Монгол улс өнөөдөр эрх чөлөөт ардчилсан орон нэртэй боловч алхам дутамд иргэд эрхээ зөрчүүлж байдаг. Өнөөдөр зам түгжирэх автомашины зогсоолгүй байгаа нь иргэдийн буруу биш. Түүнчлэн өөрийнхөө мөнгөөр хөл дүүжлэх унаа худалдан авсан нь ч иргэдийн буруу биш  байлтай.
 
Гэвч улс орныг удирдаж, толгойлж явсан хүмүүсийн буруу бодлого, зохион байгуулалтгүй байдлаас болж өнөөдөр иргэд өөрийнхөө мөнгөөр худалдан авч унасан машинаа журамлуулж байна. Журамлуулах гол шалтгаан нь зогсоолгүйн улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машинаа түр байршуулсанаас болж байгаа юм.
 
Өнөөдөр машин хөлгөлсөн энгийн ард хавчин шахагдаж, сав л хийвэл торгуульд мөнгө төлж, машинаа зогсоох ч газаргүй боллоо. Энд тэнд ажил хөөцөлдөж явахдаа очоод машинаа тавих газаргүй тул аргагүйн эрхэнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулж, машинаа хураалгаж, машинаа авахын тулд нэлээдгүй чирэгдэл бол хоногийн хоолноосоо хумслан байж автомашинаа мөнгө төлж авч байна.
 
Замын ачааллыг бууруулах гэсэн мэргэжлийн байгууллагын ажил ч гэлээ журамлаж, торгож, цагдах нь арай л хэтрээд байх шиг. Энэ янзаараа цааш албаныхны амар тайван байдлыг харсан арга хэмжээ, дүрэм журмыг өөгшүүлээд байвал ядарсан хэдэн ард нь хэцүүдэж, туйлдаж мэдэх л юм.
 
Үгүйдээ л зогсоолыг нь хангалттай байршуулаад, нэгдүгээр эгнээндээ зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг цагийн хязгаартай байршуулчихвал, улайм цайм машинаа тавих гээд дайраад байх хүн байхгүй л байх. Ям арч тэмдэг тэмдэглэгээ тавиагүй атлаа байгууллагын үүдэнд түр зогссон машиныг хураагаад явчихдаг нь бас өрөөсгөл үйлдэл болоод байгаа юм биш үү.
 
За яахав. Хэн нэгэн журам зөрчлөө гэхэд түүнийг нь хураагаад, журамлаад аваад явж болно оо. Гэхдээ дүрэм, журам зөрчихгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хойноо л энэ үйлдлээ хийвэл уг нь зүгээрсэн.
 
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг 2013 оны 09-р сарын 02-ноос эхлэн ажиллуулж эхэлсэн.
 
Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн  байна. Түүнчлэн торгуулийн  30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ.
 
Уг нь заавал торгох гээд байгаа бол зогсохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг цагийн хязгаар зааж байрлуулсан бол амьдралд арай ойр байхсанж. Монголын ядарсан ард иргэд  гадуур ажил хөөцөлдөж явахдаа унах унаагаа хаана байршуулах болж байна вэ. Энэ нэг хавчиж шахсан журам, дүрмээ эргэн нэг харвал сайнсан.
 
Н.Чинзориг