Хөөрүү зантай "хөвгүүд" хүний амиар наадсаар байх уу
2013/02/28
1921 онд Монгол Улсад хоёр ширхэг автомашин байв. Харин тэд цэлгэр уудам талд биесээ олж мөргөлдсөнөөр анхны автомашины осол бүртгэгджээ.
Харин өдгөө XXI зуун. Хоёрхон ширхэг байхдаа олны гайхшралыг төрүүлж байсан өнөөх машин үржүүлэхийн хүрдээр өсч 340 мянга даваад байна. Уг тоо автомашины ослыг араасаа “чирч” өдөрт дунджаар 100 гаруй осол бүртгэгддэг болов. Үүнийг дагаад эрүүл мэнд, эд материалын хохирол ч үлэмж нэмэгдэнэ. Үүний үндсэн суурийн нэг хэсгийг замаас хальсан автомашины тоо эзлэнэ. Хил гаалиар нэвтрэх автомашины тоонд хяналтгүй хандаж хүн ам, зам талбайн бодлогоо хайхраагүйн улмаас өнөөдөр бид элдэв янзын хязгаарлалтад өртөөд байна.
Манайх шиг олон нийтийн үйлчилгээнд автобуснаас өөр тээврийн хэрэгсэлгүй улсын хувьд энэ салбарт бодлогоо чиглүүлэх учиртай. Гэсэн ч бидний оршин байгаа одоогийн нөхцөл, цаг агаарын байдалтай үл нийцэх автобус хотоор нэг холхиж байна. Ажилчдын хөлс мөнгө нь хүрэлцэхгүй, хангамж муутай гэдэг ч өглөө оройдоо хаалганаасаа хальсан их хүн энэ салбарыг санхүүжүүлж байдаг. Тиймээс хөрөнгө нь хаашаа урсдаг үл мэдэгдэх автобуснуудад хяналтын “вакцин” шахмаар байна.
Нөгөөтэйгүүр овор хэмжээ томтой тэдний осол үйлдсэн тоо хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн онд том оврын автобус 130 гаруй осол гаргаж, 56 хүнийг хохироож, дөрвөн хүнийг хөнөөсөн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Автобус-3” компанийн жолооч дөрвөн настай хүүхдийг замтай “тэгшилсэн” аймшигт хэрэг гарсан. Энэ мэт автозам дээр үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг том оврынхон “тодотгож” байна. Тэдэнд удаа дараа гарч буй хэргүүдээс цочрол авч зүгээр нэг жолооч бус амь нас тээвэрлэж яваа гэдгээ ухамсарлах чадвар алга.
Мөн өчигдөрхөн зохион байгуулагдсан Замын цагдаагийн газрын шалгалтад нийтийн тээврийн газар навс уналаа. Тэднийг үйлчилгээнд гарахаас өмнө шалгасан бөгөөд энэ үеэр жолооч нар тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчилтэй, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, гэрэлтүүлэх хэрэгсэлүүд гэмтэлтэй зэрэг зөрчил илэрчээ. Эмэгнэлтэй нь тэдний дунд жолоо барих эрхээ хасуулсан ч үйлчилгээнд автобус жолоодон гарч байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн үйлчилгээнд гарах гэж байсан зэрэг аймшигтай зөрчил илрэв. Түүнчлэн ангилал ахиулах шалгалтад орж байгаа нэрийдлээр ангилалгүй жолооддог, ангилал ахиулах курст сууж байгаа атлаа нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож үйлчилгээний явцад дадлага хийдэг зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Тодруулбал, Эрдэм транс ХХК-ийн “Daewoo bus-105” маркийн дугаартай автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлчилгээнд гарах гэж байжээ. Түүнийг “драгер” үлээлгэхэд 0.69 хувийн согтолттой гарсан байна. Мөн “Мон-Кара” компанийн жолооч нар өглөө ажилд гарах жолооч нарт хяналт тавьдаггүй байна. Энэ нь тус компанийн 2331 УБП улсын дугаартай “Hyundai” маркийн автобусны жолооч Ц.Охиноо тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байснаас харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй, тухайн жолооч “Автобус-3” компанид ажилладаг бөгөөд ээлжийн амралтаар “Мон-Кара” ХХК-нд ажиллаж байжээ. Энэ мэт зөрчил удаа дараа гарч байгаа ч “мөнгөний төлөө нүдээ ухасаас буцахгүй” дарга нар ямар ч хариуцлага үүрэхгүй байна.
Ядахдаа тэд үйлчилгээнд гарах жолооч нарын бичиг баримттай эсэхийг мэдэхгүй суух жишээтэй. Удирдлагын ухамсар нь мөнгөнөөс өөр “гүйдэлгүй” болж эд хөрөнгөнд эзэмдүүлжээ. Өдгөө автобусны үнийг нэмэх тал дээр эвсэж, иргэдийн нурууг хүндрүүлэх тал дээр тактик боловсруулж суугаа тэдэнд хариуцлага үнэхээр дутагдаж байна. 2008 оноос эхлэн нийтийн тээврийн салбарыг том оврынхон дангаар эзэмших бодлого эхэлсэн байдаг. Тодруулбал, Солонгос, Японоос оруулж ирсэн чанаргүй автобуснуудаар далимдуулж иргэдийн эрэлтэд нийцэнэ хэмээн микро автобусыг шахаж эхэлсэн. Хүсэл нь тааллаар болж халаас нь улам түнтийж, хүний амиар тоглогсод нь ихэслээ. Тиймээс эл салбарыг шинэчлэлтийг даруй эхлүүлж, хөөрүү зантай хөвгүүдийг энэ салбараас хөөвөл ямар вэ.
Б.Ширнэн