Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2016/09/23
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчоо, Өвөр Монголын Өөртөө Засах орны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын Орох гарахыг удирдах газрын төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо албан айлчлал хийж байна.
Албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчоо болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын хууль дүрэм болон талуудын хамтын хүндэтгэл, эрх тэгш харилцан адил байх зарчмыг баримтлан иргэд харилцан зорчих тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд санамж бичиг байгуулав.
Санамж бичигт Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчооны дарга Qu Yun Hai нар гарын үсэг зурсан бөгөөд ёслолын ажиллагаанд холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Цаашид хамтын ажиллагааг сайжруулах үүднээс талуудын иргэдийн хилээр нэвтрэлтийн бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, хууль, удирдлагын бодлогын арга хэмжээ ажлын туршлага, иргэдийн хил нэвтрэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, хууль бус шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбогдох туршлага болон мэдээллийг харилцан солилцож, хилээр нэвтрэх хүрээнд шинэ техник технологийг ашиглан хуурамч баримт бичгийг таньж, илрүүлэх туршлага солилцох, өөрийн улсын шинэ гарсан паспорт, паспортыг орлох бичиг баримтын эх загварын мэдээллийг тогтмол солилцохоор тохиролцсон юм.
Зочин · 2016/09/23
nice