэдэд нээлттэй байхын тулд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын талаар өмнө нь мэдээлсэн. Энэ бол ил тод байхын эхний алхам байсан юм. Сүүлийн үед иргэд төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг, төр бол муу менежер гэдэг ойлголттой болчихжээ. Үүнийг өөрчлөхийн тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол ил тод байдал гэж бид үзсэн.

-Төрийн өмчит хэдэн компани байгаа вэ?

-Одоогийн байдлаар 94 төрийн өмчит компани байгаа.

-Үүнээс хэд нь алдагдалтай ажиллаж байгаа вэ?

-Бид алдагдалтай ажиллаж бай­гаа компаниудыг гурван хэсэгт хувааж үзсэн. Нэгдүгээрт нэг тэр­бум төгрөгөөс дээш алдагдалтай 14 компани байна. Энэ бүлэгт жилд 50 тэрбум төгрөгийн алдаг­далтай компани ч байгаа. Хоёр­дугаарт 100 саяас нэг тэрбум төг­рөгийн алдагдалтай 10 компани байна. Мөн нэг, хоёр саяас 100 сая төгрөгийн алдагдалтай 13 ком­пани гарсан. Ингээд ангилаад үзэхээр компаниудын үйл ажиллагааны далайцаасаа хамаарч алдаг­дал нь харилцан адилгүй бай­гаа юм. Ингээд төрийн өмчит ком­паниудын алдагдлыг багасгахын тулд яах ёстой юм бэ гэдэг нь бид­ний хамгийн түрүүнд бодох ёстой зүйл болсон. Бид алдагдлын шалтгааныг тодруулах зорилгоор төрийн өмчит компаниудад мониторинг хийх баг гаргасан байгаа. Ажил аваад төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцах зайлшгүй шаард­лагатай болсон. Компаниудын ажилт­нуудтай хийх уулзалтыг шалгаж, загнаж зандраад өнгөрдөг хуучин зарчмаар биш илүү нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорооноос томилсон шуурхай баг тухайн байгууллагад мониторинг, дүн шинжилгээг уулзалтаас өмнө хийсэн. Ингээд тухайн байгууллага үйл ажиллагааныхаа  танилцуулгыг эхлээд хийнэ. Тухайн байгууллага танилцуулгаа хийж байхад төрийн өмчийн хорооноос асуулт тавьж, байгууллагын ажилтнууд ч төрийн өмчийн хороо яаж ажиллаж байгаа талаар асуух маягаар нээлттэй ярилцаж мэтгэлцдэг болж байгаа юм. Уулзалтын хэлбэрийг ингэж өөрчлөхөөр ажил ч үр дүнтэй болно. Мөн дарга тухайн байгууллагын ажлыг шалгаад явсны дараа ямар ажил өрнүүлж байна вэ гэдэг нь ч тодорхой байх ёстой. Үүний тулд тухайн байгууллага менежментийн багаа дотроосоо гаргах саналыг би хэлсэн юм. Энэ баг нь байгууллагынхаа цаашдын төлөвлөгөөг гаргаж УИХ-аар ямар асуудал шийдвэрлэх вэ, Төрийн өмчийн хороо, салбарын яамд ямар асуудал шийдвэрлэх вэ гэдгийг тодорхой болгоно. Төрийн өмчийн хороо энэ саналыг нь тухайн байгууллагуудад нь уламжилж өгөх талаар ажиллаж байна.

-Компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн шалтгааныг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Компаниудын удирдлагууд харилцан адилгүй менежменттэй ажиллаж байна. Тийм учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн төрийн өмчийн компаниуд хоо­рондоо уялдаж, нэгнээ нөхөж ажиллахгүй байна. Үүнээс гадна биесээ дэмжихгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Би энд ганцхан жишээ хэлье. Бид МИАТ ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаад нэг асуудлыг шийдвэрлэсэн. ИНЕГ-ын мэдэлд “Ангар” буюу онгоц засварын газар гэж байдаг. Гэтэл энэ газрыг “МИАТ” ТӨХК ашиглаад ИНЕГ-т онгоц засварын газрыг ашигласны төлөө жил бүр 300 сая төгрөг төлдөг. Энэ нь хуримтлагдсаар байгаад 4.5 тэрбум төгрөгийн өр болчихсон байна билээ. Онгоц засварын газар заавал ИНЕГ-ын мэдэлт байх шаардлагагүй учраас “МИАТ” компанид шилжүүлэх тогтоолыг Төрийн өмчийн хорооноос гар­гасан. Салбарын яамнаас нь ч зөвшөөрөл өгсөн. Одоо Засгийн газ­рын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлж тогтоол гаргах байх.

