Хаа сайгүй зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга баригдсан улсын маань нийслэлийг хот гэхээсээ илүү хүмүүсийг хонь малаас ч дорд бөөнд нь чихэх “шийдэл”-тэй замбараагүй шавааралдаан, хатуу хэлбэл хэзээ ч амь насаа алдаж болохоор аймшиг болгоод байгаа гэвэл зүйд нийцэх буй за. 

Хотын энэ замбараагүй байдал, барилгын хяналт алдагдсанаас болж нэг бус хүний алтан амь нас үрэгдсэн нь үнэн болохоор үүнтэй маргах хүн ч үгүй биз. 

Хэдий хүртэл бид ийнхүү хот гэж нэрлэхэд хэцүү зүйлд хэзээ ч амиа алдаж магадгүй нөхцөлд амьдрах вэ гэж иргэд халаглаж байна. 

Өмнө нь газрын маргаан хэмээх дажин хаа сайгүй дэгдэж, зарим талаараа бүр ил тод болж, тоож хэрэгсэх хүнгүй болоод байсан. Харин сүүлийн үед зөвшөөрөлгүй барилгуудыг нураана, хяналт шалгалтыг сайжруулна гэсэн чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож байгаа ч гэсэн өнөөдөр хотын хаа сайгүй мөнөөх л маргаан үргэлжилсээр.

Үүний нэг болсон “Цаст констракшн” компанийн барилгатай холбоотой маргаан дэгдээд байгаа талаар сүүлийн үед хэвлэлүүд мэдээлж байгаа. 

Бид энэхүү мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж сурвалжиллаа.

Нисдэг тэргээр л нэвтрэх байшин

Нийслэлийн Баянзүрх дүүрэг VI хороо хүмүүсийн хэлдгээр “Натур” худалдааны төвийн орчимд нааш цааш харуулж барьсан, баригдаж дуусаагүй баахан барилгууд байна. Энэ орчим машин бүү хэл явган хүн хаагуур явж, яаж орж гарах нь ч мэдэгдэхгүй баахан хашаа, барилгын шавааралдааны нэг жишээ нь. 

Гэтэл үүн дээр нэрмээд Цагдаагийн ажилчдын 65 айлын орон сууц, одоо баригдаж байгаа Гаалийн ажилчдын гэх 100 гаруй айлын барилгын дөрвөн талаас машин байтугай явган хүн орж гарах аргагүй болжээ. 

Оршин суугчид нь гомдол гаргахад төрийн албан хаагч нэгэн “Гааль, цагдаагийнхан та нар нисдэг тэргээрээ тээвэр дээрээ буудаг юм байгаа биз” гэж даапаалсан гэсэн. Үнэхээр ч эдгээр байшинд нисдэг тэргээр л буухгүй бол ямар ч машин орох, гарах гарц алга болж.

Одоохондоо оршин суугчид нь машинаа хоёр байшингийн цаана тавиад явган алхаж гэртээ орж гарч байгаа аж. Хамгийн аймшигтай нь хэн нэгний бие муудлаа гэхэд түргэн тусламж хүрэх боломжгүй, муугaар бодоход гэнэтийн осол болж, гал түймэр дэгдлээ гэхэд ёстой л нөгөө нисдэг тэрэг л дуудахгүй бол 100 гаруй өрх айл тэр чигтээ тусламж авч чадахгүй сүйрэх байдалд хүрчихээд байгаа аж. 

Бүр наад зах нь өнөөдөр л гэхэд иргэд нь байрандаа машинтайгаа ойртож ч болдоггүй, хогны машин ч орох зайгүй болохоор хогоо яахаа мэдэхгүй байгаа юм байна.

Яагаад?

Энэ хавийн дажин өнгөрсөн жилээс эхэлжээ. Өнгөрсөн жилийн долдугаар сард “Цаст констракшн” компани барилгын зөвшөөрөл ч үгүй байж хашаа хатгаж, газар ухаж эхлэхэд нь оршин суугчид нь эсэргүүцэн бүр зодоон цохион дээрээ ч тулж, цагдаад хүртэл очиж байж. Харин энэ жил “Цаст констракшн” дахиад л гэнэт шөнө дөлөөр барилгын ажлаа эхлүүлж, газар шороо ухаж эхэлсэн. Оршин суугчид нь гомдол гаргаж, барилгын ажлыг зогсоосон ч есдүгээр жилийн сарын 10-наас дахиад л ажлаа үргэлжлүүлж байна. 

