Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр байрладаг “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн худалдагч Т гэгч эмэгтэйг айлган сүрдүүлж орлогыг нь дээрэмдэхийг завдсан хэрэг явдал гарсан юм.

 

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч үйлдсэн тухай эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэхүү мэдээллийг үндэслэлтэй эсэхийг  Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс утсаар тодрууллаа.

 

-Танай Эрүүгийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч,  ахмад цолтой Э гэгч нь дээрмийн хэрэг үйлдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл юм бэ?

-Үнэн. Үйлдэл дээрээ баригдсан. Хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа.

 

-Эрүүгийн цагдаагийн газарт хэдэн ажилласан төлөөлөгч вэ?

-Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга.

 

Ингээд бид дээрмийн хэрэг гарсан дэлгүүрт өчигдөр 22.10 цагийн үед очиж уг хэргийн талаар ажилтнаас нь тодруулахад “Баг зүүсэн этгээд өчигдөр 20.20 минутын үед орж ирээд худалдагч руу буу тулган орлогоо өгөхийг шаардсан. Тухайн үед манай дэлгүүрийн ээлжийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан учраас шуурхай ажиллаж тухайн этгээдийг барьж цагдаад дуудлага өгсөн юм.  Дэлгүүрт үйлдэгдсэн хэргийн талаархи камерийн бичлэгийг цагдаагийн ажилтнууд аваад явсан” гэсэн мэдээллийг өглөө. Сэжигтэн Э-г “Толла” дэлгүүрт дээрэм хийх үеэр үйлчлүүлэгч цөөн байсан гэнэ.

 

Нэмж мэдээлэхэд өнгөрсөн зуны турш баг зүүсэн үл таних эрэгтэй хүн хийн буугаар сүрдүүлэн удаа дараа дээрмийн хэрэг үйлдсэн тухай мэдээллүүд цацагдаж эхэлсэн ч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан юм байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу