​Монголын Засгийн газ­рын төлөөлөл “Рио Тинто” групптай хэлэлцээ хийхээр Лондонг зориод удаагүй бай­на. Баялаг нь Монголд ч хөрөнгө оруулагчид нь Лондонд тул манайхан ийн холыг зорьсон хэрэг.

Нэгэн үе Оросыг зорих том даалгавартай байсан төр цагийн эрэхээр Лондонг зорьж буй нь энэ. Ийнхүү цаг үе хийгээд санхүүгийн шаард­лагаар хөрөнгө оруулагчдын өмнө хөл алдах үүрэгтэй болсон Засгийн газар “Рио Тинто”-д хатуу үг чулуудаж байсан нь саяхан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэхэд сар өнжихгүй зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би хөрөнгө оруулагчдад хатуурхаж чадна.

Тэд манай хуульд захирагдах ёстой” гэсэн цочмог хатуу мэдэгдлийг хийн “Үндэслэлгүй нэмсэн хөрөнгө оруулалтынхаа тоон үзүүлэлтийг тайлбарлах ёстой. Бид хатуу шаардана” гэж байв. Зөвхөн хэвлэлийн бага хурлын үеэр ч бус УИХ-ын чуулганы танхимд ч дээрх үгийг хэлж байсан. Зөвхөн энэ оны хоёрдугаар сарын 2-нд гэхэд тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан “Оюутолгой” төслийн үйлд­вэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн боловч бидэнд төсөлтэй холбоотой асуудлаар ярилцах нэлээд олон асуудал хуримтлагдаад байна. Өн­гөрсөн хугацаанд Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг албан ёсоор хуульд заасан утгаар нь хүлээлгэж өг гэсэн Төлөөлөн удирдах зөвлөл болон холбогдох байгууллагын шаардлагыг өнөөд­рийг хүртэл хангаж ажиллаагүй байна” гэж мэдэгдэж байв. Гэсэн ч энэ бол тухайн цаг үедээ л хүчинтэй мэдэгдэл байж. Нэг ёсны өнөөдөр Ерөнхий сайд ийн хатуурхахгүй гэсэн үг. Хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 22-нд тэрбээр “Рио Тинто”-ийн тал шууд өөрсдийн гаргасан шийдвэрийн хүрээнд далд уурхайнхаа бүтээн бай­гуулалтын ажлыг зогсоож, нийтдээ 1700 орчим монгол хүнийг ажилгүй болгосон талаар тэрбээр нэг ч хатуу үг хэлээгүй юм. Харин ч цаад учир шалтгааныг нь бүрхэгдуулэх маягтайгаар асуудалд хандаж “Тэр ажлаасаа халагдсан хүмүүсийн талаар Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ. Ажлын байртай болгож өгнө. Гэхдээ “Оюу­толгой”-д авч байсан шиг цалин өгнө гэж бид амлаж чадахгүй. Ажлын байрыг бол яаж л бол яаж гаргаж өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Оюутолгой дээр анхны хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байгаа. Энэ асуудлаа ярья. Мөн далд уурхайг цааш явуу­лахын тулд хоёр дахь шатны сан­хүүжилт хэрэгтэй байгаа. Энэ санхүүжилтийг яаж авбал хөрөнгө оруулагч хоёр талд ашигтай байх вэ гэдгээ ярих хэрэгтэй. Бид энэ ажлыг зогсоох ямар ч сонирхолгүй. Болох талаас нь дэмжээд ажиллана” гэсэн. Ийнхүү өдрөөс өдөрт үг нь зөөлөрч, шаардлага нь саармагжиж буюу түүний байр суурийн өөрчлөлтийг өөрийнх нь үг батлаад зогсохгүй УИХ-ын гишүүн хийгээд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Ц.Сэдванчигийн манай сонинд өгсөн ярилцлага ч баталгаажуулсан юм.

 

САНААЧИЛСАН ЗАХИДЛААСАА БУЦЖЭЭ

 

Тэрбээр “Рио Тинто”-д “Эрдэнэс Оюу­толгой” компанийн захирлын хувиар явуулсан захидал өөрийнх нь бус харин Засгийн газрын, цаашлаад Ерөнхий сайдын даалгаврыг биелүүлсэн гэдгээ дэлгэсэн. Тодруулбал “Ерөнхийдөө Монголыг  хэдэн үе дамжсан өрөнд оруулахгүйн тулд  “Рио Тинто” зуучилж Оюутолгой төсөлд авах санхүүжилтийн зээлдүүлэгч нартай тэдний ярьсан гэрээний нөхцөлүүд, бүр тодруулбал зээлийн гол нөхцөлүүд  Монгол Улсын хууль, талуудын байгуулсан гэрээтэй зөрчилдөж буйг нь маш тодорхой тайлбарлаж бичсэн захиа юм. Харамсалтай нь  би дур мэдэн УИХ, Засгийн газрыг төлөөлж бичсэн болж таарч байх шиг байна. Тэгээд миний тэр алдааг араас нь  залруулсан юм шиг ташаа ойлголт яваад байгаа юм билээ. Захианд УИХ, Засгийн газрыг төлөөлсөн агуулга байхгүй. Эрх биш би хэзээ хаана хэнийг төлөөлөхөө мэднэ шүү дээ” гэж байлаа. Цааш нь тэрбээр “Тэдний өгсөн үүргийн дагуу  би төслийг нь бэлтгэсэн. Засгийн газар  хянаад намайг явуул гэсэн юм. Одоо миний нэрийг ашиглаж “РиоТинто”-д явуулсан захианы агуулгаа Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ер нь би Засгийн газрын хэл ам, гар хөл болж гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн гэдгээ л хэлээд байгаа  шүү дээ. Би тэдний өмнө Засгийн газрын  байр суурийг л илэрхийлдэг байсан. Надад илүү эрх мэдэл байгаагүй. Намайг явуулчихаад байр сууриа өөрчлөхгүй биз дээ л гэж хэлээд байгаа” гэсэн.

Гол нь тэрбээр дээрх захидлын дараа ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд олны дунд “Ц.Сэдванчиг дур мэдэн захидал бичсэн” гэх маягийн мэдээлэл түгээд удаж буй. Харин бодит байдал дээр уг захидлыг Ц.Сэдванчиг өөрийн хүсэлтээр бус харин  Ерөнхий сайдын даалгавраар бичсэн нь түүний ярианаас тодорхой болж буй. Мөн Ц.Сэдванчигийг ажлаас нь халсан даруйд Монголын Засгийн газар Лондон явж хэлэлцээрт орохоор болсон нь гайхмаар. Энэ талаар  УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг саяхан “Ерөнхий сайд өөрөө та нар дандаа ирэх юм. Энэ удаад бид та нар дээр очиж уулзая” хэмээсэн гэдгийг олонд дэлгэж байсан. Тэгэхээр Ерөнхий сайд хөрөнгө оруулагч тал далд уурхайнхаа бүтээн байгуулалтыг зогсоохтой зэрэгцэн буулт хийж, түүнийхээ золиосонд Ц.Сэдванчигийг ажлаас нь халсан байж болох юм.

 

“РИО ТИНТО” ЗЭЭЛЖИХ ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ

 

Хамгийн гол нь Ерөнхий сайдын зүгээс сүүлийн үед “Оюутолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй” гэсэн мэдэгдэл хийгээд буй. Үүнийгээ “Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу” гэдгээр тайлбарлаж байгаа бол нэр бүхий УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газар “Рио Тинто”-д зээл авах эрх үүсгэж болохгүй” гэсэн  анхааруулгыг хий­сэн. Үүний шалтгааныг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Ц.Сэдванчиг ч тодорхой тайлбарласан. Түүнийг нь дэл­гэрүүлбэл нэлээн урт тэмдэглэл үүсэх бөгөөд товчхонд нь дараах байдлаар хүргэе. “Төслийг удирдагч “Рио Тинто” зээлдүүлэгч нартай ярьж байгаа энэ зээлийг төсөлд авч эхэлснээр Монгол Улс ямар нэгэн хэлбэрээр ирээдүйд төлөх ёстой 10-аад тэрбум ам.долларын өртэй болох тооцоог хялбархан харж болдог. Энэ тоо бол манай улсад ахадна. Тэдний Засгийн газраас хүсээд байгаа дэмжлэгийн захиа /Comfort letter/ гэгч нь бодитой агуулгаараа тэр зээл авахад нь баталгаа, зөвшөөрөл өгөөд байгаа л хэлбэр юм. Бод л доо. Зөвхөн энэ удаа эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.доллар авах зээлийн хаалга нээгдчих юм бол тэд цаашид зургаан тэрбум ам.долларыг болгож, магадгүй бүр ихийг ч дур мэдэн зээлж мэднэ. Баримттайгаар хэлэхэд төслийн нийт өртөг нь 24 тэрбум гаруй ам.доллар болно гэсэн тооцоог зээлдүүлэгч нарт гаргаж өгсөн байдаг юм. Тэгэхээр зээлийн хаалга нээгдчихвэл 24 тэрбум гаруй ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй. “Рио Тинто”-гийн нөхөд энэ зээлийг дэлхийд анх удаа яригдаж буй том дүнтэй уул уурхайн төслийн зээл гэж сайрхаж ярьдаг. Яагаад урьд хожид авч байгаагүй зээлийн хөтөлбөрийг манайд хэрэгжүүлэх гэж тулгаад буйг ч тодорхой болгох шаардлагатай л юм. Гэтэл Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллага, хандивлагч улс орноос дээрхи дүнтэй  харьцуулахгүй бага хөнгөлөлттэй зээл авч улсын өр үүсгэхдээ заавал УИХ-д танилцуулж зөвшөөрөл авдаг. Ядаж зөвшилцдөг биз дээ. Одоогийн хууль эрх зүйн зохицуулалт нь ийм л байгаа. Засгийн газар дангаараа өр тавиад, зөвшөөрөл өгөөд байх боломжгүй. Төсвийн тухай  болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ эрхийг нь хязгаарлаж өгсөн байдаг. Эдгээр зохиуцуулалтыг Засгийн газар хэнээс ч илүү мэдэж, харж байгаа учраас  олон сар шаардсан дээр ярьсан захиа нэртэй зөвшөөрөл, баталгааг “Рио Тинто”-д явуулахгүй,  надаар тайлбар захиа хүргүүлсэн гэж ойлгодог” гэж. 

 

ЕРӨНХИЙ САЙД ШАХАЛТАНД ОРСОН УУ

 

Энэ бүхний эцэст “Рио Тинто”-гийн төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Танай Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд нар чинь өмнөх байх сууриасаа буцвал бид танай улсад нэг ч ам.долларын хөрөнгө оруулалт хийхгүй” хэмээн мэдэгдэж байсныг нь дуулгая. Эндээс харахад Ерөнхий сайд “Рио Тинто”-гийн зүгээс үзүүлж буй дарамт шахалтад буулт хийж өөрийн байр суурийг зөөллөж, бичүүлсэн захиагаа хүртэл мэдэн будилсан байж болох талтай. Улмаар тэрбээр Оросоос заавар авах гэж нисдэг социализмын үеийн дарга нар шиг багийг Лондонг руу нисгэж, “Далд уурхайн бүтээн байгуулалтаа дахин үргэлжлүүлээсэй” гэсэн том хүлээлттэй өдөр хоногийг өн­гөрүүлж байж мэдэх юм. Ядаж л “Би ажил олоод өгчихнө өө” гэж томорсон 1700 хүнээ гомдол мэдүүлж эхлэхээс нь өмнө шүү дээ.

 

Г.Отгонжаргал