Өнөөдөр боловсролын салбарт тулгарч буй гол асуудал бол яах аргагүй хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ. Намрын намарт эцэг эхийн толгойны өвчин болдог энэхүү асуудлыг багахан ч атугай хөнгөлөх үүднээс зарим яам дотроо цэцэрлэг байгуулахаар болжээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж, тус бүр 70-80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ энд жирийн ажилчдын хүүхдүүдийг хамруулна. Аймаг, орон нутагт ч ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газраас үзжээ.
Гурван яам цэцэрлэгтэй болсноор 200 хүүхэд ч гэсэн цоожтой хаалганы цаана үлдэхгүй нь сайн хэрэг. Төрийн байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан стандартын шаардлага хангасан цэцэрлэгтэй байдаг жишиг гадаадын орнуудад бий л гэнэ. Гэхдээ цэцэрлэг бол боловсролын байгууллага болохоос аль нэг байгууллагын дэргэд байдаг халамжийн газар биш гэдгийг мартах учиргүй. Энэ бол Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулагддаг тусгай газар гэдгийг санахад илүүдэхгүй ээ.

Сургалтын орчны стандартыг алдагдуулж байна

Хүүхдэд хамгийн чухал боловсрол бол суурь боловсрол бөгөөд бүх хүүхдэд суурь боловсролыг олгох нь төр засгийн нэг гол зорилт юм. Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь бие бялдар, оюун ухааныг хөгжүүлж, нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь яах аргагүй төрийн үүрэг гэж ойлгож болно. Үнэндээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд “Хүүхдийн цэцэрлэг” гэж /цаашид “цэцэрлэг” гэх/ хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ” хэмээн заасан байдаг. Гэвч энэхүү үүргийг нь хэрэгжүүлэхдээ төр нөгөөг нь орхигдуулж, стандартыг нь алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин юм. Сургуулийн өмнөх боловсрол сургалтын орчны стандарт (MNS5420-12:2011)-д зааснаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын барилга, эдэлбэр газрын талбайг байнгын хөдөлгөөнтэй замаас 50 метрээс доошгүй, орчны барилга байгууламж, орон сууц, гудамжны замаас 25 метрээс доошгүй метрийн зайд байрлуулахаар төлөвлөнө гэжээ.
Гэтэл дэргэдээ цэцэрлэгтэй болно гээд байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам байнгын хөдөлгөөнтэй замтайгаа ойрхон. Гадаад харилцааны яам бол яг төв замынхаа дэргэд. Үүнийг тооцвол анхнаасаа нэг зүйл байгуулахдаа нэг стандартаа зөрчиж байна гэсэн үг юм.
Түүнчлэн цэцэрлэгийн орчны эдэлбэр газрын нийт хэмжээ нэг хүүхдэд 30 м.кв-аас багагүй байна. Тухайн орон нутгийн байршил, нутаг дэвсгэрээс шалтгаалан эдэлбэр газрын хэмжээг багасгах тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, 30 хувиас илүүгүй багасгана гэжээ. Дотроо өөрсдийн гэсэн үйл ажиллагаа явуулж буй байгууллага нэг хүүхдэд бодож ийм их талбай гаргах нь юу л бол. Нэг яаманд 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулна гэвэл 2100-2400 м.кв эдэлбэр газар гаргаж өгөх болох нь.
Гэх мэтчилэн стандарт зөрчиж цэцэрлэг байгуулах нь тодорхой болж байгаа юм.
Үүнээс гадна аливаа төрийн байгууллага, яамд салбар салбарынхаа л ажлыг гүйцэтгэх ёстой. Гэтэл цэцэрлэг байгуулна, цэцэрлэгийн багш шалгаруулж авах, хүүхдийн хоол хүнс, сургалтын орчин зэрэг өөр асуудалд анхаарлаа хандуулахаар ажил цалгардах хандлага гарах магадлалтай. Энэ асуудлыг Боловсролын тухай хуулиараа боловсролын байгууллага л шийдэх ёстой болохоос Уул уурхай, Гадаад харилцааны яамд шийдэх боломжгүй юм.

