Хотын соёл, хотын соёл гээд л яриад байдаг ... Гэтэл хот тохижуулагчид нь юм уу хот бохирдуулагч нь юм уу гэмээр газрын хэдэн машинууд ийм үйлдлээ гэгээн цагаан өдрөөр л хийгээд явна.

Өчигдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 15-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн ойролцоо байдаг үерийн усны далан руу хогоо асгаад л байна. Бүүр нэг биш нэлээд хэдээрээ нийлэн хогоо асгах юм. Цаг улирал дулааран хаврын улиралд цас хайлахад эсвэл бороо хуртай үед үерийн усыг тус сувгаар явуулдаг. Харин энэ сувгийг жилийн жилд цэвэрлэн хотын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө гардаг билээ.

Нэгний хийсэн ажлаа нөгөө нь энэ мэтээр дараад байвал улс орон яаж хөгжих билээ. Хог хаях цэг байлтай л билээ. Гэтэл хотын төвийн дүүргийн ойролцоо энэ мэтээр хог хаягдалаа асгаж байдаг улс орон тийм ч олон биш болов уу.

Ямартаа ч энэ мэтээр нийгэмд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанууд холбогдох албаныхан нь анхааралдаа авч ажиллаасай ...

С.Отгон