​Сайхан мэдээ дуулгая. Монголын Засгийн газар Хятадын “Чалко” компанийн хоорондох уур амьсгал зөө-лөрч эхлэв. “Чалко” ком­панийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягтай уулзаж, учир зүй­гээ олох хүсэлтээ хэдэнтээ ирүүлээд байгаа гэнэ.

Ерөн­хий сайд ч удахгүй тэдэнтэй уулзахаар болжээ. Аштай юу. Өмнөх Засгийн газрын, бүр тодруулбал хоёр гуравхан хүний хийсэн маш муу гэрээний “ач”-аар “Эрдэнэс Тавантолгой” компани Хятад руу ганц ч шуудай нүүрс гаргалгүй хоёр гурван сарын нүүр үзээд байсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй яг энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад албан ёсны айлчлал хийх гэж байна. Магадгүй гадны хөрөнгө оруулалтыг, ялангуяа Хятад улсын хөрөнгө оруулалтыг хязгаарлахад чиглэсэн Стра­тегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөн­гө оруулалтыг зохицуулах хуулиа энэ удаагийн УИХ өөрчилж, монголчуудад илүү ашигтай хувилбарыг сонгож буй.

Тиймдээ ч энэ Засгийн газар Хятадын “Чалко” компанитай  учир зүйгээ олох болчихоод байна. Ерөн­хий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр өмнөх Засгийн газрын “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларын өрийг төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Тус компанитай хийсэн гэрээг цуцалж болно. Гэхдээ цуцалбал 186 сая ам.доллар төлөөд, дээр нь торгууль тавигдана. Нүүрсээ энэ хэвээр нь хямд үнээр гаргаад байвал алдагдалд орно. 186 сая ам.доллараа төлсөн ч дахиад таван жил нүүрснийхээ 80 хувийг гаргана гэсэн гэрээтэй. Монголын хувьд “Чалко”-гоос өөр сонголт үлдээгүй. Тиймээс гэрээгээ цааш нь үргэлжлүүлэхийг зорьж байгаа” тухайгаа хэлж байлаа. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан МАН-ын Засгийн газрын цорын ганц сонголт нь Хятадын төрийн өмчит “Чалко” компани байсан. Энэ компанитай Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ хийж, мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө ард түмэнд хишиг хувь болгон хүртээсэн. Тэр гэрээнд үндэсний эрх ашиг гэх өчүүхэн ч үнэр байгаагүй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар энэ алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоож байв. Хариуд нь хятадууд манайхаас ганц ч шуудай нүүрс авахгүй гэсэн бойкот хийсэн. Үр дүн нь юу байв. Нүүрсээ гаргахгүй ердөө л хоёрхон сар болоход манай улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Нүүрсээ экспортлохгүй бол болихоо байлаа, “Чалко” Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч, бид дэлхий дахинд шившгээ дэлгэнэ” гэцгээж байв.

Нүүрсний борлуулалтаас 95 хувийн хамааралтай Монголын эдийн засаг Хятадын бойкотын өмнө сөхрөхгүй гээд яах билээ. Сонгуульд ялахын тулд ирээдүйн экспортоо барьцаалан зээл авч, нэр хүнд олсон өмнөх Засгийн газрын сайдуудаас хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Хэрэв Сү.Батбол­дын Засгийн газрын үед бай­гуулсан тэрхүү гэрээ үндэсний эрх ашгийг зөрчсөн нь үнэн л юм бол Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад буулт хийв гэдэг асуулт гарч ирнэ. Иргэн бүрт олгохоор амласан 21 мянган төгрөг, оюутны 500 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 680 мянган төгрөгөө өгөхийн тулд мөнгө л олж байвал хэнтэй ч юуг ч наймаалцахад бэлэн болоод байсан өмнөх Засгийн газарт “Чалко” компанитай яаран сандран гэрээ байгуулж, сонгуулиас өмнө амлалтаа биелүүлэхээр улайрсны гор нь энэ гэрээ. Олон улсын зах зээл дэх ханшаас даруй хоёр дахин бага үнээр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг “Чалко” компанид ний­лүүлэх, урьдчилгаа болгож 13 хувийн хүүтэй 350 сая ам.доллар зээлж авах гэрээ хийсэн нь алсдаа ямар урхагтайг гэрээг үзэглэсэн хүмүүс мэдэж байсан уу. Мэдэж байсан. Гэрээ бол гэрээ. Маш хямд үнээр нүүрсээ урагш нь гаргасаар хоёр жил болов. Харин сонгуулийн үр дүнд МАН биш АН ялснаар “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко” хоёрын хооронд байгуулсан маш муу гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн ч Хятадын эдийн засгийн хориг арга хэмжээ мухардалд оруулаад байлаа. Орлогогүй, гадны хөрөнгө оруулалтгүй болсон Монгол Улс “Чалко”-д буулт хийхээс өөр аргагүй байдалд орж, тонн нүүрсний үнэ дээрээ хоёрхон ам.доллар нэмүүлж байж, гэрээг үргэлжлүүлсэн юм. Харин одоо энэ гэрээг бүрмөсөн өөрчлөх үү, арай дээрдүүлэх үү гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдэх нь. Хэрэв Засгийн газрын тэргүүний “Чалко”-гийнхонтой хийх уулзалт нааштай болбол нүүрсний экспорт сэргэж, Монгол Улсад ашигтай болно. Эдийн засаг ч сайжирна. Хамгийн чухал нь гадны хөрөнгө оруулагчид Монгол Улс биднээс нүүрээ буруулаагүй юм байна гэдгийг ойлгох биз ээ.

 

Б.Оюунгэрэл