О.Магнай даргад шатахууны үнийн өсөлт хамаагүй гэнэ
2013/10/03
“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд АИ-92 шатахууны литр тутмын үнээ 50 төгрөгөөр нэмчихлээ. Гэтэл О.Магнай дарга таг чиг. Бүхний өмнө дуугарч байдаг О.Магнай дарга шатахууны үнэ ингэж нэмэгдчихээд байхад яагаад дуугүй суугаад байна вэ.
Уг нь өдийд шатахууны үнээ нэмсэн компаниудтай хариуцлага тооцно, торгууль ногдуулна гээд л үнэ нэмсэн буруутай этгээдийг хажуудаа зогсоочихсон хэвлэлийн хурал хийгээд сууж баймаар юм. Гэтэл өдий болтол ямар ч арга хэмжээ авсангүй. Өнгөрсөн сард таксины үнийг нэмэх шийдвэр гаргаснаасаа болж буруудан иргэдээс уучлалт гуйсандаа бантаад таг дуугүй болчихсон ч байж магадгүй.
ШӨХТГ шатахууны үнэ нэмэгдсэн ч бид оролцох боломжгүй гэсэн тайлбар өгч байна. Учир нь шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк, Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Уул уурхайн яам оролцсоноос биш ШӨХТГ-т хамаагүй учраас бид хянах боломжгүй гэж байгаа юм. Иргэдийн гар утсан дахь нэгжнээс эхлээд хэрэглэж буй сүү, ундааны найрлагад хүртэл санаа тавьж байсан О.Магнай дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох шатахууны үнэ өсчихөөд байхад бидэнд хамаагүй гээд сууж болохгүй байх аа.
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд Монголбанкнаас импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогч 13 компанид нийт 120 сая ам.долларын хөнгөлөлттэй олгосон. Энэ бол бага мөнгө биш. Манай арилжааны банкуудын зээлийн хүү 15-18 орчим хувийн хүүтэй байдаг бол шатахуун импортлогчдод ердөө дөрөвхөн хувийн хүүтэй зээлийг олгож байгаа. Засгийн газраас нефть импортлогчдод ингэж давуу эрх олгож байна. Дээр нь Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Раднаасүрэн манай улсын шатахууны нөөц хангалттай байгаа гэдгийг хэлсэн. Ялангуяа өнгөрсөн оны энэ үеэс шатахууны нөөц хоёр дахин их бий гэж байгаа. Өнгөрсөн онд шатахууны ердийн хэрэглээний 15 хоногийн нөөц байсан бол одоо 30-35 хоногийн нөөц бэлдчихээд байхад үнээ нэмж байгааг үндэслэлгүй гэж хэлэхээс өөр яах юм бэ. Шатахуун импортлогчид үнэ нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлсөн гэсэн тайлбар өгсөн. Үнэхээр өнгөрсөн хавар 1500 төгрөг шүргэж байсан ам.долларын ханш 1700-д хүрчихээд байгаа нь шатахуунаа валютаар авдаг манайханд нөлөөлөх шалтгаан мөн. Гэхдээ Засгийн газраас валютын ханшийн өсөлт бүрт зохицуулалт хийж байгаа учир энэ бол шалтгаан биш шалтаг гэхэд болохоор байна.
Шатахны үнийг тогтвортой байлгахаар Монголбанк, Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар гэрээ байгуулсан ч үнээ үндэслэлгүй нэмсэн асуудалд нь ШӨХТГ хяналт тавих үүрэгтэй. Орон сууц, ус дулаанаас эхлээд таксины үнэд хүртэл оролцож байсан ШӨХТГ одоо яагаад асуудлын гадна үлдэж байна вэ. Уг нь өдийд төрөөс өчнөөн тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авчихаад засвар хийж байна, тог тасарсан гэх мэт шалтгаанаар шатахуун худалдаалахгүй зохиомол хомсдол үүсгэж, эцэст нь үнээ нэмж байгаа даварсан компанийг ташуурдах хэрэгтэй байна. Өмнө нь ч ингэж л байсан. Шатахууны үнээ үгсэн тохиролцож нэмсэн “НИК”, тэргүүтэй найман компанид ногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ төлүүлэх шийдвэр гаргаж л байсан.
Гэтэл одоо “Магнай трейд”-ээс гадна “Жаст Ойл” компани ч үнээ нэмээд байгаа. Учир нь “Жаст Ойл” компани татан буугдаж шатахуун түгээх станцуудыг нь “Магнай трейд” худалдаж авсан. Өрсөлдөөний тухай хуульд зах зээлд монополь байр суурьтай компани өөр бусад компанийг худалдан авч байгаа бол ШӨХТГ-т заавал мэдэгдэх ёстой байдаг гэнэ. Гэтэл “Магнай трейд” энэ тохиолдолд ч ШӨХТГ-т мэдэгдсэнгүй.
Нефть импортлогчид энэ мэтчлэн дураараа дургиж байхад О.Магнай дарга арга хэмжээ авахгүй хэвээр л байна. О.Магнай даргыг өнгөрсөн сард таксины үнийг нэмэх болчимгүй шийдвэр гаргасныхаа дараа уучлал гуйн зогсож байхад хүмүүс “Залуу хүний ааг омгоор хөнгөн хандсан л биз яах вэ. Харин ч уучлал гуйн улс төрийн соёл харууллаа” хэмээн өмөөрч байв. Гэтэл одоо шатахууны үнэ нэмэгдчихээд байхад юу ч хийхгүй байгааг нь хараад “Энэ О.Магнай даргын асуудал биш ээ” гээд толгойг нь илээд суух хэрэг үү.
Н.Санжаасүрэн
Зочин · 2013/10/04
tsilkonon uruultai **** ******a yum bna lee shd ene chin