Татварын байцаагч эмэгтэйг шүүх хурлын тов гарлаа
2013/09/29
Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагчаар ажилдаг 27 настай эмэгтэй Э нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал аравдугаар сарын 2-нд буюу ирэх лхагва гаригт Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагт болох тов гарчээ. Шүүх хуралд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох аж.
Хэргийг эргэн сөхвөл, 39 настай эмэгтэй Ц.Туяа нь хамт ажилдаг байсан Э –г 70 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Т хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас харгис аллагыг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Х.Даваа