Тэтгэврийн нэмэгдлийг ирэх оноос өгнө
2013/10/03
Ерөнхий сайд Н.Атланхуяг өчигдөр сэтгүүлчдтэй үүлзах үеэр ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж тодорхой хувиар нэмэх болно гэж мэдэгдсэн юм.
Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бага тэтгэвэр авдагт нь арай түлхүү нэмэх бодлого барих юм байна. Энэ нь тэтгэврийн зөрүүг ойртуулахад чиглэж буй алхам аж.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-аас энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг албаныхан хүлээн авчээ.
Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргажээ.
Үүний 24 хувь нь тав хүртэлх 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Дээрх иргэдийн 45.6 хувь нь эрэгтэйчүүд, 54.4 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар албаныхан мэдээллээ.
Насны ангиллын хувьд нийт бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд, 60 хувь нь 40-55 насны иргэд, 12.5 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа юм байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх иргэдийн нийт 31.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож, нөхөн төлсөнд тооцох юм.
Х.Даваа