-Төрийн өмчийн хорооны энэ шийдвэрийг ИНЕГ-ынхан яаж хүлээж авч байна вэ. Мэдээж эсэргүүцэж л байгаа байх даа?

-Тийм. ИНЕГ-ынхан үүнийг эсэргүүцэж байсан. Гэхдээ онгоц засварын газрыг яагаад хэрэгтэй компанид нь шилжүүлж болохгүй гэж. Үүнээс болж төрийн өмчит компаниудын хооронд өчнөөн тэрбум төгрөгийн өр үүсч байна шүү дээ. Нэг компани нь хэдэн тэрбумын авлагатай, нөгөө нь өртэй юм шиг харагдаж байна. Компаниудын хооронд ийм зохицуулалт хийгээд л нөгөө 50 тэрбум төгрөгийн алдагдлын 4.5 тэрбумынх нь асууд­лыг шийдвэрлэчихэж байгаа юм. Энэ бол ахиц шүү дээ. Тэгэхээр төрийн өмчит компаниуд харилцан уялдаатай ажиллаж чадвал үүнээс илүүг хэмнэх боломжтойг бид олж харсан.

 

ГАН БӨМБӨЛГИЙН НАЙМАА Л “ЭРДЭНЭТ”-Д ЖИЛД ДӨРВӨН САЯЫН ХОХИРОЛ УЧРУУЛДАГ

 

-Үнэхээр ахиц гарч л байгаа юм байна. Цаашид иймэрхүү зохицуулалт хийж чадвал их мөнгө хэмнэх боломжтой болох юм байна даа?

-Тийм. Одоо Засгийн газрын тогтоол гарчихвал “МИАТ” ТӨХК, ИНЕГ-ын хооронд үүссэн өрийн зарим асуудлыг шийднэ гэсэн үг. Яагаад гэвэл энэ бол цаасан дээр байгаа л өр шүү дээ. Хэрвээ онгоц засварын газрыг ИНЕГ-аас “МИАТ” компани руу шилжүүлчихвэл жил бүр төлдөг 300 сая төгрөгөөрөө техник технологийн шинэчлэлээс эхлээд олон зүйлд зарцуулах болно. Төрийн өмчит компаниудын уялдаа холбоог сайжруулсан талаар дахин нэг жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлгийн бизнес газар авчихаад байна. Ган бөмбөлгийн шахааны наймаанаас болж бөөн асуудал гарлаа шүү дээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай ган бөмбөлгийг дэргэд нь байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйлдвэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр үйлдвэр хоорондоо гэрээ байгуулчихвал аль алинд нь ашигтай. Манай төрийн өмчит хоёр үйлдвэр шууд гэрээ байгуулаад ажиллахын оронд дундуур нь өөр хүн орчихоор тэрбум төгрөгийн алдагдал гараад байгаа юм. Ха­рин Эрдэнэт болон Дарханы төмөр­лөгийн үйлдвэр шууд гэрээ бай­гуулчихвал өнөөгийн нөхцөлд нэг тэр бум төгрөг хэмнэх боломжтой болж байгаа юм. Эрдэнэт үйлдвэр ган бөмбөлгөө хямд үнээр авна, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажил ч зогсохгүй. Одоо Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирал П.Эрдэнэцогт хоёр хэлэлцээр хийгээд хамтарч ажиллаж байна. Энэ бол том ололт юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай 20 мянган тонн ган бөмбөлгийг бүгдийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлбэл Эрдэнэт үйлдвэрт жилд дөрвөн сая ам.долларын ашигтай ажиллана. Өмнө нь жил бүр дөрвөн сая ам.долларыг ингэж алдаж байсан байх нь шүү дээ. Энэ бол бидний хэлээд байгаа төрийн өмчит компаниудын уялдаа холбоотой ажиллаж байгаагийн тод жишээ юм.

