“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр дарамт шахалт үзүүлж орон нутагт алт олборлодог компаниудаас мөнгө нэхэмжилж авдаг байсан гэх мэдээллийг  “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж сэтгүүлчдэд өгсөн юм. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, н.Тулга нар намайг сүрдүүлж 67 сая төгрөг авсан гэх утгатай ярилцлагыг та өгсөн байна. Яг хэзээнээс тэдэнд мөнгө өгөх болов?

-УИХ-аас "Урт нэртэй" хуулийг баталсан цагаас эхлэн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс алт олборлодог компаниудаас мөнгө нэхдэг болсон шүү дээ. Тэд ”Буудаж ална. Тооцоо бодно” гэж  байнга хэлдэг. Өнгөрсөн 2011 оны зун намайг Улаанбаатарт явж байхад манай компани дээр очиж ажилтнуудыг сүрдүүлсэн байсан юм. Би ч хотоос яаран сандран очиж Ц.Мөнхбаяртай уулзаж “Аль болох эв эеэ хичээе. Цөөхөн монголчууд нэгнийгээ ална, буудна гэж дарамтлаад яах юм бэ” гэж хэлсэн. Биднээс 50 сая төгрөг нэхсэн. Би ч тэр мөнгийг нь өгөөд хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрсэн юм. Бэлнээр таван саяыг өгсөн. Үлдсэн 45 саяыг нь дансаар шилжүүлсэн. Өнгөрсөн хавар дахиад 17 саяыг нэхэж авсан.  Нийтдээ 67 сая төгрөг өгсөн юм байна.

 

 

-Дахиад  “Онги гол” хөдөлгөөнийхөн танд мэйл явуулж 170 сая төгрөг нэхсэн юм уу?

-Тийм ээ. “Онги гол” хөдөлгөөнийхөн мэйл ирүүлж 170 сая төгрөг өгөхийг шаардсан. Надад боломж байхгүй учраас 30 сая төгрөгийг өгье гэж би хэлсэн. Гэтэл 70 саяыг нэхсэн. Тухайн үед  Ц.Мөнхбаяр “Алалцана, та нартай” гэж хэлээд “Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал н.Тулгатай уулз гэж хэлсэн юм. Би Улаанбаатар банкны замын ард байрладаг оффис дээр нь очиж уулзсан. Хоёр хүүхэн өрөөнд нь сууж байна билээ. Зад хэрэлдээд гарсан л даа. Би 170 сая төгрөг өгч чадахгүй гэж хэлээд гарсан л даа.

 

-Та хамтарч ажиллах гэрээ байгуулсан гэж хэлж байна. Яагаад хөдөлгөөнийхөнтэй хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд хүрэв. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг байсан юм уу?

-Би Ц.Мөнхбаярт хэлдэг байсан. Бид залуу хүмүүс. Бүтээн байгуулалт хийе гэвэл би 100 саяыг  ч гаргаж өгч чадна гэж хэлж байлаа.  Тэд биднээс мөнгө нэхэж аваад “Онги гол”-ын дагуу мод тарина гэж хэлдэг байсан юм. Би Ц.Мөнхбаярт “Чи мод тарих гэж байгаа бол манай Уянга суманд тарих хэрэгтэй” гэж хэлээд маргана. Ер нь алтны компаниудаас авсан мөнгөөрөө мод тарьж, сургалт явуулна гэж хэлдэг ч нүдэнд харагдахаар хийсэн зүйлийг нь би мэдэхгүй юм.

 

-Хөдөлгөөнийхнийг санхүүжүүлсэн гэдгээрээ та буруудах юм биш үү. Тухайн үед яагаад дарамт шахалт ирж байна гэж гомдол гаргаагүй юм бэ?

-Хүн бүхэн л айдастай байсан. Ц.Мөнхбаяр буудаж л байдаг. Хууль хяналтын байгууллагаар орохоороо цагаатчихдаг. Би өргөдөл гаргалаа гээд яах юм. Хэн миний эрхийг хамгаалж чадах вэ. Төрийн ордон руугаа нум сумаар харвадаг. Уул уурхайн компаниуд руу буу шагайжил байдаг. Ер нь хууль үйлчилж байсан уу, тэдэнд.

 

-Гэнэт яагаад хэвлэлийнхэнд хандах болсон юм бэ?

-Би хэвлэлийнхэнд хандана гэж бодоогүй юм аа. Тагнуулынхан утасдаж дуудсан. Намайг “Хөдөлгөөнийхнийг санхүүжүүлсэн үү. Мөнгө шилжүүлсэн байна” гэж дуудаж асуусан. Би үнэнээ л хэлсэн. Дарамталж мөнгө авдаг байсан юм гэж.

