Б.Хурц даргаа Цахилгаан тээвэр компанид анхаарлаа хандуулаач
2013/09/22
Нийслэл шинэ удирдлагатай болоод өнгө нэмж, бүтээн байгуулалт өрнөж байгааг бид харж байна. Үүнээс гадна нийслэлчүүдийн бухимдлыг бардаг замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар олон ажил хийж байгаа.
Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулж иргэдийг зорьсон газар нь саадгүй хүргэдэг болсон. Замуудын өргөтгөл, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулж, камержуулсан гээд сайн зүйл их бий. Гэтэл Цахилгаан тээвэр компанийн удирдлага өөрийн буруугаа бусад руу чихэж, хотын удирдлагуудыг энэ үйлдэлдээ чирэх гэж оролдож байгаа нь харамсалтай. Биднийг хотын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байхад гүтгэж байна гэх мэтээр ярих. Хэдийгээр хотын удирдлагаас Цахилгаан тээвэр компанид үүрэг чиглэл өгсөн ч хууль зөрчөөрэй гэж үүрэгдээгүй нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшил давамгайлсан нийтийн тээврийн салбарт төрийн өмчит статустай гуравхан компани бий. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд автомашиныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг найман хоногийн хугацаанд мөрдөхтэй холбогдуулж, троллейбусны тарифыг мөн хугацаанд тэглэсэн гэх нэрийдлээр нийслэлийн төсвөөс, нөхөн олговор нэрээр багагүй мөнгө авсан гэх асуудал ч анхаарлын гадна үлдээгүй.
Үнэгүй үйлчилгээ үзүүлсэн өдрүүдэд 73 сая төгрөгийн зардал гарсныг нийслэлээс гаргуулж аваагүй байгаа гэх мэдээллийг өгсөн бол, Нийслэлийн нийтийн тээврийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулсан мэдээлэлтэй харьцуулахад зөрүүтэй тоо гарч байгаа юм. Тэндээс харахад “Цахилгаан тээвэр" компани өдөрт 2.8 саяас 3 сая, дунджаар 3.4 сая төгрөгийн орлого олдог байна. Тэгэхээр тус компанийн зүгээс өгсөн мэдээллээс үзэхэд үнэгүй үйлчилсэн өдрүүдийн зардлаа тооцон гаргахдаа өдөрт 7 сая төгрөгөөр тооцсон байна. Хэдийгээр өмнө нь үйлчилгээнд гарч байсан троллейбуснуудын тоог 14-өөр нэмэгдүүлсэн гэх мэдээллийг тэд өгч байгаа ч, эх сурвалжууд хэлэхдээ 5 троллейбус л нэмж үйлчилгээнд гаргасан байх боломжтой гэж байгаа юм. Тэгэхээр зардлаа бодлоготойгоор нэмсэн байж болзошгүй юм.
Түүнчлэн тус компанитай холбоотой улайм цайм хууль журам зөрчсөн олон асуудлынх нь заримыг тодорхойлон өгүүлэх нь зөв болов уу. Нийслэлийн Аудитын Газраас “Цахилгаан тээвэр” компанийн 2011, 2012 оны зарим үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийжээ. Уг шалгалтын дүгнэлт тус газрын албан ёсны сайтад байршсан нь хэнд ч ил тодорхой. Тэгэхээр энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй хүргэхдээ шалгалтын материалд хотын удирдлагуудтай холбоотой нэг ч асуудал байхгүй. Зөвхөн Цахилгаан тээвэр компанийн зөрчилтэй асуудал л бий гэдгийг дахин дурдая.
Цахилгаан тээвэр компани 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн хэрэгсэл 9 ширхэг дуобус угсрах” 1500.0 сая төсөвт өртөг бүхий гэрээг байгуулан ажиллаж 2012 онд долдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”- аас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авсан байгаа юм. Мөн ЗТБХБЯ-тай “Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсрах ажил гүйцэтгэх” 1937.6 сая төсөвт өртөг бүхий гэрээг 2011 оны 5 дугаар сарын 18 –ны өдрөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дуусгахаар байгуулсан боловч хүлээлгэн өгөөгүй байгаагаас гэрээний ерөнхий нөхцлийн 46.1 5 тусгай нөхцлийн 46.0 дахь заалтын дагуу 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87.1 сая төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх нөхцөл байдал үүссэн, 2011 онд “Байгууллагын цех тасгуудын урсгал засварыг хийж сэргээн засварлахад 8.2 сая төгрөг төлөвлөсөн, гүйцэтгэлээр зориулалтыг нь дулааны төв шугамын гэмтэл, дулаацуулгын венткамерийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ хийх, шинээр хөдөлгүүр тавих, цэвэрлэх будах, монтажийг галын аюулгүй байдлын түвшинд хүргэж засварлах, дулаацуулгын венткамерийн калориферүүдийг тоноглож монтажлах, ялтсан бойлер тоноглох зэрэг болгон өөрчилж 33.9 сая төгрөг зарцуулж төлөвлөснөөс 25.7 сая төгрөгөөр хэтрүүлжээ.
Мөн бусад байгууллагатай хамтран хийж хэрэгжүүлсэн “24 автобусны дулаан гаражийн зориулалттай ашиглаж байсан байрыг машин үйлдвэрлэлийн цувраа дамжлагын системд олон тоогоор “Тээврийн хэрэгсэл угсрах ажлын байрны өргөтгөл болгон өөрчлөх их засварын ажил”-ыг хийх зорилт болгон дэвшүүлсэн, Ачааны дунд болон бага оврын цахилгаан машин угсарч үйлдвэрлэх туршилтынажлыг зохион байгуулахаар 20.0 сая төгрөгөөр төлөвлөсөн ч өөрийн хөрөнгийн асуудлыг шийдэж чадаагүйгээс биелэгдээгүй байх жишээтэй. Хэдийгээр ажлын гүйцэтгэлээс харахад төлөвлөсөн зорилгоо ханган биелүүлсэн хэмээн дүгнэсэн байгаа хэдий ч бодит нөхцөл байдал дээр биелэгдээгүй явдал гардаг нь Аудитын шалгалтаар тогтоогджээ.
Энэ нь тус байгууллага зорилгодоо нийцсэн төлөвлөлтийг хийдэггүй, төлөвлөлт хийхдээ үндэслэл бүхий тооцоо судалгаагүйгээр, хэрхэн яаж ямар үр дүнд хүрэх үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг уялдуулж хийдэггүй, өөрийн үйл ажиллагаанд холбоогүй ажлыг зорилт болгон дэвшүүлдэг гэдгийг нь харуулжээ. Өөрөөр хэлбэл төлөвлөлтийг хийхдээ санхүүгийн үйл ажиллагааг зөв тооцоололгүйгээр урьд оны гүйцэтгэлтэй харьцуулан, үнийн өсөлт, ханшийн хэлбэлзлийг харгалзалгүйгээр хийдэг нь санхүүгийн албаны үйл ажиллагаа, тамгын алба, инженер техникийн албаны үйл ажиллагаа уялдаа муутай явж ирсэн гэж үзэж болохоор байна гэсэн Аудитын дүгнэлт гарчээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгахад бодитой хувь нэмэр оруулах зорилго биелэгдэх бодит нөхцөл байдал 50 гаруй хувьтай байна. Тус байгууллага 2009 оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилж эхэлсэн нь дээрх зорилгыг биелүүлэхэд саад болж байгаа аж. Энэ талаар тус байгууллагын захирал Д.Жаргалсайхан, дэд захирал асан н.Лхагвасүрэн нар тайлбарлахдаа: “ Нийтийн тээвэр зайлшгүй нийгмийн захиалгат үйлчилгээ, манай байгууллага 1987 онд анх байгуулагдахдаа 150 троллейбустай байсан ч цаг хугацааны явцад элэгдэж хуучирч актлагдсанаас Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орж ирсэн 400 автобуснаас ННТГ-т 2009 онд хүсэлт гарган 50 автобусаар парк шинэчлэлт хийсэн гэсэн байна. Энэ нь агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нийтийн цахилгаан тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэх зорилгоосоо ухарч, агаарын бохирдлыг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хуулийн 287-д заасны дагуу байгууллагын үйл ажиллагааны дунд хугацааны болон хэтийн төлөвлөлтийг хийгээгүй шуурхай төлөвлөлтүүдийг хийж ирснээс байгууллагын үйл ажиллагааг системтэй удирдан зохион байгуулах, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, эрхэм зорилго руу бүрэн чиглэж байгаа эсэх ийг хянах тогтолцоо байхгүй болсон. Удирдлага нь хариуцлагагүй ажилласан байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэжээ.
