Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Говь-Алтай аймагт ажиллалаа. Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газрын шийдвэртээ мал аж ахуйн салбарт өндөр амжилт гаргасан малчид болон тариаланчдыг шагнадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист сайн малчнаар шалгарсан малчдад шагнал гардуулах арга хэмжээ болсон юм. Нийслэл хотоос 1000 км-ын цаана орших Говь-Алтай аймгаас дөрвөн сайн малчин, улсын сайн тариаланч нэг төрөн гарчээ. Говь-Алтай аймгийнхан нийт 2.5 сая мал тоолуулсан бөгөөд өмнө нь байгаагүй өндөр амжилт гэдгийг удирдлагуудын зүгээс хэлэв. Малчид энэхүү нэр хүндтэй шагналыг Алтай нутгаас төрөн гарсан сэхээтнүүдийн нэг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс гардан авсан юм. Говь-Алтай аймгаас төрөн гарсан Гадаад хэргийн сайдыг нутгийн зон олон тун хүндэтгэлтэй угтсан. Арга ч үгүй биз. Тэрээр төрийн өндөр албан тушаалд томилогдсоноос хойш анх удаа нутагтаа очсон нь тэр.

Энэ жил Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Б.Төрмөнх, Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин П.Доржсүрэн, Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Ч.Баярбаатар, Халиун сумын Чацран багийн малчин Б.Мулч нар хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сайн малчин цолоор энгэрээ мялаалаа. Үүнээс гадна Жаргалан сумын тариаланч Б.Мөнх-Эрдэнэ улсын тэргүүний тариаланч болов. Сайн малчдад шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Миний бие шинэ тушаалд очоод анх удаа төрсөн нутагтаа ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болсондоо баяртай байна” гэв. Сайн малчин болсон хүмүүсдоод тал нь 20 жил мал малласан байх юм. Үүнээс гадна уг шагналын эзэн болсон малчин бүр өөрийн гэсэн арга барил, онцлогтой.

Тонхилоос төрсөн сайн малчин л гэхэд 22 дахь жилдээ мал маллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 1800 гаруй толгой маш тоолуулсан байна. Хоёр талаасаа малчны удамтай Б.Төрмөнх өдгөө 39 настай бөгөөд “Буурлынхаа буяныг өсгөн үржүүлэх нь бидний үүрэг юм. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж нэр хүндтэй шагналын эзэн болж байгаадаа баяртай байна. Цаашид улам их хичээж, монгол малч ухааныг залуу хойч үед өвлүүлэн үлдээхийн төлөө хичээх болно” гэв. Тэрээр хонь голдуу өсгөдөг. Тэгвэл Халиун сумын малчин Б.Мулчийнх ямаа ихтэй юм байна. Харин Дэлгэр сумын П.Доржсүрэн 1100 орчим хонь, 150 гаруй үхэр, 70 тэмээ, 50 орчим адуу, 500-гаад яматаай айл аж. Өөрийнхөө удирдлага дор дөрвөн ч өрх айлын 20 орчим хүнийг саальчин, малчнаар цалинжуулж ажлын байраар хангасан байгаа юм. Харин Есөнбулагийн малчин Ч.Баярбаатарын хувьд бог голдуу 1600 гаруй толгой мал тоолуулсан байна. Малчдын гол санаа зовж байгаа асуудал бэлчээр гэнэ. Өнгөрч буй өвөлд цас бараг ороогүй. Тиймээс газар нэлээд хуурайшилт өгсний улмаас хаврын улиралд идэш тэжээл муудахвий хэмээн болгоомжилж байгаагаа Л.Пүрэвсүрэн сайдад дуулгав. Түүнчлэн Говь-Алтай аймагт улсын тэргүүний тариаланч нэгээр нэмэгдсэн нь Жаргалан сумын иргэн Б.Мөнх-Эрдэнэ 30-аад жилийн турш 14 нэр төрлийн хүнсний ногоо тарьж аймаг, сумынхаа хэрэгцээг хангахад тус нэмэр оруулдаг гэнэ. Сайн малчдын шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.


-Сайд болсноос хойш анх удаа нутагтаа ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Сайхан байна. Энэ жил өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Иргэд ч сэтгэл өндөр байх шиг байна. Ер нь улс даяар 51 сая мал тоолуулсан. Үүнээс 2.5 саяыг нь манай алтайчууд тоолуулжээ. Энэ бол өнтэй өвөлжсөний илрэл юм. Аймгийн хэмжээнд дөрвөн сайн малчин төрснийг гардуулж өглөө. Удахгүй мал төллөж эхэлнэ. Хамгийн хэрэгтэй зүйл нь ус чийгний асуудал болсон тухай иргэд хэллээ. Иргэдийн олонхи нь үүнийг дуу нэгтэйгээр хэлж байна.


-Аймгийн удирдлага, иргэдтэй уулзсан. Ямар санал тавьсан бэ?
-Говь-Алтай аймагт Ардчилсан нам анх удаа засгийн эрх барьж байна. 2014 оны эхнээс хойш өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймагт маш их бүтээн байгуулалт хийгдсэн байна. Сэтгэл байвал богино хугацаанд юуг ч бүтээж болдгийн жишээг одоогийн Засаг дарга О.Амгаланбаатар харуулж байна. Алтайчуудын өмнө хамгийн их тулгамдсан ундны усны асуудлыг шийджээ. Энэ бол том ажил. Усны үйлдвэрийг үзсэн. Цаашид бололцооны хэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллах болно. Аймгийн удирдлагууд их зүйл амжуулсан байгааг хараад сэтгэл хангалуун байна.