 

-“Гал үндэстэн” холбооныхонтой хандив гэж тохиролцож өгчихөөд дараа нь буу тулгаж дээрэмдэж мөнгө аваад явсан гэж мэдээлдэг л  гэх юм. Яг дарамталж мөнгө авсан гэхээр шүүхэд очоод тогтоогдохгүй, цагаатчихдаг юм билээ. Таныг хандив өгсөн юм биш үү гэж хардаад байна л даа, би?

-Танд би нэг л зүйлийг хэлье. Өнгөрсөн хавар намайг Ц.Мөнхбаяр Баянгол зочид буудлын хажуу талын ресторанд дуудаад “Тэрбум төгрөг өгчих. Төрийн эргэлт хийх гэж байна, бид” гэж хэлсэн. Тэр үед “Нутгийн буян” компанийн захирал бид хоёр хамт сууж байсан. Тэр хүн гэрчилнэ. Харин би Ц.Мөнхбаярт  “Би төрийн эргэлт хийхэд чинь санхүүжүүлж чадахгүй. Харин УИХ-д нэр дэвшвэл мөнгө өгч болно” гэж хэлсэн.

 

-Тэгэхээр юу хэлж байх юм?

-Би УИХ-д нэр дэвшихгүй. Төрийн эргэлт хийнэ  л гэсэн.

 

-Танай компанийн сарын ашиг орлого байдаг юм. Нэг дор 50 сая төгрөг шууд гаргаад өгчих хэмжээний санхүүгийн чадвартай компани мөн үү?

-2007 оноос хойш манай компани үйл ажиллагаа явуулж байна. Би нутагтаа олон бизнес эрхэлдэг. Хангалттай мөнгө олдог. Манай компани 179 ажилтантай. Тэр хүмүүсийг цалинжуулаад ажиллаж байна.

 

-Таны ард хэн байна вэ гэж хардах хүн ч олон бий. Эсвэл хөдөлгөөнийхөнтэй нийлээд ийм шантаажны ажил  хийж явсан юм биш биз?

-Би хүн гүтгээгүй. Хууль хяналтын байгууллага нь тогтооно шүү дээ.

 

Ашигт малтмал олборлодог компаниудаас хөдөлгөөнийхөн дарамт шахалт үзүүлж, мөнгө авдаг байсан тухай мэдээлэлд “Гал үндэстэн” холбооны гишүүн Л.Цэрэнханд дараах тайлбарыг өгч байна.

 

-Хөдөлгөөнийхөн “АУМ алт” компанийн захирал Ц.Мягмардоржоос 67 сая төгрөгийг дарамт шахалт үзүүлж авсан тухай мэдээлэл хэвлэлээр шуугиж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх бол?

-Ц.Мөнхбаярыг яг эмзэг үед нь нам дарж авна гэсэн санаа л даа. Алт олборлодог компаниудын ээлжит гүтгэлэг. Нутаг чөлөөлөх ажиллагааны үеэр өнгөрсөн 2012 онд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны компанийн захирал н.Цогоо гэдэг хүн “Бидний буруутай үйлдлээс болж хөдөлгөөнийхнөөс их зардал гарсан байна. Бид 500 мянган төгрөг хандивлаж байна” гэж хэлээд цагдаагийн даргынхаа хажууд гарын үсэг зураад хандив өргөсөн байдаг юм. Гэтэл яг буу шийдэмтэй хэрэг дэгдээд эхэлтэл тэр хүн гарч ирээд “Надад буу тулгаж байгаад 500 мянган төгрөг аваад явлаа” гэж хэлсэн. Тэрийг нь Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Т.Сайнжаргал хэвлэлд тэр чигээр нь цацсан. Гэтэл шүүх дээр  нөгөө 500 мянган төгрөг нь хандив болж таарсан шүү дээ. Энэ бол нэг л жишээ. Үнэхээр шантааж хийж мөнгө авсан гэж мэдээлж байгаа бол баримтаа гаргаж ирээд шалгуул. Гомдлоо гарга. Нэгнийгээ бүдрэхээр дээрээс нь бүү дэвс гэж хэлмээр санагдлаа.

 

 

-Онги хөдөлгөөнд арван саяыг шилжүүлэв гээд л баримт нь байна билээ?

-Яг Ц.Мөнхбаяр гэдэг хүнийг мөнгө аваад өөртөө завшсныг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагынхан тогтооно л доо. Ц.Мөнхбаяр гэдэг хүн мөнгөнөөс өөрийнхөө үнэт зүйл, итгэл үнэмшлийг өгөх хүн биш гэдгийг олон жил хамт ажиллаж байгаа хүний хувьд баттай хэлнэ. "Намайг дарамталж мөнгө авсан" гэж яриад байгаа хүмүүс өөрсдөө гуйж ирж өгсөн байхыг үгүйсгэхгүй. Тагнуулынхан сайн шалга гэж хэлмээр байна.

 

-Хөдөлгөөнийхний нэгдсэн санхүүг хариуцан ажилладаг хүн бий юу?

-Тогтмол санхүүжилт байхгүй учраас хариуцдаг хүн  байхгүй.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу