Намар болж  цэцэрлэг сургууль орох дөхөөд ирэхээр яригддаг асуудал нэмэгдэнэ үү гэхээс хорогдохгүй байсаар өдийг хүрсэн. Жил ирэх тусам цэцэрлэгийн хүрэлцээ муу байсаар хэдэн жилийн нүүр үзэж буй.

Энэ жил зургаан цэцэрлэгийг акталж хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Үүнээс үүдэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэгт нураах шийдвэр гаргасан цэцэрлэгийн хүүхдүүдээ нэмж шилжүүлсэн.

Ингэснээр цэцэрлэг хомс энэ үед одоо ажиллаж байгаа цэцэрлэгүүд нь ачааллаа дийлэхээ байж нэг ангид 45-55 хүүхэд хүмүүжиж, багш нар хүүхэд бүртэй тулж харьцах боломжгүй болсон. Хүүхдээ л багтааж  байвал ангид нь хэр олон хүүхэд байх нь эцэг эхчүүдэд хамаагүй, тэд ч үүнд буруугүй. Харах хүнгүй бяцхан жаалуудыг аль болох багтаахыг хичээдэг цэцэрлэгийн удирдлагууд, багш нар ч буруугүй.

Хотын төвд орших Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн зарим анги хүүхдүүддээ нэрсийн хязгаарлалт тогтоож, долоо хоногийн ажлын таван өдрийн нэг өдрийг гэрт нь өнжөөдөг болжээ. Жишээлбэл Анужин даваа, Билгүүн мягмар, Хүслэн баасан гаригт цэцэрлэгтээ ирэх эрхгүй. энэ зарчмаар өдөрт нэг ангиас 10 гаруй хүүхэд хичээлдээ ирэхгүй байхад багш нарын ачаалал буурах бололтой.

Тус цэцэрлэгийн дунд ангийн нэг бүлэг 58 хүүхэд хүүхэд хүмүүждэг. Уг нь нормоороо бол дунд ангид 25 хүүхэд суралцах ёстой. Гэтэл байх хэмжээнээсээ хоёр дахин хэтэрсэн энэ цэцэрлэгт бүлгийн багш, туслах багш хоёр нь яаж ч хичээгээд хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Ингэлээ гээд  хүүхдийн суралцах эрхийг зөрчиж бас болохгүй байлтай.

Хүүхдийн эрх нь дэлхийн хаана ч, хэзээ ч адил, түгээмэл байж, бүх хүүхэд эрхээ ямар нэг ялгаварлалгүйгээр эдлэх, хамгаалуулах, зөрчигдсэн эрхээ сэргээлгэх эрхтэй байдаг. Мөн амьдрах, хөгжих эрх, хамгаалуулах эрх, оролцох эрхтэй.

Гэтэл хүүхэд нэг өдөр цэцэрлэгт явахгүй байснаар олон үр дагаварууд гарах болно. Тухайлбал, хүүхэд гэртээ цоожлуулж осол эндэгдэлд өртөх магадлал ихсэж, хараа хяналтгүй байснаас алга болж төөрөх гээд нийгэмд сөрөг үр дагаврыг авчирдаг.  Үүний хариуцлагыг хэн хүлээх үү гэдгийг бодож үзсэн болов уу. “Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны нийт 220 мянган хүүхэд байдаг ч өнөөдрийн байдлаар 70 мянган хүүхэд буюу 32 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна” гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэж байсан билээ. Энэхүү тоон дээр ахиад хүүхэд нэмэгдэх хэрэггүй л баймаарсан.

Түүнчлэн нэг өдөр цэцэрлэгээс гадуур өнжсөн хүүхдүүд ямар ч хоол унд идсэн нь тодорхойгүй хүүхэд бусдадаа халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тэртэй тэргүй цэцэрлэг ажлын таван өдөртэй болохоор хүүхдүүд хоёр өдөр амардаг. Үүн дээр нэмэгдээд ахиад нэг өдөр явахгүй байна гэдэг нь асуудал.

Үүнд цэцэрлэгийн удирдлага болон багш нар, эцэг эхчүүдэд  бурууг өгөх гэсэнгүй. Шинэчлэлийн засгийн газрын амласан олон сургууль, цэцэрлэг барина гэснийг сануулах гэсэн юм. Бяцхан жаалуудыг өвөл нь утаанаас хамгаалж чадахгүй, цэцэрлэгтээ явах өдрөөс нь хумсалж байгаа нь бас нэг эмгэнэл.

Х.Даваанаа