Улаанбаатарт болж буй дэлхийн аварга шалгаруулах даамын эмэгтэйчүүдийн XXXVIII дахь тэмцээний нээлт Туушин компанийн хурлын зааланд болсон нь анхнаасаа л жулдав. Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ч ингэж нээх ёсгүй л дээ.

Аливааг дугаарладаг, тэр дундаа даамыг шатрын дор тавьдаг монголчуудын хэт хуучинсаг сэтгэлгээ ч нөлөөлсөн биз. Тэмцээнийг ССАЖЯ-ныхан, МДХ, бас бус байгууллага зохион байгуулж, энэхүү элэг авам нээлт хийв. Монгол, англиар эхэлснийг л дэлхийн жишиг гэе дээ.

Нээлтэд зориулсан урлагийн тоглолт ч үнэхээр хачин байлаа. Хэн нь мэдэгдэхгүй нэгэн бүсгүй хайр сэтгэлийн дуугаар мялаалаа. Нөгөө бахархаж баршгүй уртын дуу, хөөмий нь таг. Үндэсний бололтой бүжиг бүжсэн ч хүүхдүүд нь зөрөх ажээ.

Тэднийг бэлтгэл дээрээс нь гэнэт авчирсан болов уу. Ингээд завсарт нь өчигдөр/уржигдар/, өнөөдөр/өчигдөр/ болсон рапид, блиц тоглолтын медаль гардуулсан юм. Өөрөөр хэлбэл, рапид, блиц тоглолтын дэлхийн аваргууд тодорлоо гэсэн үг. Рапидын төрөлд Украйны хоёр Их мастер, дэлхийн дөрвөн удаагийн аваргаДарья Ткаченко, Виктория Мотричко алт, мөнгө зүүж, Польшийн даамчин ОУМ Наталья Садовска хүрэл дээр буужээ.

Шог нь, тэд медаль хүртвэл мандуулахаар төрийн далбаагаа авчирчээ. Тэр зааланд далбаа мандуулах техник байсангүй. Ядаж Спортын төв ордонд бол бий л дээ. Муу юманд аргатай бид ч монголчилчих нь тэр.

Тугийг нь гараас нь шүүрч аваад, скайнердан, дор нь дэлгэцэн дээр “намируулж” орхив. Тэд олон тэмцээнээс медаль авахдаа төрийнхөө далбааг ийн мандсаныг өмнө нь үзээ болов уу, яагаа бол. Ихэд гайхан бас баясацгаах ажээ.

Дараа нь бүр ичиж үхмээр юм тохиолоо. Блицийн тэмцээнд тэргүүн байр эзлэгсдэд шагнал гардууллаа. Мөн л Украйны дээрх хос мөнгө, хүрэл дээр очиж, ОХУ-ын ОУМ Матрена Ноговицына алтан медаль авчээ. Төрийн далбаа мандаж, дуулал эгшиглэтэл оролцогсод ёстой л үзэх нь байтугай зүүдлээгүй юмтайгаа учирна гэдэг болов.

Нэг их цоглог, бадрангуй, нас тогтож яваа бидэнд тун танил дуу хадаад явчихлаа. Нүд, чих хоёртоо ч итгэсэнгүй. Нэг мэдсэн чинь СССР/ЗХУ/-ийн төрийн дуулал явдаг байгаа. Хуучны коммунист үгтэй ая гэсэн үг.

Оросууд яг бидэн шиг хэнэггүй нь дэндсэн улс юм аа. Тамирчид нь огт тоосонгүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч сурсан бид яахав, дараа нь МДХ-ны дэд ерөнхийлөгч албан ёсоор уучлалт гуйв. Тэр хэдээс амаар уучлалт гуйх ч яах вэ. Нэг удаа аргална. ОХУ-ын ЭСЯ-аас ирэх эсэргүүцлийг хэрхэх бол.

Эсэргүүцэл өнөө, маргаашгүй л ирнэ. Дэлхийн даамын холбооны өмнө яаж үхэх болж байнаа. Ерөнхийлөгч нь нээлтээр халуун дотно үгтэй мэндчилгээ илгээсэн байна лээ. Тэр хүний нүүрийг яаж харна даа. Ер нь санаатай тэгсэн юм биш үү гэж бодогдоод байна.

Зөвлөлтийн төрийн дуулал олоод ир гэвэл манайхаас байтугай, Оросоос ч олохгүй баймаар. Тэгтэл олоод тавьж л байдаг. Хаанаас, хэн гэгч түүнийг нь санаатай, санамсаргүйн завсар олоод ирэв ээ. Хариуцлагагүйн туйлд хүрчээ, бид гэхээс өөр үг олдохгүй нь.

Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү доромжилсон төлөөсөө бид хэрхэн төлөх вэ. Монголын даамын холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол таарна. Тэгэх ч ёстой. Түүнээс биш анхааруулах, донгодох, торгох зэрэг “ко” аргаар хуураад өнгөрвөл зүйд нийцэхгүй гэдгийг хатуу хэлье. Ингэж будилсан нээлт стандарт/жинхэнэ/ дэлхийн аваргын сугалаа сугалснаар өндөрлөв. Тэмцээн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тойргоор тоглох юм.

 

Г.Мөнхнасан