-Төрийн өмчит компаниудын алдагдалгүй ажиллах үүд нээгдлээ гэж хэлэхэд болох юм шиг байна. Гэтэл энэ асуудлыг нөгөө талаас нь харвал Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес хий­гээд сурчихсан хүмүүс танд их л дургүйцэж байгаа байх даа?

-Тэд дургүйцлээ гээд яах юм бэ. Бид аливаа зүйлийг эхлээд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашиг талаас нь харж сурмаар байна. Шахааны бизнес нь эрхэлж мөнгийг тэрбумаар нь халаасалж байгаа хүмүүст хийж байгаа ажил нь сайхан байж болно. Гэтэл нэг удаагийн ийм бизнес улсад ямар их хохирол авчирч байна вэ гэдгийг л хармаар байна шүү дээ. Зөвхөн ган бөмбөлгийн наймаа гэхэд л Эрдэнэт үйлдвэрт жилд дөрвөн сая төгрөгийн хохирол учруулж байна.

 

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ БАРАА ШАХДАГ УЛСТӨРЧДИЙН БИЗНЕСИЙН ЗАМ БҮДГЭРЧ ЭХЭЛСЭН

 

-Үүнээс гадна төрийн өмчит компаниуд ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахын тулд урьдчилгаа мөнгө төлдөг. Энэ урьдчилгаа төлбөр авлигыг дэмжиж байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхөд санаа тавьж байна уу?

Бид төрийн өмчит үйлдвэрүүд бараа, бүтээгдэхүүн худалдаж ава­хын тулд бизнес эрхлэгчдэд урьдчилгаа төлбөр төлдөг явдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид урьдчилгаа төлбөрөөрөө хямд бараа аваад үүрийгээ ком­паниудад хэд дахин нугалж зараад ашиг олж байсан. Одоо энэ байдлыг зогсоосон. Өмнө нь төрийн албан хаагчид, улстөрчдийн Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг шахааны бизнесийн зам дурайж байсан бол одооноос бүдгэрч эхэллээ. Улстөрчид Эрдэнэт үйлд­вэрт өндөр үнэтэй бараа шахах боломжийг хааж байгаа. Ингэснээр жирийн бизнесменүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 20-30 хувийн ашигтай наймаа хийх боломж нь нээгдэж байгаа юм. Үүнийг дагаад төрийн өмчит үйлдвэрүүд өөрсөддөө хэрэггүй бараа бүтээгдэхүүн өндөр үнээр авч их хэмжээний алдагдал хүлээдгийг зогсоож байна. Ингэж төрийн өмчит үйлдвэрийн газруудад хэт өндөр үнээр бараа бүтээгдэхүүн шахаж ашиг олох боломжийг нь хааснаар тухайн хүнийг ч гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Тэр хүмүүс дургүйцэж байж болно. Гэхдээ энэ ажлыг бид л хийхгүй юм бол хэн хийх юм бэ. Ер нь олон жилийн турш бугшсан энэ тогтолцоог одоо л өөрчлөх хэрэгтэй байна. Үүний тулд Төрийн өмчийн хороо дорвитой ажил хийж байгаа.

 

ТӨХ-НЫ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАХ ЗАРЧИМ ИРГЭДИЙГ ТАТАЖ БАЙНА

 

-Төр юмандаа эзэн нь байхын тулд төрийн өмчит компаниудад өмнө жилүүдийнхээс нарийн шалгалт хийдэг болсон юм уу?

-Бидний хувьд төр муу менежер гэдэг сэтгэлгээг л өөрчилье гэж бодож байгаа. Төрийн өмчөө зөв ашигладаг, зөв захиран зарцуулдаг, бүртгэдэг, тайлан тооцоо гаргадаг, зөв хадгалдаг л баймаар байна. Мөн хамгийн чухал нь бид төрийн өмчөө арвижуулах ёстой. Хуучин нийгмийн үеийн социалист өмч, өнөөгийн зах зээлийн төрийн өмч хоёр хоорондоо их ялгаатай. Одоогийн төрийн өмч бол хувьч­лагддаг, өөрчлөгддөг, арвиждаг л байхгүй юу. Зарим хүн үүнийг янз бүрээр харж байх шиг байна. Тухайлбал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж чадахгүй л байгаа юм чинь бүгдийг нь хувьчилчихъя гэж үздэг хүн олон байдаг. Энэ бол туйлшрал. Төр өмчтэй л байгаа юм бол энэ хөрөнгөө арвижуулахын төлөө ажиллах ёстой шүү дээ.

 

Би Саяхан Чех, Франц Улсын төлөөлөгчидтэй уулзсан. Тэд, бид төрийн өмчөө бүгдийг хувьч­лаад асар их хохирол амслаа. Харин танайх төрийн стратегийн ач холбогдолтой зарим өмчөө хувьчлаагүй байгаа нь сайн хэрэг гэж байсан. Бид нэгэнт алдсан хүмүүсийн жишээг дав­тах ёсгүй байхгүй юу. Мөн Норвеги улс саяхан мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниа төрийн өмчид шилжүүлсэн байна билээ. Зарим хүн биднийг буцаад социалист өмчтэй болох гэж байна хэмээн ярьж байна. Гэхдээ төрийн өмч байгаа л юм бол түүнийг яаж алдагдалгүй, ашигтай байлгах вэ гэдгийг л бодох ёстой. Тиймээс эхний ээлжинд төрийн өмчит компаниудаа цэгцлэх шаардлагатай байна. Ингээд дараа нь хувьчлах асуудлыг ярьж болно. Хувьчлалыг огт хийхгүй гэж хэлээгүй. Тэртээ тэргүй хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэлийг бид баталдаг шүү дээ. Үндсэн чиглэлийг одоо Засгийн газар хэлэлцэж байна. Дараа нь УИХ-аар орно. Тэгэхээр хүссэн хүсээгүй төрийн өмчит компаниудыг хувьчилна. Манай нийгэмд олон жилийн турш тогтсон нэг зүйл бол төрийн өмчит компаниудыг үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг явдал. Манай зарим хүн дампуурах шахсан компанийг хувьд шилжүүлээд хөл дээр нь босгодог юм гэдэг ойлголттой байна. Үүний оронд одоо байгаа компаниудынхаа менежментийг зөв хийж, зөв удирдаад ашигтай ажилладаг, өрсөлдөх чадвартай болсных нь дараа хувьд шил­жүүлбэл асуудалгүй. Бидэнд ийм боломж бий шүү дээ. Хамгийн гол нь өмнө тулгарч байгаа багахан бэрхшээлийг зоригтой давдаг л байя. Төрийн өмчийн хороо ил тод нээлттэй ажиллаад эхлэхээр иргэдийн хяналт бий болж байна. Иргэд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд анхаарал хандуулаад эхэллээ шүү дээ.

-Манай төр 1990 онд хувьчилж байснаасаа илүү өмчтэй болчихсон байна гэж хүмүүс шүүмжилж байна. Үнэхээр төр заавал ийм их хэмжээний хөрөнгийг эзэмших шаардлага байна уу?

-Энэ жил нийт 12 их наяд төгрөгийн төрийн өмч тоологдсон байгаа шүү дээ. Хамгийн гол нь социалист нийгмийн өмч болон өнөөгийн нийгмийн төрийн өмч хоорондоо ялгаатай. Иргэд төрийн өмчийн тодорхой хувийг авч болно.

-Төрд зайлшгүй шаардлагагүй өмчийг хувьчлах шаардлагатай байх. Тухайлбал мэргэжил сур­галт үйлдвэрлэлийн төвүүд төрийн өмчид байх хэрэггүй байх?

