Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай ирсний дараахан авсан томоохон ажлын нэг бол үүрэн холбооны оператор компаниудад авсан арга хэмжээ билээ.

Тус газрын үүрэг болгосны дагуу үүрэн холбооны оператор компаниуд нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон.

Тиймээс энэ шийдвэрийг биелүүлэх хугацаа нөгөөдөрөөс эхлэх гэж байна. ШӨХТГ-ын шийдвэрийн дагуу “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи-Мобайл” зэрэг манай улсан үүрэн холбооны оператор компаниуд нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор текникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдсэн байна.  
Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо тус компаниудын тавьсан үнийн саналыг харгалзан шийдвэрээ гаргах юм. Үүнээс гадна ирэх сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулан бүх үүрэн холбооны оператор компаниуд үйлчилгээний багцуудаа шинэчлэхээр болжээ.

С.Баяр