Эрүү, цагдаа, таг­нуулынхан нууц амрагуудад халтай байна. Ялангуяа төрийн түшээд, сайд, дарга нарын нууц амрагуудыг илрүүлэхдээ гаршчихлаа. Яамны төрийн нарийн, татварын даргынхыг бол бүр ч сурамгай.

Нэр ус, данс тооцоо, машин тэрэг, зүүсгэл чимэг, өмссөн хувцас, амьдардаг байр сууцыг нь ч андахгүй. Тиймээс эрчүүд минь амрагуудаа бурхнаас хүртэл нууж явах хэрэгтэй болоод байна. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан эрхмийг улсын хөрөнгийг завшсан, тендер будлиантуулсан хэргээр шалгах явцдаа батлан даалтад гаргаад байснаа буцаагаад “хар гэрт” хорихоор болсон сураг дуулдана билээ. Яасан гэхээр тэр эрхмийн амраг бүсгүй нь дансандаа “аймаар” их мөнгөтэй байсныг цаадуул нь олоод мэдчихэж. Тоогүй гэдэг нь. Орчин цагийн нууц амрагууд дэндүү сэргэлэн, овсгоотой байна шүү. Мөнгөтэй эрхмийг олоод найзалчихна, ашгаас нь хүртчихнэ, мөнгийг нь дансандаа нуучихна. Харамсалтай нь баригдаж, мэдэгдчихээд болохгүй юм. Нууц амраг биш ил амрагууд болчихоор ямар хэрэг байх билээ. Нууц бүхнийг нь нууж байх үүрэгтэй гэдгээ л ойлгохгүй байх шиг. Юуны төлөө нэр нь хүртэл нууц амраг билээ. Монгол эрчүүдэд мөнгөтэй болох тусам эхнэр нь муухай харагдаад эхэлдэг гэсэн үг байдаг. Тэгэхээр хөрөнгө чинээ эрчүүд бүгд нууц амрагтай гэсэн үг биз дээ. “Хананд хүртэл чих бий” гэж хятадууд хэлдэг. Нууцаа хадгалж мэддэггүй, нууц амрагаа нууж чаддаггүй бусдад мэдэгдэж, баригдаж “шараа” болдог эрчүүдийг харахаар өрөвдөөд байх юм. Сайхан, хөөрхөн нууц амрагаа найздаа, найзынхаа найзад харуулж гайхуулаад явдаг эрчүүд байдаг.  Харин амраг бүсгүйчүүд нь “Би тэрнийх” гэж хэзээ ч хэлдэггүй гэж байгаа. Тэгэхээр эрчүүд минь өөрсдөөсөө болж бусдад олзлогдоод байдгаа болих хэрэгтэй. Нууц нууцаараа л байг. Нууц амрагуудаа хооронд нь зодолдуулж, нууц амрагийнхаа дансанд их мөнгө хийж, нууц ам­рагтайгаа гадаадаар зу­гаалж, нууц амрагаа юугаар ч дутаадаггүйг чинь эхнэрүүд тань мэдвэл эвгүй л юм болно доо.
 

Б.ОЮУНГЭРЭЛ