-Хувьчлахад ямар ч асуудалгүй. Стратегийн ач холбогдолтой өмч бол нэг хэсэгтээ төрийн мэдэлд байх нь зүйтэй. Онолын хувьд төрийн өмчийг бүгдийг нь хувьч­лах асуудал байж болно. Ер нь өмч үргэлж өөрчлөгдөж хувирч байх ёстой юм. Бид төрийн өмчийг арвижуулах ёстой. Тухайлбал төмөр зам барих ажлыг төр зохион байгуулж удирдаж авч явах ёстой юм. Тиймээс төрийн өмчит компанийг байгуулсан. Ингэж байгуулаад эргээд хувьчлагдаж эхэлж байна шүү дээ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 66 хувьд нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах хэлбэрээр хувьчилж байна. Тэгэхээр сүүлийн үед хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргах замаар хувьчлах асуудал гарч байгаа.

-Төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл нууц байж ирлээ. Ашигтай, ашиггүй нь ч мэдэгддэггүй болохоор иргэд анхаардаггүй байсан байх л даа?

-Тийм. Үнэхээр ил тод ажилласнаар иргэд төрийн өмчит компаниудын талаар мэдээлэлтэй болж дагаад хяналт тавьдаг бол­чихлоо. Мөн иргэд төрийн өмчтэй холбоотой асуудлаар надтай ирж уулздаг болсон. Тухайлбал н.Сэр-Од гэж малын их эмч хүн надтай Цөм сүргийн аж ахуйн талаар санал солилцож байна. Тэр хүн цөм сүргийн зарим фермүүд алдагдалтай ажиллаж байна. Жишээлбэл: Говь гурван сайхан үүлдрийн ямаа­ны ашиг шим муу байна. Энэ үүлдрийн ямааг 45 дугаар өргөрөг дээр үржүүлж байгаа учраас сайн үржихгүй байна. Тиймээс 44 дүгээр өргөрөг рүү шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Энэ мэтчлэн үр ашигтай зүйл ярьж, хийж байгаа хүмүүсээ бид дэмжинэ. Үүнээс гадна их, дээд сургуулиудын багш нар бидэнтэй хамтарч ажиллая гэж санал тавьж байна. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд үнэ төлбөргүй судалгаа хийе гэсэн саналыг тэд тавьж байна шүү дээ. Төрийн өмчийн хороо нээлттэй ажиллаж байгаагийн үр дүнгээр энэ мэтчлэн иргэд бидэнтэй хамтарч ажилладаг боллоо. Хэрвээ бид хаалттай байсан бол хэн ч бидэнд хандахгүй. Иргэд надад маш их дэм болж байна. Алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэрүүдийг алдагдалгүй болгоход иргэдийн оролцоо чухал байна. Ер нь зоригтой хэлэхэд төрийн өмчит компаниуд цаашид ашигтай ажиллах ёстой юм байна гэдгийг би ажил хийх явцад ойл­голоо. Яагаад алдагдалтай ажиллаад байна вэ гэхээр удирдлага менежментийн алдаатай бодлого, хариуцлагагүй байдал, нэг нэгнээ дэмждэггүйгээс болж байна гэж харж байна.

-Үүнээс гадна ажилдаа сэтгэл­гүй ханддаг нь нөлөөлдөг байх?

-Мөн хамгийн чухал нь сэтгэл дудаж байна. Төрийн өмчит компанид ажиллахаар очсон зарим нэг хүн яаж баяжих уу гэж бодохоос илүү хийж бүтээе гэсэн сэтгэлтэй байвал ажил урагшилна. Цаашид зөвхөн сэтгэлгүй, зөвхөн өөрийнхөө төлөө явж байгаа нөхдийг өөрчилөнө гэдгээ хэлмээр байна. Харин бүтээе гэсэн сэтгэл байвал дэмжихээс татгалзахгүй. Шинэ зүйл хийж байгаа хүн алдаж болно. Гол нь сэтгэлтэй л байх ёстой. Зарим хүн надаас ашиггүй ажиллаж байгаа компаниудын захирлуудтай хариуцлага тооцно гэж байсан яагаад хэлсэндээ хүрэхгүй байна вэ гэж асууж байна. Гэхдээ төрийн өмчит компаниудын захирлууд ажлаа аваад удаагүй байгаа. Тэдний ажлыг  нэг жилийн дараа л үнэлнэ. Компаниудын захирлууд нэг жилийн хугацаанд яаж ажилласан бэ гэдгийг нь дүгнэснийхээ дараа л яахаа шийднэ.

