Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дархлаажлуулалтын ээлжит 10 хоног өнөөдрөөс эхэлж байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 363 тоот тушаалаар дархлаажуулалтын арван хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатайгаар орон даяар зохион байгуулах юм.

Уг дархлаажуулалтын аян өнөөдрөөс эхлэн арав хоног эхлэх бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэнэ.

Тус аяныг "Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье" уриан дор явуулах юм байна. Ингэхдээ үндсэн гурван төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгаас тодруулахадДархлаажуулалтын 10 хоног эхлэж  байна. Энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, энэ 10 хоногийн гол зорилго нь ямар нэгэн байдлаар хүүхэд вакцинаас хоцорсон бол тэр хүүхдийг вакцины бүрэн тунд хамруулж, халдварт өвчнөөс сэргийлэх, урт хугацааны өндөр дархлаатай болгох явдал.  Мөн эрсдэлт бүлгийн буюу эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, хүчний зарим байгууллагын ажилтнуудыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Түүнчлэн  Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар 1 сарын зайтай хоёр удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулахаараа онцлог юм. Оюутнуудыг ийнхүү дархлаажуулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт даалгасан байгаа” гэлээ.

Мөн "дархлаажуулалтыг ХӨСҮТ, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар зохион байгуулдаг. Харин хэрэглэгчид буюу хүүхэд, багачуудад дархлаажуулалтыг хийдэг хүн нь өрх, сумын эмнэлгийн эмч сувилагч нар байдаг. Хэрэв хүүхэд чинь 2 хүртэлх насны, 7, 15 настай бол та бүхэн өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакциндаа бүрэн гүйцэт хамрагдсан эсэхийг тодруулснаар вакциндаа хамрагдах ёстой юм. Мөн сайн дурын дархлаа­жуулалтад хамрагдаж болно. Үүнд хамрагдахдаа ХӨСҮТ болон орон нутгийнхаа Эрүүл мэндийн газарт хандана. Гэхдээ сайн дурын дархлаажуулалтыг хийлгэхдээ вакциныхаа мөнгийг төлөх ёстой. Харин заавал хийлгэх вакцин нь хуулийн дагуу хийгддэг тул үнэ төлбөргүй" гэсэн юм.

Х.Даваа