Иргэд өөрсдийн төлөө сонор сэрэмжтэй байх цаг иржээ
2013/09/27
Сүүлийн үед гал түймэр гарлаа гэх мэдээлэл бараг өдөр өнжилгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарахи болсон гэхэд хилсдэхгүй. Иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гал түймэр гардаг гэж холбогдох албаныхан хариулдаг.
Гал гарснаас үүдэн иргэд, албан байгууллага нөхөж баршгүй хохирол амсдаг. Үүний улмаас эрдэнэт хүмүүний амь нас эрсдэж, иргэд орох орон гэргүй болж зөвхөн өмссөн хувцастайгаа үлддэг гашуун түүх бий. Тухайлбал, өнгөрсөн хавар нэг гэр бүлийн зургаан хүн гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарч байсан. Өнгөрсөн өвөл Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Авто засварын заводын 10х45 метрийн хэмжээтэй 29 айлын нийтийн орон сууцанд гал гарснаас 12 айлын орон сууц, эд хогшлын хамт шатсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын гудамжинд 4 ханатай гэр, эд зүйлийн хамт шатжээ. Уг гал түймэрт 3- 6 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд өртөн нас барсан харамсалтай явдал гарч байсан.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүргийн IV хороонд айл шатаж 28 настай эрэгтэй С, гурван настай эмэгтэй Н нар галд өртөж нас баржээ. Өчигдөр мөн л галын улмаас Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны ойролцоо хувийн орон сууц шатсан. Зам дагуу байрлах хашааны мансардтай хувийн орон сууцнаас 100 хүрэхгүй метрийн зайнд шатахуун түгээх станц байрлаж байсан. Уг нь шатахуун түгээх станц хүн ам их төвлөрсөн хот сууринд бол гэр хорооллоос 100 метр, хүн ам бага төвлөрсөн сум, багын төвд 120 метр, хөдөө замд 150 метрийн зайтай байрлана гэж заасан байдаг. Энэхүү заалтыг нийслэл хотод байрлах шатахуун түгээх станцуудын ихэнх нь зөрчсөн гэж хэлэхэд болно. Гал унтраах багийнхан уг түймрийг газар авахуулалгүй унтраасан.
2013 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 47 Аврах, гал унтраах анги 161 удаагийн гал түймрийн голомт дээр ажиллаж 109 эрдэнэт хүний амь, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 3,3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгө, 132 барилга, байшинг авран хамгаалах үйл ажиллагаа явуулсан байна.
Гарсан гал түймэр нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, хэлхээнд хэт ачаалал зэргээс үүдэн гарсан байдаг гэж мэргэжилтнүүд хэлдэг.
Эдгээр гарсан гал түймэрт өндөр настай, өвчтэй, өөрийгөө авран хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол гардаг байна.
Мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын аюулаас сэрэмжлүүлсэн мэдээллийг цаг тухайд нь явуулсаар байгаа боловч иргэд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж сонор сэрэмжтэй байхыг үргэлж сануулдаг.
Монголчууд гэм биш зан болсон хэнэггүй, болгоомжгүйгээс үүдэн галын аюул буурахгүй байгаа гэхэд болно. Гэхдээ бид хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн аюулд өртөхгүй ниргэсэн хойно нь хашгирахгүй байхын тулд өөрсдөө сонор сэрэмжтэй байх нь чухал. Гал түймрээс болж хамгийн гол нь эрдэнэт хүний амь эрсдэж байгаа нь харамсмаар.
Х.Даваанаа