А.Гансүх сайд аа, салбар чинь цусаар “будагдчихлаа”
2013/02/27
Би хүн. Учир нь надад зүрх сэтгэл гэж бий. Хагацал үзээд хацар дагуулж хорсох нулимс бас байна. Зүрхэн тушаа хатгуулж, агаар байсан ч амьсгалж чадамгүй уй гашууг ч мэдэрч байна.
Цээжээ даран цурхиран уйлсан ч хэзээ ч тайлагдамгүй гомдол бас байна. Хүнийг хүнээс салгах ямар их уйтай… Хүсэл болсон ажлын чинь нэг хэсэг цусаар урсах юутай эмгэнэлтэй вэ… Сайд аа, салбар чинь цусаар “бялхаж”, халуун амиар хүйтэн цардмалыг “хучиж” байна. Тиймээс өдөр алгасалгүй гарах зам тээврийн осол, үхэл, хагацлыг хэмжих зүрх зориг хэнд ч алга. Буруугүй нь хохирч, буруутай нь яллагдах хэдий ч хуулийн заалт хүний амийг дэнсэлж чадах билүү.
Тиймээс Зам, тээврийн сайд танд салбарын чинь эмгэнэлийг сануулая. Гэхдээ та их хотыг хэрсэн хэдэн мянган автомашинд бус алтан амь тээж явдаг авто тээврийн үйлчилгээнд санаагаа чилээгээч. Энэ сарын 26-ны өдөр хэний ч санаанд оромгүй аймшигт осол болсон. Тодруулбал, дөрөвхөн настай охин том оврын автобусны дугуйны нөхөөс болж яс нь бутарч, цус нь гол шиг урслаа. Харамсалтай нь үүнийг зам тээврийн осол гэх. Буруутнаар нь жолооч тогтоогдож ихэнх насаа шоронд өнгөрөөх байх. Гэтэл үйлчилгээнийхээ чанар стандартад хумсын чинээ чилдэггүй дарга нар хариуцлагаас мултарч үлдэнэ. Тэд ёроолгүй хүүдийндээ мөнгө даллаж, ёс суртахуунаа умартжээ сайд аа. Тиймээс хариуцлагыг хамтаараа үүрч суръя. Та ч үүнд оролцох учиртай.
ТЭЭВЭРЧДИЙН НАСЫГ НЭМЬЕ
Өнгөрсөн онд нийтийн тээвэртэй холбоотой 400 гаруй осол бүртгэгдсэнээс 389 нь том оврын автобусны жолоочийн буруугаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Уг ослын улмаас 100 гаруй хүн тодорхой хэмжээгээр бэртэж гэмтсэн байдаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож байсан 300 орчим автомашинтай мөргөлдөж, шүргэлцжээ. Дээрх тоо баримтууд урагшилж, уралдаж байвал улаан, ногоон, хамаагүй давхилддаг ёс суртахууны доройтлоос үүдэлтэй. Овор хэмжээ ихтэй хэмээн омогшиж, баруун солгойгүй дарах нь орчин цагийн ослын нэгээхэн шалгаан болсон. Тиймээс овор хэмжээ ихтэй автобусыг “овортой” жолоочоор бариулвал ямар вэ. Өөрөөр хэлбэл, жолооны курсүүдэд тавих хяналтыг чангатгаж, том оврын автобус жолоодох эрхийн болзол дээр насны хязгаар тогтооё. Эс бөгөөс ар өврийн хаалга өндөлзүүлж “Б”-гээ “Д” болгосон “Шумахерууд” бидний амь насыг үрэн таран хийхэд бэлдэж хаазаа дэвсч байна. “Таныг бол бурхан татаад авчихна. Намайг бол загас хоб” гэдэг шиг та олон жилийн туршлагатай жолоочоор улсын машинаа бариулж аюул ослоос сэргийлж чадна. Харин бид хэзээ, хаана төгссөн нь үл мэдэгдэх “салиа нь арилаагүй шинэкоов”-уудад амь насаа базуулчихаад байна. Үүнийг шил даран гарах ослууд гэрчлэх биз. Нийтийн тээврийнхэн гэхээр л нисэхээс наахнуур давхиж болдог хэрэг үү. Замын хөдөлгөөний дүрмэнд хот дотор хэдэн км цагийн хурдтай явахыг чинь заагаад өгчихсөн байгаа. Хүн тээвэрлэсэн автобуснууд цагтай уралдах нэрийдлээр хүний амиар наадаж явна. Гэтэл салбар хариуцсан сайд нь “Цалин хөлсийг нь нэмнэ. Хүнд нөхцөлд ажиллаж байна” гэхчлэн хөөрөгдүүлж толгойг нь илбэж “тостой” жолооч нараар улсын өмчийг уланд нь дэвсүүлсээр байх уу. Автобус хэдийгээр амьгүй техник ч араагаа солиод давхихаа аюул дагуулж мэдэх төмөр. Тэгэхээр техниктэй харьцаж буй жолоочийн тэнэг үйлдлээс болоод явган зорчигчид хохирч хорвоогоос хальсаар. Харамсалтай юм. Хаана хэний дугуйны нөхөөс болчихвол гэсэн айдаст автсан иргэд замаар гарахдаа ч залбирдаг болж.
Авто тээвэр гэдэг аюулгүй орчинг бүрдүүлэх учиртай. Гэтэл өглөө гэрээсээ гараад явсан үрсийг минь өөдгүй муу жолооч нар нөгөө ертөнц рүү илгээж байна. Амьд явах “баталгаагүй” болсон ард түмэн чинь Н.Алтанхуяг сайдаас болон салбар хариуцсан сайд А.Гансүхээс аврал эрэн гуйя.
Б.ШИРНЭН