Х.ХАТАН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас зарлан дуудах бичиг хүчээр өгсөнтэй холбогдуулан тэрээр Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтээ илэрхийлэн Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандаж хууль шүүхийн байгууллагын хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж чадах эр зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөх хүсэлтээ дахин явуулжээ. Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн туслах Г.Гантуяа түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Мөн өмгөөлөгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулах хүртлээ хууль бус мөрдөн байцаах ажилд оролцох боломжгүй тухай саналаа ч Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.

Энэ талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Надад тулгаж байгаа хэрэг нь улс төрийн зохиомол хэрэг учраас өмгөөлөгчид хамтран ажиллахаас айж, татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэдгээ шууд хэлж, албан ёсоор татгалзсан. Үүний цаана МАХН руу дайръя гэсэн зорилго байна. Намын хүмүүсийг урвуулсан, айлгасан, сүрдүүлсэн, худал үнэн өгсөн мэдүүлгийг ашиглаж бидэн рүү дайрна. Тиймээс бид ямар ч үед шударга ёсны төлөө тэмцэнэ” гэсэн юм.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын өмгөөлөгчдийн холбоонд гаргасан хүсэлтэндээ “Миний бие Авлигатай тэмцэх газраас олон жилийн турш надад хүчээр ял тулгах балмад ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Үндсэн хуулинд заасан:

-Өөрийн болон ойр дотны хамаатан садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх

-Өөрийгөө өмгөөлүүлэх

зэрэг эрхийг эдлэх хүсэлтэй байгаагаа АТГ-т болон танай байгууллагад өмнө нь мэдэгдэж байсан билээ. Надтай хүчээр тулган холбож буй асуудал нь үнэн хэрэгтээ анхнаасаа улс төрийн зорилготой, улс төрийн өшөө хонзон авах сэдэлтэй гэдэг нь тодорхой байгаа тул өмнө нь надтай хамтран ажиллаж байсан өмгөөлөгчид улс төрийн зохиомол хэрэг дээр ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлэн хамтран ажиллахаас татгалзсан болно. Өмгөөлөгчид маань улс төрийн хэрэг дээр ажиллахад айдас хүйдэстэй байгаагаа шууд хэлж байгаа билээ.

Иймд АТГ болон хууль, шүүхийн бусад байгууллагын илэрхий хууль бус үйл ажиллагааны эсрэг тууштай зогсож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах эр зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөх талаар өмнө нь хүсэлт тавьж байсныгаа дахин сэргээн тавьж байна” гэжээ.

Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн туслах Г.Гантуяа хүсэлтийн хариуд “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нь 2016 оны долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, орон нутагт амарч байна. Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрмийн дагуу ерөнхийлөгчийн эзгүйд дэд ерөнхийлөгч орлох үүрэгтэй боловч дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт 2016 оны долдугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл ОХУ-ын Кемерова мужид зохион байгуулагдах Олон улсын өмгөөлөгчдийн уулзалт, спартакиадад оролцох өмгөөлөгчдийг ахлан албан томилолтоор явсан тул таны хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

Өмгөөлөгчгүй байгаа учраас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-т санал хүргүүлжээ. Түүнд “Миний бие та бүхний олон жилийн турш ганцхан миний болон манай гэр бүлийн гишүүд, хамаатан садан, манай намын эсрэг явуулж байгаа хууль бус үйл ажиллагаа нь улс төрийн зорилготой, дээрээс өгсөн захиа даалгаврын дагуу хийж байгаа балмад ажиллагаа мөн гэдгийг удаа дараа анхааруулан мэдэгдэж байсан билээ. Та бүхэн энэ ажиллагаагаа нэн даруй таслан зогсоож, хууль хяналтын байгууллага зөвхөн хуулийн дагуу ажилладаг зарчим руу шилжих цаг хэдийнэ болсныг сануулж байна.

Миний бие та бүхэнд Үндсэн хуулинд заасан :

-өөрийн болон ойр дотны хамаатан садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх

-өөрийгөө өмгөөлүүлэх

зэрэг эрхийг эдлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ.

Миний бие та бүхний улс төрийн зорилготой явуулж байгаа хууль бус ажиллагаанаас айж эмээсэн өмгөөлөгчид надтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул Өмгөөлөгчдийн Холбоонд албан ёсоор хандаж, хууль шүүхийн байгууллагын хүний эрх, эрх чөлөөг илэрхий зөрчиж байгаа үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж чадах эр зоригтой мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөх талаар хүсэлт тавьсан байгаа билээ. Энэхүү хүсэлтээ тус байгууллагад дахин сэргээн тавьсан болно.

Тийм учир Үндсэн хуулинд заасан өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжтой болохын тулд Өмгөөлөгчдийн Холбооноос надтай хамтран ажиллах хүсэлтэй өмгөөлөгч олж өгөх хүртэл та бүхний хууль бус мөрдөн байцаах ажилд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэе.

Харин өмгөөлөгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа мөрдөн байцаах ажиллагаанд оролцох болно” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин