УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Үүнээс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа. Тухайлбал, Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй. Харин бусад хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа.

Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгажээ.

Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.

Тэгвэл татвар нэмэх асуудлаар гишүүд татварыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Засгийн газар 2016 оны төсвийн тодотгол хийх саналыг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ дотор хэд хэдэн татварыг нэмэх санал оруулж ирсэн. Тухайлбал, 150 м/квадратаас дээш талбай бүхий орон сууцтай иргэдийн татвар тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Хоёрдугаарт, долоон жилээс дээш насжилттай автомашин хилээр оруулж ирэхэд татвар нэмэгдэх гэх мэт санал бий. Энэ бол Засгийн газрын санал. Улсын төсвийг хуулиараа УИХ батлах ёстой. УИХ дээр татвар нэмэх, тэр тусмаа санал болгож байгаа долоон нэр төрлийн татварыг нэмэхэд нийгэмд ямар үр дагавар авчрах вэ гэдэг тооцоо, судалгааг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр харъя гэж бодож байна.

Татвар нэмэхийг зөв шийдэл биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт байхгүй болчихсон. Ард иргэд маань орлогоо алдсан. Ажлын байргүй болж байгаа. Ийм хүнд үед таттар нэмэх нь зөв шийдэл биш. Гэхдээ нөгөө талаас төсвийн алдагдал үндсэндээ 3 их наяд хүрчихсэн байгаа учраас энэ алдагдлыг нөхөх төсвийн зөв эх үүсвэр, боломжууд юу байх вэ гэдгийг хайж бйана.

УИХ-ын гишүүн Г. Занданшатар: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсөв, мөнгө, сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй. Мөнгөний бодлого л гэхэд бодлогын хүүг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийг агшаах, хумих бодлогууд нь хоорондоо уялдах ёстой. Харамсалтай нь уялдаа алга. Татвар дээр заримыг нэмэх нь зөв. Нөгөө талаас бууруулах зүйлүүд ч байна. Бүгдийг нь хавтгайруулж нялзааж болохгүй л дээ. Жишээлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварыг миний хувьд эсэргүүцэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж худалдааны татвар болгох нь зүйтэй.

Нийт ард түмэнд хамаатай үнэ өсгөдөг татвар учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Харин татварын бааз суурийг нэмэгдүүлж, түүгээрээ төсвийн гол орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлж болно.

 

 

Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) нэмэх

Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд ноогдуулна. Ингэхдээ тэдний сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө.

Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. “Кэй Пи Эм Жи” олон улсын аудитын байгууллагаас гаргасан, 2016 оны судалгаагаар хувь хүний орлогод ногдуулдаг татварын хувь Азийн орнуудaд дунджаар 28 хувь, Европын холбоонд 39 хувь, OECD–ийн улсуудын дундаж 42 дэлхийн дундаж 33 хувьтай аж.

Хадгаламжийн орлогод татвар ногдуулах

2018 оноос эхлэн энэ татварыг авах хуулийг 2017 оны нэгдүгээр сар болгон урагшлуулсан.

 

Автомашины онцгой албан татварыг цилиндрийн багтаамж, насжилтаас нь хамааран нэмэх

1500 см куб түүнээс бага бол 750 000 төгрөг

Одоогийн хуулиар 725 000 төгрөгийн татвар авдаг.

1501-2500 см куб, 0-3 жилийн насжилттай 1 520 000 төгрөг

1450 000 байсан.

1501-2500 см куб, 4-6 жилийн насжилттай бол 2 250 000 төгрөг болгох

Одоогоор 2 175 000 төгрөг төлдөг.

2501-3500 см куб бол 3 сая төгрөг

2.9 сая төгрөг

4501 ба түүнээс дээш, 0-3 жилийн насжилттай бол 15 сая төгрөг

Одоогийн хуулиар 10 150 000 төгрөгийн татвар авдаг.

Архи, тамхины онцгой албан татвар

Тус бүр 20 хувиар нэмэх

 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)

Алт олборлогчид Монголбанканд алтаа тушаахад 5 хувийн АМНАТ төлөх

Одоо 2.5 хувь

Хуучин сэлбэгийн гаалийн албан татвар

20 хувьд хүргэх

Одоо 5 хувь байгаа бөгөөд хуучин сэлбэг импортлон, энд машин босгох нь түгээмэл үзэгдэл болсон.

Тансаг орон сууц буюу 150-иас дээш метр кв талбайтай орон сууцны татвар

150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах.