Миний хүү цэцэрлэгтээ юу хийж өнгөрөөв. Ямар хоол идсэн, ямар дуу бүжиг сурсан бэ гээд бид орой гэртээ харьсан хойноо хүү, охиноосоо асуудаг.

Харин зарим нэг нь асуух ч үгүй, энхрий үрсээ унтсан хойно нь очиж, унтаж байхад нь үүрээр гараад ирдэг. Хүүхдийнхээ хүмүүжлийг цэцэрлэгийн багшийн гарт даатгаад л орхидог. Буруутгах ч аргагүй юм. Өнөөгийн нийгэм иймээс л хойно. Харин бүтэн өдөржин бидний үрс хоёр дахь гэр болсон цэцэрлэгтээ тоглож наадан, хичээл хүмүүжлийн ажлаа хийж өнгөрөөнө. Эцэг эхтэйгээ зөвхөн амралтын өдрүүдэд л хамтдаа байна. Энэ ч утгаараа цэцэрлэгийн орчин хүүхдэд урин дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн байх ёстой. Мөн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын хоол хүнс хамгийн эрүүл, аюулгүй байх хэрэгтэй. Энэ бүхнийг бүрдүүлж байдаг цэцэрлэгийн орчин хяналтад байх нь зөв юм. Одоо бүхий л байгууллагууд ажлын байрандаа хяналтын камер байрлуулах болж.

Тэгэхээр хойч ирээдүй болсон Монголын иргэдийг хүмүүжүүлж байгаа цэцэрлэгт камер байрлуулах нь хамгийн зүйтэй арга юм. Хүүхдүүд маань ихэнх цагаа өнгөрөөдөг хүмүүжлийн орчинд өдөр хэрхэн өнгөрдөг талаар эцэг эх бүр л мэдэхийг хүснэ. Багш нар ч хүүхэдтэй хэрхэн харьцаж байгаа, таны хүүхэд ямар хичээлд идэвхтэй байна, ямар зан авиртай байгаа талаар нь ээж аавд нь тайлагнах боломжтой болох юм. Цэцэрлэгтээ явах дуртай байсан хүүхэд гэнэтхэн дургүй болох тохиолдол их байдаг.

Тэд багш зоддог, харанхуй өрөөнд хийдэг гээд л гомдоллоно. Хүүхдийн хүмүүжилд багш нарын оролцоо тун чухал. Тэд багшаасаа суралцаж, багшийгаа дуурайна. Гэтэл багш хүүхэдтэй ширүүн харьцвал хүүхэд ч ширүүн хүүхэд болж хүмүүжнэ. Мөн цэцэрлэгийн удирдлагууд ч багш нараа хичээл хүмүүжлийн ажлаа хэрхэн явуулж байгааг хянах боломжтой юм. Эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа цэцэрлэгт даатгаж, харин өөрсдөө тэднийхээ ирээдүйн төлөө ажиллацгаадаг.

Зөвхөн багшийн ажлыг хянах бус хүүхдээ олон хүүхдийн дунд биеэ хэрхэн авч явж байна, зан суртахууны доголдол гаргаж байгаа эсэх, найз нөхөдтэйгээ эвсэг тоглож чадаж байна уу гэдгийг ч аав ээжүүд мэдэх боломжтой болно. Хүмүүжлийн эх суурь болсон цэцэрлэгийг камержуулахыг олон эцэг эх дэмжиж байна.

Өмнөх дугаарт Дорноговь аймгийн цэцэрлэг камертай болсон талаар дурдсан. Үүнтэй нэгэн адил нийслэлийн зарим цэцэрлэгүүд ч камертай байдаг юм байна. Энэ талаар багш, сурган хүмүүжүүлэгчдийн болон эцэг эхчүүдийн сэтгэгдлийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Арга зүйч багш Хишигжаргал: Эцэг эх, багш нарын хооронд нээлттэй байх юм байна. Камер тавих санааг дэмжиж байна. Ингэснээр эцэг эхчүүдтэй нээлттэй ажиллах боломжтой болж байгаа юм. Хүний янз бүрийн зан ааштай хүүхэдтэй харьцах хэцүү шүү дээ. Багш нарын хүнд хэцүү ажлыг ч эцэг эхчүүд ойлгох байх. Хүүхэдтэй ширүүн харьцлаа, манай хүүхэд хазуулсан байна гээд гомдол гаргах эцэг эх их байдаг. Бид нар юу гэж тэр бяцхан амьтдыг зодох вэ дээ. Нэг ангийн 30 гаруй хүүхдийн дунд хоёр багш л ажиллаж байгаа. Хүүхэд бүрт хүрч ажиллах гэж хичээж байна.

Багш Долгор: Байж болох л юм. Яахав болох л санаа байна. Гэхдээ эцэг эх хичээл хүмүүжлийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар танилцах бүрэн боломжтой шүү дээ. Манай цэцэрлэг хүүхдүүд өдөрт ямар илчлэгтэй, ямар хоол идэж байгаа талаар хүртэл танилцуулж өдөрлөг зохион байгуулдаг. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүд цэцэрлэгтээ юу сурч мэдэж байгаа, ямар хоол идэж байгаа талаар хэзээ ч ирж танилцаж болно.

Аав Ц: Сайхан санаа байна. Нууцлалтай холбоотой асуудлууд буюу хүүхдийн аюулгүй байдлын асуудлуудыг нэмэх хэрэгтэй санагдлаа. Тэр бүр хүн бүрт нээлттэй байлгаж бас болохгүй санагдаж байна. Хооллолтын үе, хичээл хүмүүжлийн ажлыг бол камераар хянах хэрэгтэй.

Ээж Э: Хүүхдээ олны дунд ямар хүмүүжилтэй байгааг мэдэж авна. Камер тавих нь их хэрэгтэй санаа байна. Багш нарт анх эвгүй л санагдах байх. Гэхдээ хянаж цагдахдаа гол нь биш. Цэцэрлэгт хүүхдээ өдөржин юу хийж байгаа бол доо, харахсан гэж боддог. Багшийн хийж байгаа ажлыг харахаасаа илүү өөрийнхөө хүүхдийг хянаад, олны дунд биеэ яаж авч явж байгаа, харьцаа хандлагад нь засах юу байгааг л мэдээд авна. Хүүхэд зодоод, хазаад байна уу, хоолоо удаан идээд байна уу, унтахдаа тайван байна уу гээд мэдэгддэггүй боловч анхаарах зүйл их байдаг. Энэ утгаараа багш нарт харин ч хэрэгтэй. Юун дарамт вэ, ажил дээрээ хууль бус юм хийдэг хүмүүс л дарамт гэж хүлээж авдаг байх.

Г.Хишигсүрэн