​УИХ-ын ээлжит бус чуулганаар урт нэртэй хууль болон Алтны ил тод байдлын тухай хуулиудыг авч хэлэлцэх сургаар байгаль хамгаалагч нэрээр олонд танигдсан Ц.Мөнхбаяр тэргүүтэн Төрийн ордны ард буу тавьж эсэргүүцлээ илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд “нинжа” нар дуртай газраа онгичиж сүйтгэж байхад огт дуугараагүй “Гал үндэстэн”-ийхэн яагаад гэнэт ингэв. Урт нэртэй хуулиар нинжа нарын гарт орсон ордоос хууль бусаар олборлосон алтыг Хятад, Солонгос руу зөөдөг үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүд үүсч, өөрийн хүрээллийг бий болгосон гэх.

Сүүлийн үед Солонгос, Хятад руу нууцаар их хэмжээний алт гаргах гэж байгаад баригдах нь ихэссэн. Уг нь тэр их алт Монголбанкинд тушаагдаж, манай улсын гадаад валютын нөөцийг арвижуулж байх учиртай. Монголчууд жилдээ 70 гаруй тонн алт олборлож, түүнийгээ Монголбанкинд тушаадаг байсан бол 2012 онд ердөө зургаахан тонн алт тушаасан байдаг. Өнгөрсөн жилүүдэд нийтдээ 60-70 тонн алт нинжа нарын гараар орсон байх магадлалтай. Нинжа нарын гараар орж, гэмт бүлэглэлүүдийн арга, заавраар хилээр нууцаар гарч байгаа алтны хэрэгт хил, гааль, цагдаагийн эрх мэдэлтнүүд холбогддог нь нууц биш. Тиймээс л алтыг “хууль ёсны болгох” сургаар байгаль хамгаалагч баатар Ц.Мөнхбаярыг ашигласан байж болох юм. Тэрбээр хэнээс ч, юунаас ч үл эмээн амь тавин, Төрийн ордны гадаа буун дуу гаргасан. Түүний цаана хэн байна вэ. Түүнийг хэн турхирч, санхүүжүүлсэн бэ гэдэг нь сонин. Чонотой нийлсэн золбин нохой шиг адгийн амьтан үгүй гэж хөгшчүүл ярьдаг. Ц.Мөнхбаяр нар хуулийн дагуу зохих ялаа эдлэх нь тодорхой. Гэхдээ “цаад эздийг нь” л олох хэрэгтэй юм биш үү.

 

Б.Оюунгэрэл