Будилаантай хатагтай
2013/02/27
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг хилийн чанад руу зугтсан гэх мэдээлэл сайтууд дээр тавигджээ. Тэр ч байтугай түүнийг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх Т.Билэгт шиг гадаадад эмчлүүлэх нэрийн дор сураггүй алга болох нь гэж хүртэл хардаж байна.
Л.Амгаланг Баянгол дүүрэгт цэцэрлэг, сургуулийн газар зарсан, төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэж дүүргийнх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд үзээд холбогдох хууль, шүүхийн байгууллагад нь хандах гэж байсан аж. Гэвч Засаг дарга нь гэнэт гадагшаа яваад өгсөн учир түүнийг ийнхүү “Зугтчихлаа” хэмээн хардах болсон байна. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн хувьд энэ суудал дээрээ очсон цагаасаа хойш багагүй хэл ам таталсаар ирсэн билээ. Түүний талаар “Захиалгаар хүн зодуулжээ” гэх мэдээллээс эхлээд их хэмжээний мөнгө завшсан гэж хүртэл буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд бичиж байсан юм. Байнга хэл ам таталдаг гэхэд ч болно. Нөгөөтэйгүүр засгийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан Монгол Ардын намынхныг нэг, нэгээр нь “намнаж” байгаа энэ үед Л.Амгаланг буруутгасан дээрх үндэслэлүүдийг хуулийнхан тоохгүй орхих эсэх нь бас эргэлзээтэй юм. Уг нь түүнийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн огцруулах шийдвэрийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд нь гаргаж, гарын үсэг зураад байж. Гэвч эцсийн шийдвэрийг гаргах хурал нь ямар нэг шалтгаанаар хойшилсоор байсан юм. Ямартай ч энэ удаад тэрбээр дахиад л баахан асуудалд оров бололтой. Яасан ч будилаантай юм бэ дээ.
Т.Элиса