За мөн тус компани “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна уу? гэдгийг НАУ-гаас нягтлан үзэхэд дараах зөрчлүүд илэрчээ.
Тодруулбал, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас Нийслэлийн аудитын газарт ирүүлсэн мэдээ, “Цахилгаан тээвэр” компани, ННТГ-ын гэрээ дүгнэсэн протоколуудыг тулгаж үзэхэд протоколоор дүгнэгдсэн цаг ННТГ-аас ирүүлсэн гүйцэтгэлтэй зөрүүтэй гарчээ. Тухайлбал: /2012оны 2 дугаар сард -дүгнэсэн протокол цаг 20088.3 байхад гүйцэтгэл 25943.1 цаг, зөрүү 5854.8 цаг, 2012 оны 8 дугаар сард-дүгнэсэн протокол цаг 22701.6 байхад гүйцэтгэл 20511цаг, зөрүү 2190.6 цаг/ байсан байна. Эндээс харахад ажил үйлчилгээг дүгнэсэн протокол, ажлын гүйцэтгэл хоёрыг зөрүүтэй гаргаж, дүгнэж ирсэн нь нэг талаас тус компани засаж залруулах талаар хариуцлагагүй хандсан, нөгөө талаас Нийслэлийн нийтийн тээврийн газар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд хайнга ханддагийг харуулж байна.
Мөн “Цахилгаан тээвэр” компани нь нийтийн тээврийн үйлчилгээний шугам цагийн тасалдлыг бууруулах, зорчигчийн тоог нэмэгдүүлэх, саатлыг багасгах, зэрэг асуудлыг байгууллагын үндсэн зорилтын түвшинд тавьдаггүй, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүрээнд л зохицуулж ирсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.112,, НИТХ-ийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.813, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ” /2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл/-ний 2.2.1114 дэх заалтуудыг тус тус зөрчин Т-4 буюу “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Аз сервис” ХХК- ийн хооронд троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Эрдү” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус /JEA-800N/ хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”-г байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйл 15- ийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Аз сервис” ХХК-д Т-4 чиглэлийг өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан "Эрдү" ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан давуу байдал олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухайхуулийн 81.216, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6 НӨХГ-тай байгуулсан конрактыг заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн НАГ-аас гарсан дүгнэлтээс үзэхэд “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаанд ихээхэн асуудал байна. Төрийн өмчит нэрээр түрий барьдаг энэ компанийн үйл ажиллагаанд хаа хаанаа анхаарах цаг болжээ. НАГ-аас шалгалт хийсэн гүйцэтгэлийн тайлангаас харахад тус компани нь “Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй, өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц,контактийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай байна” гэсэн байна.
Учир нь тус компани троллейбусны цахилгаан хангамж, контактийн сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авсанаас хойшхи хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл их засвар хийгээгүй байх юм. Цахилгаан хуваарилан дамжуулах нийт 13 дэд станцаас 8 станц хэвийн ажиллагаатай ажиллаж, 1 дэд станцыг ашиглах боломжтой, 4 дэд станц ашиглагдах боломжгүй байгаа нь тодорхой болсон байна.
