Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар энэ оны нэгдүгээр сард ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд болон тусгай төвүүдийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулалтаар томилохоор болсон. 

Энэхүү сонгон шалгаруулалтаар ихэнх эмнэлгийн даргын суудал эзэнтэй болсон. Энэ хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэг болох нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг болон ХСҮТ, ХӨСҮТ-ийн хуучин дарга нарыг хэвээр нь үлдээсэн. 

Харин Улсын гуравдугаар эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга нарыг шинээр томилсон байна. ГССҮТ-ийн эмч, ажилчид шинээр томилогдсон дарга болох Ц.Энхбаярыг эсэргүүцэж өчигдөр ажил хаялт зарласан. Энэ талаар тус эмнэлэг дээр очиж сурвалжиллаа. Биднийг тус эмнэлэг дээр 11.20 цагийн үед очиход эмнэлгийн дотор ханан дээр “Ц.Энхбаяраа бид чамайг хүлээж авахгүй”, “Хууль бус томилгоог эсэргүүцэж байна” гэсэн бичгүүдийг өлгөсөн байлаа. 

Ямар учраас шинэ даргаа эсэргүүцэж, суулт хийх болсон талаар тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Гэмтэл, согог судлалын үндсэний төвд гадаадад боловсрол эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар ажилладаг. Тиймээс зүгээр нэг мэдрэлийн эмчээр удирдуулж чадахгүй. 

Ц.Энхбаяр манай эмнэлгийн  даргын сонгон шалгаруулалтад оролцоогүй хэрнээ даргаар томилогдсон нь хачин байна. Энэ талаар  бид ЭМЯ-нд удаа дараа мэдэгдсэн боловч тоогоогүй. Тиймээс эсэргүүцлийн энэ хэлбэрийг сонгож байна” гэв. Эмнэлгийн эмч нар өглөөний 09.00 цагаас эхлэн төлөвлөгөөт бүх хагалгааг зогсоосон боловч 11.00 цагаас эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орсон байна. Эмч, ажилчдыг суулт хийж байхад тархиндаа хүнд гэмтэл авсан хоёр өвчтөн ирсэн байна. 

Хагалгаа хийх эмч олдохгүй байсан талаар ар гэрийнхэн нь бидэнд хэлж байсан юм. Удирдлагаа эсэргүүцсэн эмч нарын ажил хаялтын талаар ямар бодолтой байгааг тус эмнэлгийн шинэ дарга Ц.Энхбаяраас тодруулсан юм. 

-Эмнэлгийн ажилчид таныг хууль бусаар томилогдсон гээд суулт хийж байна. Үүнд тайлбар өгөөч?
-Би Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтад материалаа илгээсэн. Шалгаруулалтын дагуу л томилогдсон. Гэвч энэ эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулах үнэхээр хэцүү болчихжээ. Хэдийгээр хууль бус томилгоо гэсэн нэрэн доор ажил хаяж байгаа боловч цаана нь нөлөө бүхий хэдэн эмч, ажилтны явуулга байгаа гэж бодож байна. 

Тэрбээр ийн ярив. ГССҮТ-ийн шинэ удирдлагыг эмч ажилчид нь хүлээж авахгүй байгаа ч бусад эмнэлгийн удирдлагуудын хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа аж. Ингээд шинээр томилогдсон эмнэлгийн дарга нарыг танилцуулъя

П.Н ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Ц.ТӨМӨР-ОЧИР 

Ц.Төмөр-Очир нь 1994 онд Анагаах ухааны их сургуулийг эмчилгээний ангийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 2000 онд Анагаах ухааны их сургуулийг магистрантур, 2011 онд ОХУ-ын Москва хотын Анагаах ухааны академийг докторантур мэргэжлээр төгссөн байна. 

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Л.НАСАНЦЭНГЭЛ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар Л.Насанцэнгэл томилогдсон. Түүний хувьд 1990 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1990-1991 онд Баянзүрх дүүргийн Хонхорын хүний их эмчийн салбарт эмчээр. 1991-1995 онд төгссөн сургуулийнхаа Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд багшаар ажиллаж байсан байна. 1997 онд “Сургуулийн насны хүүхдийн дундах оюуны хомс өвчний тархалт, эмнэлзүй-судлалзүйн зарим онцлог” сэдвээр Анагаах ухааны докторын зэргийг хамгаалсан байна.  Тэрбээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар ерөнхий захирлын албанд томилогджээ. 
 
ГЭМТЭЛ, СОГОГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.ЭНХБАЯР


Гэмтэл,  согог судлалын үндэсний төвийн захирлаар Ц.Энхбаяр сонгогдсон. Тэрбээр энэхүү эмнэлгийн даргаар сонгогдохоосоо өмнө “Элит-Ачтан” эмнэлгийн мэдрэлийн эмчээр ажиллаж байсан байна. Мөн гуравдугаар эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад оролцож байсан ч тэнцэж байгаагүй аж.

Н.Баасандэмбэрэл