Ойролцоох байрны манаач “Энд машин орох ямар ч боломж байхгүй. Хүмүүс нь эсэргүүцэж тэмцээд л байсан. Одоо бол барилгын ажлаа үргэлжлүүлж л байгаа. Шөнө болохоор түжигнүүлж эхэлдэг юм” гэж байлаа. Гэхдээ энэ удаад “Цаст констракшин” барилгын зөвшөөрлөө авсан, зураг төслөө ч албан ёсоор баталгаажуулсан юм байна. Гэхдээ барилгаа барихын тулд хашаагаа бусад байрнуудтай тулгаж барьж, явган хүн ч орох зайгүй болгож. 

Оршин суугчдынх нь хэлж байгаагаар бол барилга баригдаж дууссаны дараа автомашины зам гаргана гэж зураг төсөлдөө тусгасан байгаа ч хэзээ 16 давхар баригдаж, машины замтай болох вэ гэдэг бүрхэг, магадгүй, хашлага хийгээд өөрсдийн л машин орох талбай болгочих вий гэхээр байгаа аж. 

Гэхдээ өнөөдрийн хувьд тэдний энэ болгоомжлол тулгамдсан асуудал биш. Хамгийн гол нь ядахдаа барилгын ажил дуустал жаахан ч гэсэн боломжоо ашиглан ганцхан машин ч болтугай орж гарч байх гарц гаргаж өгөөч гэж тэд хүсч байна.

Уг нь өнгөрсөн оны долдугаар сард “Цаст констракшн" ХХК орц гарцыг нь хааж барилгын тухай хуулийг ноцтой зөрчжээ хэмээн МХЕГ-ын улсын байцаагчийн 2012 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 020789/314 дугаар албан тоот шаардлагаар барилгын ажлыг нь зогсоож байсан. Түүнчлэн эл асуудлыг нь холбогдох байгууллагууд газар шорооны ажлаа зогсоож, орчны барилга байгууламжтай уялдуулан зураг төслөө боловсруулж, зохих журмыг мөрдөн оршин суугчидтай зөвшилцөж тохиролцсны үндсэн дээр зураг төслөө батлуулахыг анхааруулж 2012 оны 02/1246 дугаар бүхий албан бичиг илгээж байсан байна. 

Гэвч одоогоор “Цаст констракш”-ныхны зүгээс оршин суугчдын гомдлыг нохой хуцахын чинээ ч тоосонгүй. Оршин суугчид хууль дүрэмтэй, хяналт, шаардлага тавих байгууллагатай Монгол Улсын нийслэлд амьдарч байгаагийн хувьд зохих байгууллагынханд хандсан ч “Та нар хоорондоо зохицож, гарцын асуудлаа шийд” гэхээс өөр зүйлийг хэлдэггүй, газар дээр нь ирээд зураг төслөө зөрчин өч төчнөөн айлыг гарах, орох гарцгүй болгочихоод байгааг харж, зохицуулах гэсэн хүн нэг ч байхгүй байгаа аж.

Уг нь “Цаст констракшн”-ийнхан зөвшөөрөл авсан зураг төсөлдөө бол ногоон байгууламжтай, автомашины замтай “үлгэр”-ийн гэмээр байрны зураг төсөл зохиосон байдаг аж. Гэвч яг амьдрал дээр барилгаа бариад эхлэхдээ өнөөх зураг төслөөсөө хальж, хэдийнэ бусад байшингуудтайгаа зэрэгцээд ирж. Аргаа ядсан оршин суугч “Хэдийгээр би мэргэжлийн хүн биш ч гэсэн өмчлөлийн газрынхаа 70 хувьд барилгаа бариад үлдсэн 30-н хувьд зам, нийтийн эзэмшлийн талбай байгуулах ёстой гэсэн хууль, журам байдаг санагдана. Гэтэл одоо байгаа байдлаар бол бүр ч хөрш байрнуудынхаа нийтийн эзэмшлийн талбай руу халдаж орхисон ийм үйлдлийг харж хянаж цагдах газар байна уу” гэж гайхширч байна. 

Иргэд одоо бүр цөхөрч яахаа мэдэхээ больжээ. Оршин суугч С.Баярсайхан “Бид ямар ч байсан хууль журамтай улсад амьдарч байгаа иргэний хувьд үүнийг шийдвэрлэх, зохицуулах байгууллага байгаа, бүх зүйл хууль журмынхаа дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. Уг нь хэн хэнээсээ бурууг хайх бус хоорондоо ярилцаж тохиролцоод шийдэж болох асуудал. “Цаст констракшин”-ийнхантай уулзахаар “Бидний өмчийн газар, бид өмчөө яахаа мэдэж байна” гэдэг. Үнэндээ бол бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар авирлаж болохгүй. Эдний компани ямар ч байдлаар гэсэн барилгаа барилаа гэхэд зарчихаад л яваад өгнө. Гэтэл цаана нь бид ч, энэ байрыг худалдаж авсан иргэд хохироод үлдэх вий. Тийм болохоор зөв гарцыг олно гэж найдаж байна. Бид хариуцсан байгууллагуудад хандсан. Цаашид энэ хэвээрээ байгаад байх юм бол шүүхийн байгууллагад хандах байх аа” гэлээ.

