Араатны хаанаас ард түмэн "айж" байна. Хийсэн ажил, гаргасан шийдвэртээ эргэлзэж явдаг гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй байгаадаа сэтгэл нь эмзэглэх болж.

Чуулганы индэр дээрээс ийнхүү мэдэгдэж байсан Н.Алтанхуягт тэр л үеэс сонгогчид нь итгэл алдрахад хүрсэн юм. Тавантолгойн хувьцаанаас эхлээд гурван жилийн хугацаанд алдаатай, оноотой олон шийдвэрүүд түүний гараар орж, "мэндэлдэг" байлаа.

 

Харамсалтай нь, хамтарснаараа олон зүйлийг хийж чадлаа гэж хэлж байсан үгээ ч тэр хоромхон зуур баллуурдчихсан. Ямартаа л хамтарсан Засгийн газрын үр дүнгээр 2011 онд л гэхэд 73234 ажлын шинэ байр бий болж өмнөх оноос 26.8 хувиар өссөн гэхэд итгэхэд хэцүү. Улмаар тэрхүү гурван жилийн хугацаанд нийт 174.6 мянга, жилд дундажаар 58.2 мянган ажпын шинэ байр бий болсон гэж байсан Н.Алтанхуягийн үгэнд ч эргэлзэхэд хүрсэн юм.

 

Цаашлаад иргэн бүрийн халаасанд Тавантолгойн хувьцаа бий юу, үгүй юү гэдэг нь ч асуудал боллоо. Тэгвэл Ерөнхий сайд маань дээрх үгээ дөрвөн жилийн дараа дахин хэлж мэдэх нь. Төрийн тэргүүний үгийг уландаа дэвсэлж, хуулийн дээсийг алхаж байж шинэчлэл хийх гэж зориглож яваа тэрбээр улсаа хүртэл харийнханд "барьцаалчихлаа".

 

Эрсдэлтэй алхам гэдгийг нь хүний өөрийн намынхан төдийгүй эдийн засагчид ч анхааруулсан. Гэтэл зөрүүдлэн байж авсан зээлээ банкинд хийж эргэлдүүлснээс өөр үр дүн гарсангүй. Шат шатандаа төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, шалгаруулж байгаа гэх боловч санхүүжилтээ аваад эхэлсэн ажил алга. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дээд сургуулийн захирлын хэмжээнд л сэтгэж байна.

 

Оюутнуудынхаа төлбөрийг банкинд байршуулж, хүүгээр нь амиа аргацааж суусан хөөрхий захирлаас ялгагдах зүйл байхгүй мэт. Хатуухан хэлэхэд, Н.Алтанхуяг Засгийн газрыг удирдан чиглүүлэх нь битгий хэл намаа ч удирдаж чаддаггүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Олон жилийн турш өлөн ходоодтой явсан    фракцийнхныхаа амыг бялууны хэлтэрхийгээр тагласан ч албан бус дарга нар нь Н.Алтанхуягийг унагахын тулд арга ухаан сүвэгчилсээр буй.

 

Х.Баттулга, З.Энхболд, С.Эрдэнэ гэхчлэн түүнийг цаг ямагт айлгаж, ар хударгаар нь "хутга шаахад" бэлэн нөхдүүд хүрээлсээр байдаг нь ч нууц биш. Ардчилсан намтай аргамжсан "Алтангадас"-ыг нь хэзээ ч тасдаж мэдэх нөхцөл байдал өнөөдөр ч өрнөж байна. Салбарын сайд нар нь хүртэл дор бүрнээ нотой бас ноцтой нөхдүүд.

 

Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш сэтгэл эмтрэм харамсалтай хэргүүд ар, араасаа хөврөв. Гэвч ганц хүний эрх ашгийн төлөө энэ салбарыг толгойлохоор наймаалцсан Н.Удвал дээрх харамсалт хэргүүдийн талаар албан ёсны байр сууриа ч илэрхийлсэнгүй. Гагцхүү Н.Энхбаяр гэх хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийн тулд эмнэлгүүдийг шоронжуулж, Хууль зүйн сайдыг үл тоомсорлов.

 

Барилгын хэдэн компани нь салбарынхаа сайдын битгий хэл Засгийн газрынхаа толгой дээр сандайлчихсан. Татварынхан нь улсын мөнгийг хэдэн арван тэрбумаар нь идэж, их, дээд сургуулийн багш нар нь оюутнуудынхаа "цалин"-гаар хөлжиж байх жишээтэй. Энэ бүх хэргийн талаар нэг ч салбарын сайд үг унагасангүй. Магадгүй энэ бүхэн Н.Алтанхуягийн хэлээд байгаа тэр шинэчлэл байх.

 

Гэвч ард түмэн ийм шинэчлэлийг хүсэхгүй байна. Айлын нялх хүүхэд золбин гөлөг шиг бяцлууллаа. Телевизийн сэтгүүлч залуу хотын гудамжинд бусдын гарт амь насаа алдлаа. Ийм байхад Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох ёстой юм биш үү. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгаа энэ үед албан тушаалдаа шигдэж, амиа хоохойлох нь Л.Гүндалайгийн хэлдгээр ариун явдал уу.

 

Тэр ч бүү хэл, танхимаараа дээрх бүх хэргийн талаар тайлбар хийж, огцрох нь ёстой зүйд нийцэх байлтай. Барилгын салбарынхны аюулгүйн байдлаас болж зургаан настай охин хичээлийнхээ эхний өдөр амиа алдсан бол дараахан нь оюутан залуу ч тус салбарынхны хариуцлагагүйгээс болж цаг бусаар хорвоог орхилоо. Ийм байхад шинэчлэлийн Засгийн газрынхны үг, үйлдлийг сонсч, энэ бүхэн "шинэчлэл" гэх үгээр өөрийгөө аргадаж, өнчин хоцорсон зүрхээ тайтгаруулах гэж үү.

 

Жаахан ч гэсэн хүний мөс Н.Алтанхуяг сайд танд бий бол зөөлөн сэнтийгээсээ бууж, сонгогч олноосоо уучлал гуй. Энэ үйлдэл тань олон түмний төлөө хийх таны хамгийн том буян болно. Эс бөгөөс дөрвөн жилийн дараа "Би өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хийсэн ажилдаа эргэлзэж явдаг" гэж "тэнэгтэхэд" хүргэж мэдэх юм шүү.