 

ДЭМЖСЭН ХҮН ЧИНЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАЖ АВ ГЭЖ ЗАРИМ УЛСТӨРЧИД ХЭЛМЭЭР БАЙНА

 

-Төрийн өмчит компанийн захирлууд дунд улстөрчдийн томилгооны хүн цөөнгүй бий гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Амьдрал баян учраас зарим компанийн захирлыг хэн нэг нь дэмжсэн л байгаа шүү дээ. Тэр улстөрчдөд хэлэхэд таны томилгооны хүн ажлаа хийж чадахгүй бол бушуухан татаж ав гэж л хэлмээр байна. Компаниа ашигтай ажиллуулж чадахгүй байгаа захирал нь ч иргэний зоригтой байж суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Ийм иргэний зориг бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байж суудлаасаа буухгүй бол хариуцлагыг нь хүлээлгээд өгнө. Өөрчлөхөөс өөр аргагүй.

-Төрийн өмчит компаниудын захирлуудтай хариуцлага тооцо­хын тулд эхлээд санхүүгийн болоод үйл ажиллагааны тайлан нь нийтэд ил байх ёстой байх. Компаниудын тайланг хэзээ нийтэд ил болгох вэ?

-Ерөнхийлөгчийн энэ оны 88 дугаар зарлигт шилэн данс гэдэг ойлголтыг бий болгосон. Өөрөөр хэлбэл аль ч компанийн төсөв нээлттэй, хөрөнгө мөнгөө ямар зүйлд зарцуулж байгаа нь ил тод, худалдан авалт хийсэн бол компанийнхаа цахим хуудас дээр нээлттэй мэдээлдэг болсон. Энэ бол шинэчлэлийн нэг хэсэг. Ерөнхийлөгчийн энэ зарлигийг бид дэмжиж байгаа. Төрийн өмчит компаниуд алдагдалгүй ажиллахад энэ зүйл маш чухал нөлөө үзүүлнэ. Ер нь төрийн өмчит компаниуд мэдээллээ долоо хоног бүр өөрсдийн цахим хуудаст тавьдаг бол­сон. Компаниудын ТУЗ-ийн төрийн төлөөллүүдийг бид цахим хуудас дээрээ ил болгочихсон. Одоо бол хэн аль компанийн ТУЗ-ийн гишүүн болсон гэдэг нь ил тод байгаа. Тун удахгүй бид хараат бус гишүүдийнхээ мэдээллийг дэлгэнэ. Энэ мэтчлэн компанийн засаглалын хэлбэр рүү орж байна.

-Компаниудын цахим хуудас нэлээн идэвхжиж байгаа юм байна. Төсөв, орлого, зарлага гээд бүх мэдээлэл ил байх уу?

-Төрийн өмчийн хороо ч цахим хуудсаа шинэчилсэн. Компаниудын төсөв, орлого, зарлага, худалдан авалт зэргийг нээлттэй байлгах шаардлага тавьж байгаа.

-Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн дундаж хэмжээ хэд байгаа вэ?

-Том болон жижиг компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин эрс ялгаатай байсан. Одоо үүнийг тэн­цүүлсэн. Засгийн газрын хурал­дааны тэмдэглэлээр нэг хүн дээд тал нь хоёр компанийн ТУЗ-д ажиллаж болно гэж заасан байгаа. Мөн цалин нь 280 мянга орчим юм. Одоо бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн учраас ТУЗ-ийн гишүүдийн цалин ч нэмэгдэж байгаа.

