Монголын нам, төрийг 40 гаруй жил толгойлсон XX зууны Монгол төрийн гарамгай зvтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, улсын эрх ашгийг ямагт урьдал болгодог авлига, хээл хахуулиас ангид хvн байжээ.

Тэрбээр дуртай vедээ ах, дүүтэйгээ уулзах эрх мэдэлгvй хааяа шаардлага гарвал комиссараараа дамжуулж санал, хvсэлтийг нь сонсдог байсан гэдэг. Энэ тухай түүний ач адилхан Цэндсүрэн нэртэй хоёр хүүхний бидэнд сонин болгон ярьж байсан зvйлийг ямар нэг нэмэр хачиргvйгээр өгүүлсү.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ ХӨРӨГ НЭВТРҮҮЛЭГ

1960-аад оны дунд vед Ю. Цэдэнбал дарга төрсөн нутаг Увстаа ажлаар очиход тухайн vед аймгийн төвд ажиллаж байсан ач хүүхэн Цэндсүрэн авга ахтайгаа уулзах зөвшөөрөл арайхийн авч аймгийн намын хорооны нэгдvгээр нарийн бичгийн даргын өрөөнд тавхан минут уулзаж, товчхон ярьж хөөрснөө гэртээ урьсан юмсанж. Ю.Цэдэнбал дарга ач бүсгүйнхээ урилгыг дуртайяа хvлээн авч "Ах нь хамгаалалтын албаньгхантайгаа ярьж тохироод маргааш танайхаар түргэхэн ороод гаръя. Ахынх нь ажил албыг цаг, минутаар нарийн төлөвлөж зохицуулдаг болохоор зав зай муутай байдаг юм. Танайд хэдэн минут саатахыг эрхбиш зөвшөөрөх байлгүй" гээд үдэж гаргахдаа"Ахыгаа маргааш очиход гурван литр үхрийн сайхан архинд шар тос хийгээд халаачихсан байж байгаарай. Бие хамгаалагчдын хажууд өгч болохгvй шүү.Тэгвэл надад амсуулах ч үгүй хураагаад авчихна" гэж аминчлан шивнэсэн юмсанж.

Цэндсvрэнгийн нөхөр аймгийн арслан Түгжээгийн Намдаг тээврийн машинаараа хөдөө давхиж, үнээний гурван литр маш сайхан архи олж, захиалгыг ёсоор болгон хүлээцгээж байж, Маргааш нь Ю.Цэдэнбал дарга олон дагуултайгаа (бие хамгаалагчид) давхиж очихуйд ач, хүргэн хоёр нь хөл алдан дайлж, цайлах болж дээ. Цэндсүрэн маш сайхан угааж арчсан их гарын мөнгөн аяганд шар тос хөвсөн аагтай шаргал цай хийж барьсанд бие хамгаалагч нь "Дарга ууж болохгvй. Таны цай энд бий" гээд халуун савнаас жаахан цай хийж өгөв гэнэ. Бал дарга дүүгийнхээ хийж өгсөн цайг амсах төдий болоод ширээн дээр тавьж, өнөө цайг нь ууж дуусахад Т.Намдаг "Ах аа мах ид" гээд өөрт нь зориулж чанасан эр хонины ууцан дээр тавьсан үйсэн иштэй хутга авч өгсөнд дарга ууц таллахыг завдах сацуу бие хамгаалагч нь "Та мах идэж болохгvй" гээд хутгыг нь аваад тавьчихжээ.

Тэгтэл дарга түүн рүү дурамжхан харж, -Дүү минь надад хортой хоол унд бэлтгээгvй нь мэдээж. Мах идэж болдоггvй юм бол ёс байна ууцыг нь таллачихъя гээд ёс журмын дагуу ууц таллаж, тэнд байсан хүмүүст жаахан, жаахан хэрчиж өгөөд хутгаа тавих сацуу "Таны хоол энэ байна" гээд тусгайлан бэлтгэж ирсэн хоол хоолны халуун савнаас хийж өгчээ.Тавгийн идээнээс ч амсуулсангvй гэнэ.

Даргыг хоолоо идмэгц Т.Намдаг коньяк хундагалж барихуйд бие хамгаалагч суудал дээрээ өндөлзөж,

-Болохгvй. Даргын уудаг архи энд бий гэснээ цvнхнээс шилтэй шарз гаргаж даргад хундагалж огон бусадтай тулгуулж уулгажээ. Бал дарга гурван хундага шарз тогтоомогц "За цаг боллоо. Явъя" гэж хамгаалалтын албаны офицер шаардахад дарга суудал дээрээ өндөлзсөнөө,

-Та нар түр гарч байхгvй юу. Би дүү нартайгаа хэдхэн минут гаднын хүнгүйгээр ярилцмаар байна гэсэнд хамгаалалтын албаныхан дуртай дургуй гарсан даруй Бал, дарга дүүдээ хандаж,

-Ахынхаа захисан юмыг бэлэн болгоо биз дээ? Бушуухан аяганд хийчих гэжээ.

Цэндсүрэн шар тос хийж халаасан vхрийн сайхан архи мөнгөн аяганд мэлтэлзүүлэн дүүргэж барихад ганцхан амьсгаагаар хөнтөрч орхиод "дахиад нэг" гэжээ. Цэндсvрэн аяга дүүргэж барихад таалалтай нь аргагvй балгаж орхиод хамгаалалтын албаныхан Цэндсvрэнд өгсөн бололтой боодолтой юм руу хяламхийж харснаа,

-Та нарт ямар бэлэг өгсөн юм бол доо. Ахад нь өөрөө бэлэг сонгож авч өгөх мэдэл байдаггvй юм шүү дээ. Та нарын аж амьдрал сайн уу? Санал хүсэлт юу байна хэмээн ойр зуурын юм ярьж суутал "Дарга аа явах цаг боллоо шүү. Бушуулаарай" гэж гаднаас дуудав гэнэ.

