​Өөрийгөө Чингис хаан гэж нэрлэсэн нэг америк нөхөр цагдаад баригджээ. Тэгээд хар тамхи, дээрмийн хэрэгт холбогдсоноосоо болж 15 жил хоригдох ял сонссон байх юм.

Яагаад өөрийгөө ингэж нэрлэсэн юм бэ гэж цагдаагийнхан асуухад нь нөгөө нөхөр “Дэлхийг эзэрхийлж, балмад болчимгүй үйлдлээрээ алдаршсан болохоор Чингис хаан хэмээн өөрийгөө нэрлэсэн” гэх ухааны хариулт хэлжээ. Ямартай ч Нью-Йорк хотод болсон энэхүү үйл явдлыг барууны хэвлэлүүд хачирхан бичиж, шогширцгоох аж. Гэвч миний бүр толгой эргэж гүйцлээ. Тэгээд одоо бид Чингис хаанаараа бахархаж, баярлах ёстой юм уу, эсвэл энэ хүний үр хойч гэдгээ нууж явах хэрэгтэй болж таарав уу. Манай төр засаг болохоороо жигтэйхэн бахархаж, бусдад гайхуулж байгаад л олон улсын зах зээл дээр гаргаж байгаа бондоо Чингис хааны нэрээр нэрлэсэн юмдаг. Тэгэхээр нь бахархаж явах ёстой гэж ойлголоо. Гэтэл хаа газрын хар тамхичин, хулгайч, дээрэмчин өөрийгөө Чингис гэж нэрлэчихээд,  дэлхийг буруу зүйлээр “байлдан дагуулаад” унахаар яах ёстой юм бол.  Энэ дэлхийн хаа нэгтээ Чингис нэртэй нохой, гахай, муур хулгана юу ч байж магадгүй нь. Чингисийг хар элгийн хачин сонин үзэл бодолтой залуус балмад дээрэнгүй, бүтэхгүй амьтан гэж ойлгодог юм байна. Тэгээд түүн шиг байхыг мөрөөддөг юм байна.

Энэ хэрэг явдлаас үүдэж, Чингисээ өмөөрч, өмгөөлөх, түүнээс ичин нэрэлхэхийн аль нь ч бай, бондынхоо нэрийг өөрчилж, Чингис хаанаа багынх нь нэрээр нэрлэж заншдаг ч юм билүү.  “Тэмүүжин бонд”, Тэмка архи гэдэг ч юм уу. Чингис нэрийг адлуулж, Чингис хааныхаа нэрийг сэвтүүлж байснаас хамаагүй дээр. Чингис нэртэй хүмүүс нэрээ яаралтай солиулах шаардлагатай ч болж магадгүй. Гадаадад зорчих виз хүслээ гэхэд Чингис нэрнээсээ болоод хар тамга даруулчихаж мэднэ. Ер нь Тэмүүжинг Чингис хаан гэхээ больж,  Тэмүүжин хаан гэж нэрлэх санал гаргадаг ч юм уу.

 

Б.Оюунгэрэл