​Цагдаагийн ерөнхий газ­рын Тусгай хэлтсийн дар­га нар өнгөрсөн долоо хоногт нэг ажилтнаа зодож гэм­тээсэн хэрэг гарсан юм. Энэ талаар хуулийнхан ихээхэн нууцалж байгаа ажээ.

Дарга нартаа зодуулсан цагдааг н.Отгонмөнх гэдэг юм байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хоёр хоногийн өмнө тус эмнэлэгээс өөр эмнэлэгт шилжсэн бай­на. Энэ талаар тус тасагт эмчлүүлж буй н.Даваадоржоос тодрууллаа. Түүнтэй хамт тус тасгийн дөрөвдүгээр өрөөнд н.Отгонмөнх хэв­тэн эмчлүүлж байжээ. н.Да­ваа­дорж, “Цагдаагийн тусгай тасагт  ажилладаг н.Отгонмөнх гэдэг залуу манай өрөөнд өн­гөр­сөн долоо хоногийн лхагва гарагт ирж хэвтсэн. Дарга нар нь түүнийг нийлж бай­гаад зодсон гэж байсан. Тархин­даа хүнд гэмтэл авсан байх. Биеийн байдал нь хүнд бай­сан” гэдэг мэдээллийг өглөө. Мөн хохирогч н.Отгонмөнхтэй нэг өрөөнд эмчлүүлж байсан эмэгтэйн хэлснээр “Гэмтлээсээ  болж шөнөжингөө өвдөж хоносон. Хэрцгийгээр зодуулсан байх шиг байна лээ. Тэр залууг дарга, дэд дарга нар нь толгойруу нь орны төмрөөр цохисон гэсэн. н.Отгонмөнх “Эгч минь дарга нартаа зодуулчихлаа. Танил тал ихтэй хүмүүс цаагуураа хөөцөлдөөд, асуудлыг дараад өнгөрөөх биз. Хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх санаа байна” гэж байсан” гэдэг мэдээллийг өгсөн юм. Хохирогчийг эмчилж байсан эмчээс биеийн байдал, гэмтлийнх нь талаар тодруулах гэсэн ч “Ажлын цаг дууссан тул мэдээлэл өгөхгүй” хэмээн халгаахгүй байсан юм.

н.Отгонмөнхийг ГССҮТ-д эмчлүүлж байх үед цагдаагийн ажилтнууд хоёр удаа ирж мэдүүлэг авчээ. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар тус албанаас тодруулахад “Манай алба энэ хэргийг шалгаж байгаа нь үнэн. Хэргийг мөрдөн байцаах ажил эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбарыг хийлээ. Харин ЦЕГ-аас ийм хэрэг болоогүй хэмээн нууцаллаа. “Тусгай хэлтсийнхэн бэлтгэл сургуулилтаа хийх үедээ нэгнийгээ гэмтээсэн байх. Тэд онц ноцтой гэмт хэрэг гарахад  хэрэг дээр ажиллах, хорих ангиас хүмүүжигч оргох зэрэг  тусгайлсан ажиллагаанд оролцдог. Энэ утгаараа бэлтгэл сургуулилт дээрээ хүнд, гэмтэл бэртэл авах тохиолдол байдаг. Хоорондоо муудалцаж, зодолдсон зүйл байхгүй” хэмээсэн юм. Цагдаагийнхан ийм мэдээллийг өгч буй ч  энэ тохиолдол бол ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд хоорондоо зүгээр нэг зодолдож, маргасан хэрэг бус дарга нар нь ажилтнаа дарамталж хүндээр гэмтээсэн гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Тус хэлтсийн дарга нар хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэдэг мэдээллийг ч эх сурвалж өглөө.

 

Т.Амартүвшин