Дэд станцууд нь техникийн талаас ашиглах боломжтой гэх боловч кабель шугамууд нь шинээр тавьсан зам, барилга доор орсон, нөхөн сэргээх боломжгүй, эвдэж гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон нь хөрөнгийн хадгалалтхамгаалалтыг нийслэлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хийгээгүй, урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан гэж үзэхэд хүргэжээ. Ингэснээр нийт 162.9 сая төгрөгийн бүртгэлийн үнэ, 76.6 сая төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө ашиглалтгүй болж, цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй нь тодорхой байгаа аж.
Төрийн өмчит компаниудыг шалгахаар тэрбум тэрбум төгрөгийн зөрчил илэрдэг жишиг энд мөн давтагдаж байна. Гэхдээ бүр гэр бүлийн хүрээнд төрийн өмчит компанид эзэн суужээ. Шалгалтын материалаас иш татан дурдахад, Төрийн өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад дур мэдэн ашиглуулснаар тус компанид орох ёстой байсан 1497.5сая төгрөгийн орлого олох боломжийг алджээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.5, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.6, Иргэний хуулийн 56,6 заалтуудыг үндэслэн тухайн үеийн шийдвэр гаргасан удирдлагаар тус компанид орох боломжтой байсан 1497.5 сая төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ. Тэгэхээр түрээсээр байрладаг гэгдээд байгаа Эрдү компани ийм хэмжээний түрээс төлөөгүй болж таарч байна. Гэтэл аудитын дүгнэлтэд Эрдү компани нь Цахилгаан тээвэр төрийн өмчит компанийн дарга Д.Жаргалсайханы төрсөн охин Ж.Содбилэгийнх гэдгийг тодорхой дурдсан байгаа.
Тэгэхээр сая өгүүлсэн баримт бүхий асуудлууд бол зөвхөн нэгээхэн хэсэг нь. Бүгдээрээ тойрч сууж байгаад өөрсдийгөө өмгөөлдөг “Цахилгаан тээвэр” компанийнхан энэ мэт алдаа дутагдалдаа анхаарал хандуулдаг бол үйл ажиллагаа нь арай өөр байж болохсон. Д.Жаргалсайхан дарга нь өөрийгөө огт гэмгүй, өндөг шиг өөгүй нэгэн мэтээр хэлж яриад л, бусдыг буруутгаад л байдаг. Эко хэмээх гоё нэрийг ашиглан төрийн өмчийг хэрхэн үнэгүйдүүлж байгаа нь энэ. Сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тойрсон дуулиан тасрахгүй байгаа. Хамгийн сүүлд МИАТ-ны хэрэг мандаад олон хүн нэр холбогдон шүүхээр дэнслүүлж байгаа. Зөвхөн аудитын дүгнэлийг харахад энэ мэт төрийн өмчийг үрэн таран хийж байгаа нь илэрлээ. АТГ-ын хувьд ийм зөрчлийн хажуугаар дуугүй, нүдээ аниад өнгөрөх учиргүй. Харин энэ бүхний эцэст Д.Жаргалсайхан дарга гэмгүй мэт үлдвэл Ерөнхий сайд л муу нэр зүүнэ дээ. Учир нь Д.Жаргалсайхан Ерөнхий сайд нар нэг айлын баз хүргэнүүд. Хэзээ нэгэн цагт энэ сэжимээр нь хардах л болно. Хүргэн Дэнзэнгийн дуулианыг арай гэж намжааж байгаа үед дахин ийм хэл аманд өртөхийг хүсэхгүй л болов уу. Тиймээс АТГ-ынхан ч хуулийн дагуу ажиллахад саад учирахгүй биз.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: МИАТ-ын хэргээс ч илүү хэрэг дэгдчихсэн юм бишүү Хурц даргаа