-Цаадуул чинь яаруулаад болохгvй нь ээ. Ах нь явахаас даа. Алив дахиад нэг хийчих. Үхрийн архи ийм л байдаг даа. Ёстой эм болмоор сайхан идээ байна гээд дүү хүүхнийхээ хийж өгсөн архийг нэг амьсгаагаар татчихаад хаалган дээр очсоноо эргэж харан зогсч, дахиад нэг аяга гэж байгаа бололтой данхтай архи руу хуруугаараа дохижээ. Цэндсүрэн авга ахыгаа ихэд өрөвдөж бушуухан нэг хийж өгөхөд яаран залгилж, дүү, хүргэн хоёроо үнсээд гарах сацуу сандрахдаа бэлгээ өгөхөө мартсан Цэндсүрэн цагаан даавуунд нямбайлан боосон дээлийн хурган дотор барьсаар машиных нь дэргэд санд мэнд гvйж хvрээд бэлгээ өгөх гэтэл бие хамгаалагч нь,

-Наадах чинь юу юм бэ? хэмээн шалгаажээ.

-Дээлийн хурган дотор. Ахад бэлэглэх гэсэн юм.

-Даргад бэлэг өгч болохгvй. Аваад харь хэмээн зандрахуйд,

-Юм бvхнийг битгий хориод бай л даа. Би дүүгийнхээ өгсөн бэлгийг авч болдог юм байгаа биз дээ. Алив өгчихгэхэд бие хамгаалагч нь яаж ч чадсангvй.

Даргыг явсны дараа Т.Намдаг гэртээ ормогц "Морьтын хишиг явганд гэгчээр ахын амсаад тавьсан коньякийг хvртдэг хэрэг ээ" хэмээн инээд алдаж хундагатайг авч амсвал коньяк бий! чихэртэй байхуу цай байжээ. Даргад коньяк гэж дандаа чихэртэй цай өгдөгийг сайн мэдэх дарга нутагтаа ирснийх саяхан гарсан үхрийн архи ууя гэж бодоод дүүдээ захиалсан нь тэр юмсанж.

Ю.Цэдэнбал дарга тавин насныхаа ойгоор ах, дүү нараа гэртээ урьж, бяцхан цайллага хийжээ. Бие хамгаалагч, комиссарууд нь тэдний яриа хөөрөөг чагнаад суугаад байж л дээ. Тэдний дэргэд дарга ч, ах дүү нар нь ч биеэ бариад чөлөөтэй ярьж хөөрч чадахгvй байсан ажгуу. Ах, дүү нартай нь биечилж уулзуулдаггvй болохоор боломж олдсон дээр нь сайн ярьж хөөрч авъя гэж Бал дарга бодсоноо "Эд нар дандаа миний ах дүүс байна. Эдний дотор намайг хорлох хүн байхгүй. Би гаднын хүнгүйгээр ах, дүүстэйгээ ярьж хөөрмөөр байна. Та нар өөр өрөөнд байж бай" гэсэнд өнөө хэд vг дуугvй цувран гарчээ.

Бал дарга ах, дүү нартайгаа нэг хундага архи тулгаж ууснаа бvгдийнх нь аж амьдрал, ажил төрөл ямар байгааг асууж лавласнаа,

-Ах нь өнөөдөр та нартайгаа уулзаж ярьж хөөрсөн биш сэтгэл сэргээд сайхан байна. Та нартай уулзуулдаггvй болохоор хэн нь яаж явааг мэдэхгvй юм. Одоохондоо та нарын аж амьдрал болж байгаа юм байна. Би хvний мэдэлд байдаг хvн шүү дээ. Миний ярьж хөөрөх. алхаж гишгэх бүрийг улс хянаж байдаг юм. Ах дүүдээ туслах санаа их байдаг боловч чадахгvй юмаа.Та нар минь болж бүтэж яваа бол надаас эддвийн тусламж гуйхгvй байж vзээрэй. Бүр ядраад яахаа алдвал хэлж байгаарай. Хэн нэгэнд чинь мөнгө төгрөг, эд материалын тусламж өглөө гэхэд улсын л юм өгч таарна шүү дээ. Ю. Цэдэнбал хэнд юу өгөв гэдгийг улс нарийн бүртгэж дансалж, тайлан тооцоо гаргаж байдаг юм. Ю.Цэдэнбал ах дүүдээ улсын өч төчнөөн хөрөнгө мөнгө бэлэглэж, дураараа дургилаа гэж хэл ам гарна шүү дээ. Хэл ам гардаггvй юмаа гэхэд эвгvй шүү дээ. Хэчнээн ч жил та нартайгаа ингэж гэртээ уулзаж, чөлөөтэй ярьж хөөрөөгүй юм бэ дээ. Жаахан зав зай гарсан үед хэн нэгнийхээр чинь орж ярьж хөөрье ч гэсэн хамгаалалтын албаныхан зөвшөөрдөггvй болохоор хэцүү юм. Ахынхаа зовлонг ойлгоно биз дээ. Ах, дүүтэйгээ уулзаж, чөлөөтэй ярьж хөөрөх ямар сайхан юм бэ гээд уйлж байсан юм.

Ахыгаа асар их эрх мэдэлтэй байдаг байх гэж бодож явсан болоод тэр биз их өрөвдөж билээ гэж Ю. Цэдэнбал даргын ах Тавхийн охин Цэндсvрэн гэргий бид хоёрт хуучилж байсан нь санаанд тодхон vлджээ.

Сан.Пvрэв /Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч/ Дугаар 71/2361/