Сургалтын төлбөрийг юунд зарцуулаад байна вэ
2013/02/27
Хичээл эхлээд хэдхэн хонож байхад сургалтын төлбөр нэхэгдээд хэцүү байдалд оруулав. Эцэг эхээсээ нэхэн байж төлбөрөө тушаачихаад, энэ проблемоос салаад байж байтал хичээл ордог багш нар ном бичээд түүнийгээ шахаж дарамтална.
Хэрвээ ном авахгүй бол заадаг хичээл дээр нь унана л гэсэн үг. Багш нарын гаргасан номыг худалдаад авчихвал тухайн хичээлд унана гэж айхгүй болно.
Их дээд сургуулийн багш нар гаргасан номоо яаж борлуулна даа гэж санаа зовох юм байхгүй. Худалдан авагчид ихтэй. Худалдан авагчид ч гэж дээ номоо шахах оюутнуудтай. Өндөр үнэтэй ном худалдаж авна. Мөн сургалтын чанар ахихгүй байж төлбөр жилээс жилд л нэмэгдсээр...
Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 94 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудын нийт 14 сургууль нь төрийн өмчийн, 80 сургууль төрийн бус өмчийн статустай байна. Мөн гадаад орны хөрөнгө оруулалттай, тухайн сургуулийн салбар сургууль тав байна. Их дээд сургуулиудын төлбөр нь нэгээс хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Гэтэл жил бүр авч байгаа энэ их төлбөрийг сургуулиуд чухам юунд зарцуулдаг юм болоо. Хувийн сургуулийнхан бол багш нарын цалин хөлс, сургуулийн засвар гээд зарцуулах зүйл их байдаг байх.
Харин улсын нэртэй их дээд сургуулиуд юунд зарцуулдаг бол гэсэн эргэлзээ яах аргагүй төрнө. Улсын сургуулийн багш нарын цалинг улсаас тогтооно. Бас сургуулийн засварыг ч улсаас төсөв гаргаж хийдэг. Тэгэхээр сургалтын төлбөр хаагуур эргэлдээд байна вэ? Зарим их дээд сургуулийн төлбөрийг удирдлагууд жилийн эхэнд аваад банкинд байршуулаад хүүг нь иддэг байж ч болох. Энэ нь саяхан илэрсэн хэргээр тодорч байгаа юм. Төрийн өмчит их, дээд сургуулиуд дунд нэр хүнд, салбар сургууль, оюутныхаа тоогоор толгой цохидог ШУТИСургуулийн хуучин удирдлагууд оюутны сургалтын төлбөр болох 60 тэрбум төгрөг, оюутны тэтгэлгийн 70 мянгыг арилжааны банкуудад байршуулан хүүлж, хэдэн зуун сая, тэрбумын ашиг унагадаг байсан хэрэг илэрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэллээ. Гэтэл одоо бүр сургалтын төлбөрөөсөө халиад тэтгэлгийн 70 мянга 200 төгрөг рүү нь дайраад эхэлжээ. Олон сургууль оюутны энэ тэтгэлгийг өөрсдийнхөө дансанд байршуулж, оюутанд өгөхдөө 200 төгрөгийг нь дутуу өгдөг байжээ.
Мэдээж оюутнууд удирдлагуудаасаа үлдэгдэл 200 төгрөгөө асуухгүй нь лавтай. Олон хүний 200 төгрөгийн нийлбэрийг сургуулийн удирдлагууд идэж байжээ. Бас болоогүй ээ. Тэтгэлгийг нь банкинд байршуулж хүүг нь давхар иднэ. Өндөр цалинтай сургуулийн удирдлагууд оюутнаасаа мөнгө угааж байгаадаа ичээгүй л юм байх даа. Хүний шунал гэж барагдахгүй юм даа. Сургуулийн удирдлагуудын энэ мэт үйлдлээс болоод тэтгэлгийн 70 мянга 200 төгрөгийг оюутанд шууд олгодог болжээ. Харин одоо төлбөрийн асуудал үлдэж байна. Сургалтын чанар сайжрахгүй, хичээл ордог ангиуд ч дорвитой засваргүй хэвээрээ л байна. Хичээл сургалтын хэрэглэгдэхүүн, мөн сургалтад ашиглах номыг ч үнэгүй олгодоггүй гээд тоочоод байвал олон. Ингэхэд ер нь сургалтын төлбөрийг юунд зарцуулаад байна?