-ТУЗ-ийн гишүүдийн цалин ийм бага байдаг учраас чадвартай хүмүүс энд орж ажиллах сонирхолгүй байдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-ТУЗ-ийн гишүүн, ялангуяа хараат бус гишүүнээр иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын төлөөллөөс эхлээд манай улсын урьдаа барьдаг эрдэмтэн судлаачид томилогдож байгаа учраас тэдэнд мөнгө чухал биш. Өмнө нь ТУЗ-ийн гишүүд тухайн компанийн захирлыг өөрчилдөг, худалдан авалтад оролц­дог, санхүүгийн тайланг сонсдог байсан. Одоо компанийн засаг­лалын шинэчлэлийн хүрээнд ТУЗ сонгодог хэлбэрээр ажиллана. Өөрөөр хэлбэл тухайн компанийнхаа үйл ажиллагааг ТУЗ удирдах ёстой. Аж ахуйн нэгж байгууллагын үндсэн зорилго нь ашигтай ажиллах шүү дээ. Тиймээс ашигтай ажиллуулахын төлөө л явдаг ТУЗ байх ёстой.

-2013-2016 онд хувьчлах компаниудын жагсаалт хэзээ гарах вэ?

-Одоогийн байдлаар энэ асууд­лыг Засгийн газар хэлэлцэж байгаа.

-Ойрын хугацаанд бэлэн болох уу?

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцчихвэл УИХ-ын хуралдаанаар оруулна.

-Хэдэн компанийг хувьчлах бэ?

-2013-2016 онд хувьчлах 30 орчим компани байгаа.

-Төрийн банк энэ жагсаалтад орсон уу?

-Төрийн банк Хадгаламжтай нэгдээгүй байхад хувьчлах тухай ярьж байсан. Одоо бол шинэ бүтэц, зохион байгуулалтад орсон учраас ойрын хугацаанд Төрийн банкийг хувьчлах тухай ярихгүй байх, тодорхой хугацааны дараа болно.

-Төрийн банк гэснээс Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж зээл авсан тохиолдол гарлаа шүү дээ. Одоо дахин ийм асуудал гаргахгүйн тулд яах ёстой юм бэ. Энэ чиг­лэлээр юу хийж байна вэ?

-Хэн нэгэн хүн төрийн өмчит компанийг барьцаалах тохиолдол гарч болзошгүй. Гэхдээ ийм асуудал гаргахгүй байх тогтолцоог бид бий болгох ёстой. Ер нь төрийн өмчит компанийг барьцаалах асуудал дахиж гарах ёсгүй. Ийм эрх зүйн орчин ч байхгүй шүү дээ. Хэрвээ ийм асуудал гарвал хууль хяналтын байгууллага шийдвэрлээд өгнө.

-Эрдэнэт гэх мэт үйлдвэрүүдийн агуулахад хадгалагдаж байгаа их хэмжээний барааг эргэлтэд оруулахын тулд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр болон бусад компаниуд энэ чиглэлээр ажиллаж байгаа. Бидний хийх ёстой ажлын л нэг хэсэг шүү дээ. Тухайлбал зарим компанид гэхэд 4.5 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгө бий. Тиймээс тухайн компаниудын удирдлагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Гадны болоод дотоодын компаниудтай ярьж тохиролцож байгаа. Төрийн өмчийн хорооноос энэ чиглэлээр менежментийн баг гаргахаар судалж байна. Компаниудын агуулахад байгаа хөрөнгийг хаана авч борлуулж болохоор байна тэнд нь өгөх эрэл хайгуул хийнэ. Бид нээлттэй ажилласны хүчинд төрийн өмчит компаниудад маш их хэмжээний үхмэл хөрөнгө байдгийг иргэд мэдэж авлаа. Цаашид ийм зүйл гаргаж болохгүй гэдгийг компаниудын захирлуудад ойлгууллаа. Тиймээс дахин ийм зүйл гарахгүй байх. Хэрвээ гарвал зориуд л хийнэ.

-Төрийн өмчит зарим компа­нийн удирдлагуудыг шахааны бизнестэй холбогдуулан шал­гаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Тухайл­бал ИНЕГ-ын дарга асан Н.Батмөнхийн шахааны бизнесийн асуудал гарлаа шүү дээ?

-Миний хувьд энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байна. Үүнээс илүүг мэдэхгүй. ИНЕГ бол салбарын яамны агентлаг учраас ТӨХ-той бараг холбоогүй шүү дээ. Хэрвээ хүн буруу зүйл хийсэн бол хариуцлагаа л хүлээх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.

 

Н.Санжаасүрэн