Далан жилийн турш Монгол оронд тогтсон социалист тогтолцоо нуран унаснаар “ардчилсан” тодотголтой өөрчлөлт эхэлсэн юм. Улс төрийн товчоо огцорч, Монгол орон ардчиллын замыг сонголоо.

Ардчилал гэдэг ард түмний төлөө улс төр хийнэ гэсэн л утгыг илэрхийлдэг болохоос хоосон уриа лоозон биш ээ. 1990 оны энэхүү өөрчлөлтийг “Ардчилсан хувьсгал” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч энэхүү үйл явдлыг судлаад байхаар хувьсгал гэхэд эргэлзээ төрдөг. Яагаад вэ гэдгийг одоо тайлбарлъя.

Хүн төрөлхтний түүхийн жишгээр хувьсгал хийгчид засгийн эрх мэдлийг авдаг жамтай. Гэтэл Монголын 1990 оны хувьсгалын үеийн үйл явцыг харахаар ардчилагчид нөгөө огцруулах гээд байсан хуучин нөхдүүдтэйгээ эвслийн засгийн газар байгуулаад хамтраад ажиллаад эхэлсэн байдаг. Зүйгээрээ бол хувьсгал хийгчдийн нэг нь ерөнхий сайд болж засгийн газраа байгуулаад ажиллах ёстой байлаа. Магадгүй С.Зориг эсвэл Ц.Элбэгдорж ч юм уу ерөнхий сайд болох ёстой байлаа. Харамсалтай нь энэхүү үйл явц явагдсангүй.

Тиймээс 1990 оны хувьсгалыг бараг л “ардчилсан хуйвалдаан” байсан гээд нэрлэчихэд буруудахгүй. Нэгэнт хуйвалдагчид хоосон ардчилал ярьж, хүн төрөлхтний үнэт зүйл болсон ардчиллыг Монголчуудад авчирч чадсангүй.

Ингээд 1990-1992 оны хооронд хамтарсан нэртэй хуйвалдааны Засгийн газрыг байгуулж тэргүүнээр Дашийн Бямбасүрэн /МАХН/, Тэргүүн шадар сайдаар Даваадоржийн Ганболд /АН/, Засгийн газрын шадар сайдаар Д.Дорлигжав нар томилогдож Монгол орны эдийн засгийг чөлөөт зах зээлийн харилцаанд оруулж, хувьчлалын эхлэлийг тавьснаар Монголын хямралын эхлэлийг тавьсан юм. Д.Бямбасүрэн “Монгол улс тэр чигээрээ чөлөөт бүс байх ёстой” гэж хэлсэн ба эндээс түүний зорилго харагдана. Хувьсгал бол хуучныг халах байдаг. Гэвч Ардчилагчид хуучныг халсангүй харин хуучинтайгаа хуйвалдсан. Хууччууд нь халагдсангүй харин шинэчлэгчдийг багалзуурдан унсан юм. Ингээд сүүлийн 20-иод жилийн улс төр, эдийн засаг, нийгмийн дампуурал эхэлсэн.

1992-1996 оны Ардчилсан Үндсэн Хуулийн дагуу явагдсан сонгуулиар коммунист МАХН 70 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулан улмаар П.Жасрай ерөнхий сайдаар томилогдсон. Ингэж ардчилагчид ялагдан, ардчилал монгол оронд ирж чадаагүй юм. Энэ засгийн газрын үед өмч хувьчлалын хөтөлбөрийг баталсан ба хувьчлалыг үргэлжлүүлэн хийсэн. Үүгээр Монголчуудын 70 жилийн бүтээн байгуулалтыг халаасалж, устгах гэмт хэрэг эхэлжээ. Цэнхэр, ягаан тасалбараар Монголын ард түмныг хуурч, картын бараа нэрээр Монголчууд түүхэндээ анх удаа идэх хоолондоо дугаарлан зогссон юм. Монголын түүхэнд хэзээ ч ийм зүйл урьд өмнө тохиолдоогүй бөгөөд энэ үндэстний эмгэнэл байсан юм. Ингээд Монгол орон архидалт, авлигал, ядуурлын үүр уурхай болж эхэлсэн. Хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрч, амьдрал картын бараанаас хамааралтай болжээ Ард түмнийхээ амьдралыг бодсон бол арай л өөр шийдвэр гаргах ёстой байсан болов уу.

Ингэж ардчилагчдын яриад байдаг ардчилал нь Монгол оронд "Олигархи" гэсэн нийгмийн давхрааг  бий болгосон юм. Төрийн өмчийг устгасан тэрхүү хэрэг өнөөдөр ч яригдахгүй дарагдсаар байна. Өмч хувьчлал анхнаасаа шударга бусаар явагдаж, улс орныхоо бүтээн байгуулалтыг устгасан нь энэхүү гэмт хэргийг нэхэн шалгах хэрэгтэй. Өмч хувьчлал бол улс орноо дээрэмдсэн ил цагаан дээрэм болсныг өнөөдөр олон хүн ярьж байна.

Ардчилагчид хувьсгал хийсэн гээд л хөөрөөд байхаас цааш хэтэрсэнгүй. Гэтэл ардчилал гэдэг эрх чөлөө, чөлөөт эдийн засаг гэсэн уриа лоозонгуудыг хашгираад хүмүүсийн амьдрал хэзээ ч сайжраагүйг 23 жилийн түүх харуулна. Социализмаа муулж, ардчиллыг магтан дуулсан он жилүүдэд ард түмэн өлсөж байсан юм.

1996 оны сонгуульд “АХ” эвсэл 50 суудал авч ялалт байгуулан Засгийн газраа бүрдүүллээ. Энэ бол ард түмний тэдэнд өгсөн боломж байсан. 1996-2000 он бол хамгийн тогтворгүй, олон засгийн газар солигдсон 4 жил болж өнгөрсөн бөгөөд зарим судлаачид “хар дарсан зүүд” байсан гэдэг. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Г.Амаржаргал нар ерөнхий сайд болж үзэцгээсэн юм. “АХ”-ны засгийн газрын үед бүхий л зүйлээ чөлөөтэй тавьж, өмч хувьчлал нэртэй луйврын оргил үе байсан. Монголчуудын 70 жилийн бүтээн байгуулалт зөвхөн эрх баригчдын халаасанд орж, хилээр төмрийн хогонд ачигдаж, хаалгаа барьсан. Америкийн эдийн засагч М.Фридман 90-ээд оны эхээр ардчилал руу шилж буй орнуудад зөвлөж гурван үгийг л хэлсэн гэдэг. Тэр нь “хувьчил, хувьчил, хувьчил”. Энэ заавраар өмч хувьчлал явагдсан юм. Сүүлд олон жилийн дараа М.Фридман юу гэж халагласан бэ гэхээр“Миний буруу байжээ” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Төрийг ард түмэн өөрсдийн сайн сайхны төлөө л байгуулдаг болохоос биш олигариудын хоргодох байр болгох гэж байгуулдаггүй. Өмч хувьчлалаар баяжигсад өнөөдөр өөрсдийнх нь луйврыг хэн ч мэдэхгүй хэмээн сэтгэн шударга хүнийг дүрд тоглоцгооно. Үнэнийг ард түмнээс нууж болно. Гэхдээ үнэнийг хэзээ ч бүрмөсөн үгүй хийж чадахгүй.

2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй олонхи болж дангаараа Засгийн газраа байгуулж улмаар ерөнхий сайдаар Н.Энхбаяр сонгогдсон юм. 2000-2004 оны хооронд авилга, хээл хахууль цэцэглэж, Монгол орон бүхэлдээ авилгад идэгдсэн юм. 2005 оны сүүлээр Монгол улс НҮБ-ын авлигын эсрэг Конвенцэд нэгдэн орсноос хойш Монгол улсын авилгын түвшинг тогтоож эхэлсэн. Олон улсын авилгын эсрэг байгууллага болох “Трансперенси Интернешнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авилгын индексийг тодорхойлж олон улсад танилцуулдаг юм. Аргачлалын хувьд авилгын түвшинг 0-10 оноогоор дүгнэж, хамгийн бага авилгатай буюу авилгыг хязгаарлаж чадсан орнууд 10-аас эхэлж, авилгыг дээд зэргээр цэцэглүүлсэн нь 0 оноо руу уруудах байдлаар тооцож харуулдаг онцлогтой. Монгол улсын авлигын индекс сүүлийн 7 жилд ямар байсныг доорх хүснэгтээс харж болно. 3 оноо бол Монгол улс авлига, хээл хахууль идэгдснийг илтгэж байна.

Он

Монголын оноо

Монголын эзэлсэн байр

Нийт судалгаанд хамрагдсан улс орон

2005

3.0

85

159

2006

3.0

99

163

2007

2.8

102

180

2008

3.0

106

180

2009

3.0

120

180

2010

2.7

116

178

2011

2.7

120

183

 

Авлига, хээл хахууль газар авах үндэс суурь бол 2000 оноос өмнө 1996 оноос эхэлсэн гэж хэлэхэд болно. Төрийн өмчит компануудыг хувьчлах үйл ажиллагаа болон, АХ эвслийн засгийн газрын солигдлын он жилүүдэд мөнгөөр сайд болох, мөнгөөр тендерт ялах болон хуурамч хувьчлал газар авсан юм. Үүний дараа 2000-2004 он, 2004-2008 оны засгийн газрууд Авлигатай тэмцэх газрыг хүртэл байгуулсан боловч Монголын авлигыг бууруулж чадаагүй юм харин ч цэцэглүүлэн дэлгэрүүлсэн. Авлига, хээл хахууль газар авсан бөгөөд энэ нь хүмүүсийн ядуурлын шалтгаан болж, ядуурал бухимдлын шалтгаан боллоо.

Мөн 2000 оноос Монгол оронд газрын наймаа, уул уурхайн лицензүүд замбараагүй тараагдаж эхэлсэн. Энэ нь олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтнуудын сэргэн мандалтын үе эхэлсэн. Ардчиллын мөрөөдөл улам холдож, ард түмэн ирээдүйд итгэх итгэлээ алдсан юм.

2004 -2008 оны хоорон дахь Ц.Элбэгдорж, М.Энхболдын үеийн засгийн газруудаас эхлэн намуудын хоорондын ялгарал үгүй болж, улмаар сонгууль хуйвалдаан, луйвар болж эхэлсэн. 2004, 2008 оны сонгууль үүний тод жишээ. Өрсөлдөж буй дүр үзүүлээд цаагуураа эрх мэдэлтнүүд тохиролцон тойргоо хувааж авах явдал газар авсан. Урьдчилсан тохиролцсон сонгуульд ард түмэн саналаа өгч байхад эрх баригчид баяраа өмнө нь тэмдэглээд эхэлсэн байсан гэдэг. Ард түмний амьдралынхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийн илэрхийлэл бол 2008 оны долоодугаар сарын 1-ны үйл явдал. Үүнээс болж 5 хүний амь эрсдэж олон зуун залуу хэлмэгдсэн юм. Энэ бүхнийг зохион байгуулсан, үүнээс ашиг олсон нөхдүүд байгаа боловч, хэнд ч хариуцлага тооцохгүй байна. Хэрэг хуучрахгүй буюу гэм буруутан нь хариуцлага хүлээх л ёстой. Энэ бол гарцаагүй. Монгол улсаа “ломбард”-нд тавьсан стандарт бус засгийн газар.

2008-2012 оны стандарт бус засгийн газар Монгол оронд өнгөтэй өөдтэй юу ч хийсэнгүй, Монголын ард түмний төлөө гараа ч хөдөлгөсөнгүй. Мэргэжлийн бус, мэдлэг чадвар доогуур сайдууд хуйвалдаж, халааслахаас хэтэрсэнгүй. Засгийн газрын амлаж байсан том том бүтээн байгуулалтын төслүүд нь үнэндээ эрх мэдэлтнүүдийн төсвийн мөнгө, гадаадын зээл тусламжийг халааслах арга байсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо. Өнгөрсөн 4 жилд хоёр намын байгуулсан стандарт бус засгийн газар Монгол улсын гадаад өрийг 5 дахин өсгөж 9,1 тэрбум долларт хүргэснийг өнөөдөр хэн ч дурсахгүй байна.

Монгол улсын ДНБ-ээс хоёр дахин их байна. Хоёр намын стандарт бус хамтарсан засгийн газар Монгол улсыг аль хэдийн ломбарданд тавьж түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Монгол улсаа дэлхийн жишгийг дагаж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж, том том хот суурин байгуулж, улмаар хөгжүүлэн бүс нутгийн түвшинд гаргаж ирэх жинхэнэ улс төрийг хийсэнгүй. Түүний оронд мухар сүсэг, бөө, ид шид ярьж, мал, амьтны хөшөө, суварга босгохоос хэтэрсэнгүй.

2012-2016 оны сонгуулиар АН ялалт байгуулсан боловч үнэмлэхгүй ялалт байгуулж чадсангүй. Тиймээс МАХН-МҮАН-ы шударга ёс эвсэлтэй хамтран засгийн газраа байгуулж ажиллаа. Өнөөдрийн Монголын төрийн гол эрх мэдэл ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Х.Баттулга гуравт байна. Тэр гурав хэрхэн яаж хөдөлхөөс бүх зүйл хамаарч байна. Одоо АН-ынхан буюу хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороод байна. Хэр их идэхийг ард түмэн хараад л суугаад байх уу?

Төгсгөл: Монголын улс төрийн түүх товчхондоо нэг л ийм. Мордохын хазгай болсон ардчилсан хувьсгал хуйвалдаан болсноор бүх зүйл буруугаар эргэсэн юм. Өнөөдрийг хүртэл ардчилагчид хуйвалдаанаар оршин тогтнож ирсэн. Шударга ёс тогтооно гэсэн уриа лоозонгууд тасрахгүй байгаач энэ нь хэзээ ч биелэгдсэнгүй.

Өмнөх дөрвөн жил МАН-ын олигархиуд монголыг идэж байсан бол өнөөдөр АН-ын өлсгөлөн олигархиуд идэж эхэлж байна. Олигархи бол хээл хахуул, авлига. Тиймээс ардчиллын дайсан. Ардчилал өнөөдөр түүх болсон. 

Олигархиуд улс орныг хөгжүүлсэн түүх хүн төрөлхтний түүхэнд байхгүй.