Налгар намрын өдрүүд эхлэж найр хурим ар араасаа хөвөрч байгаа энэ үед хуримын ордон захиалганд дарагддаг уламжлалтай. Өнөөдөр Дашням, Балжиням давхацсан билэгт сайн өдөр.
Тиймээс шөнийн 00:00 цагаас эхлэн залуу хосууд гал голомтоо бадрааж эхэлдэг. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд маань 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд 750-850 мянган төгрөг төлдөг байна.
Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг Монголчууд эрт дээр үеэс эхлэн билэгт сайн өдөр гэж хурим найраа хийдэг уламжлалтай. Энэ өдөр гал голомтоо бадраахаар гэрлэх ёслолын ордонд одоогоор 60 гаруй хос захиалга өгчихсөн байгаа аж.