Өдгөө лав 100 гаруй айлыг “ертөнц”-өөс тасалж хашаагаа бариад газар ухаж эхэлсэн энэ байранд үйлчилгээний байгууламж бүхий 16 давхар хоёр орон сууц барихаар зураг төслөө гаргаж, бүр зарим нэг хэвлэлээр зар сурталчилгаа тараагаад эхэлжээ. 

Өдөр тутмын сонинд өнгөтөөр гаргасан “Spring town" гэх барилгын сурталчилгаа бол үнэхээр гоё. Цэнхэр тэнгэр цэлийж, шувууд элэн халин нисч, ногоон зүлгэн дээгүүр хүүхэд залуус алхаад л, Сүхбаатарын талбай хүртэл 1,5 км буюу явганаар алхахад 15 минут, усан бассейн, фитнесс клуб, гоо сайхны салон, супермаркет гээд л диваажингийн оронд л баймаар сайхан тайлбартай. Гэтэл одоогийн байдлаар юун цэнхэр тэнгэр байшингуудын голд хүчээр барилаа гэхэд хүн алхах зай гарах болов уу гэмээр л харагдана.

“Цаст констракшин”-ыхны албаныханд тайлбарласнаар бол барилгын суурийг тавьж эхлэхийн тулд нь ингэж бусад байшинтай тулгасан шахам хашаа бариад байгаа, байшингаа бариад дуусахаар автомашины зам гаргана гэж байгаа. Тэдний хэлснээр автомашины зам гаргалаа ч худалдааны төв бүхий 16 давхар барилга барьчихаар нэмэгдэх олон машин бүү хэл одоо “хашигдаад” байгаа Цагдаагийн болон Гаалийн ажилтнуудын орон сууцны оршин суугчдын машин орж гарах хангалттай зай байгаа эсэхэд эргэлзэхээр байгаа. Үүнийг оршин суугчид өнөөдөртөө түр орхиод ядахдаа одоохондоо орж гарч байх нарийнхан ч гэсэн гарц гаргаж өгөөч гэж залбирах нь халаг байгаа аж.

Хотод “толгой” байна уу?

Уг нь энэ хавийн барилгын төлөвлөлтийн зурагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Мөнхбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сундуй гэсэн гарын үсэгтэй харагдана лээ. 

Зураг төслийг ч ерөнхий архитектурч Н.Болор баталжээ. Гэвч одоо газар дээрээ ямар байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу? Ямар ч гэсэн Н.Болор хатагтай мэдэж байгаа бололтой ч “Өөрсдөө л хоорондоо зохиц” гэсэн байдлаар ханддаг гэж оршин суугчид ярьж байв.

Өнөөдөр энэ бүх маргаан хоёр гурван байрны оршин суугчид ганц нэг компанийн хоорондын асуудал мэт боловч, уг нь хүнээ гэсэн орчин үеийн нийгэмд бол зуу давсан айл орох, гарах орцгүй болж, түүнийг нь хайхрах төрийн байгууллага байдаг эсэх нь мэдэгдэхээ байчихсан байгаа нь үнэхээр эмгэнэл байх ёстой. 

Гэвч Улаанбаатарын хувьд энэ асуудал биш бололтой. Цаашилбал, энэ нь хот гэдэг их айл дээр өгүүлсэн дүрэм, журамгүй шавааралдаан болсныг илтгэж байна? Тэр тусмаа өмнө нь ч газар, барилгын асуудлаар маргаан дэгдээж байсан “Цаст констракшн” хэмээх энэ байгууллагад үйлчилдэг хууль Монголд байна уу гэсэн асуулт ч зүй ёсоор гарч ирмээр санагдана. Цаашилбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хууль дүрэм, түүнийг хянадаг, хэрэгжүүлдэг байгууллага, иргэдийнхээ эрх ашгийн төлөө анхаарал тавьдаг албан тушаалтан, төрийн албан хаагч байна уу гэж асуумаар санагдлаа. 

Хотын дарга та энэ асуултын хариултыг зөвхөн “Цаст констракшн”-аас үүдэлтэй энэ асуудлаар хариулах гээд үзээрэй гэж оршин суугчид хүсч байна.

Хатуугаар хэлбэл, ямар ч орц гарцгүй болоод байгаа энэ хоёр орон сууцанд гал гарлаа гэхэд яах вэ? Хотын дарга аа?

Э.Алт