Орон сууцны хороололдоо барьдаггүй цэцэрлэгүүдийг оффист барих болж байна уу

Социализмын үед боссон хорооллууд сургууль, цэцэрлэгүүдийн хувьд харьцангуй эмх замбараатай, дүрэм стандарттай байжээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ асуудал алдагдсан гэхэд болно. Өдгөө орон сууцны хорооллууд энд тэндгүй сүндэрлэж байгаа ч түүний дэргэд стандартын цэцэрлэг байгуулж буй барилгын компаниуд хуруу дарам цөөн.
Гэтэл Засгийн газраас саяхан орон сууцны барилга барьж буй компаниуддаа шаардлага тавихын оронд 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ гэсэн шийдвэр гаргалаа. Орон сууцны дэргэд цэцэрлэг байгуулна гэдэг нэг өөр. Харин оффисын барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулна гэдэг өнөөх л сургалтын орчны стандартаа зөрчиж буй хэрэг юм. Хүүхдийн цэцэрлэг тоглох гадаад орчинтой байх, замаас хол байх шаардлага хангасан байх ёстой. Гэтэл нийслэлд баригдаж буй ихэнх оффисын барилга хүүхэд тоглох битгий хэл автомашины хангалттай зогсоолгүй. Тиймээс тоглоомын талбайтай ногоон орчин гээд мөрөөдөөд ч нэмэргүй биз. Оффисын зориулалттай барилгууд цэцэрлэгтэй боллоо гэхэд хүүхэд цэвэр агаарт чөлөөтэй тоглох эрх нь яалт ч үгүй хасагдаж таарах юм.
Үүний оронд шинээр орон сууц барьж буй компаниудад хүүхдийн цэцэрлэг заавал байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргах нь зөв биш гэж үү. Хүн амын төвлөрлөө дагаж цэцэрлэг барина уу гэхээс төрийн байгууллага бараадаж цэцэрлэг барих нь яавч зөв жишиг биш.


Сугалаагаар шударга ёсыг тогтоодоггүй

Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг улсын наадамд тав давахаас ч хүнд даваа болжээ. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд наймдугаар сарын сүүлчээр цэцэрлэгийн үүдийг сахин хонон өнжин дугаарлаж, адтай, сүйхээтэй нэг нь хүүхдээ оруулдаг байсан бол энэ жил ихэнх цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдүүдээ бүртгэчихээд сугалаа сугалж, тодорхой тооны хүүхдийг авах гэнэ. Энэ нь нэг талаар хонон өнжин дугаарлахгүй давуу талтай ч сугалаагаар шударга ёсыг тогтоодоггүй гэдгийг санах хэрэгтэй. Зайлшгүй авах ёстой бага боловсрол эзэмшүүлэхийн тулд хүүхдүүдийнхээ аз эзийг үзээд сууж буйд иргэд төр засагтаа л гомдоцгоож байна.
Уг нь үүнийг шийдвэрлэх гарц бий. Хүүхдээ сургах, нийгэмшүүлэх зорилготой эцэг эхчүүдээс цэцэрлэгийн хоолны мөнгийг нь авдаг болж төсвийн ачааллыг бага ч болов хөнгөлөх нь зүйтэй. Энэ мөнгөөрөө улсын цэцэрлэг барьж байгуулж болно гэж иргэд үздэг.
Үүнээс гадна хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дэмжиж, стандартын дагуу барих газрын асуудлыг нь шийдвэрлэх, хөнгөлөлттэй зээл олгох, төрөөс зарим зардалд нь хөнгөлөлт үзүүлж, төлбөрийг багасгах замаар цэцэрлэгийн хүрэлцээг шийдвэрлэж болно гэж зарим судлаачид үздэг. Ийм зохицуулалт хийсэн тохиолдолд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ асуудал биш болох биз ээ.